Монгол хүний гэм биш зан болсон зүйл бий. Энэ нь аливаа зүйлийг эртнээс төлөвлөхгүйгээр цагийг нь тулгадаг асуудал. Яараад яах вэ!!! гээд байхад л ажил хэцүүдлээ гэх. Жолооны ард суусан л бол таны болоод бусдын "алтан амь" гарт тань байдаг.

Өвчин шаналалд өртөхөөрөө үхэх цаг болоогүй байна гэлцдэг мөртлөө ХУРД хэтрүүлэн давхихдаа айдаггүй монголчууд. Зам тээврийн ослоор жилд 60 биш 600 хүн амь насаа алдаж байна.

Өчигдөр 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр  хороо Айдсын даваа, Айдсын давааны урд замд BeiBen маркийн автомашины жолооч Ц нь Тoyota Vitiz маркийн М болон Mitsubishi Fuso маркийн Э жолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч 30 настай, эрэгтэй М нас баржээ. Мөн зорчигч 27 настай эмэгтэй Х,  6 настай эрэгтэй Ө нар гэмтсэн ноцтой зам тээврийн осол гарав. 

Аялал зугаалгын ид оргил үе ирсэн энэ цагт хурдаа тохируулан, шөнийн гэрлээ шилжүүлж зам тээврийн хөдөлгөөнд оролцохыг жолооч нараасаа хүсэх байна. Учир нь таны дүрмээ биелүүлээгүй яарч хурдалснаас үүдэн олон хүн амиа алдлаа. Тухайлбал, 2019.07.01-05-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1096 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 756 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 31 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд  2, орон нутагт 2 хүн нийтдээ дөрвөн хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. 

Энх цагт дөрвөн дугуйтыг танк гэж андуурдаг бол та эндүүрч. Жилд автомашины ослын улмаас 50 гаруй хүүхэд нас бардаг статистик мэдээлэл байна. Энэ тоо нь зөвхөн хүүхэд өртсөн байдлыг харуулж буй. Ихэнх тохиолдолд хүүхэд тархины гэмтэл авдаг ажээ. Энэ тохиолдолд дөрвөөс таван удаа мэс засалд ч ордог байна. Зарим тохиолдолд мэс засалд орсон ч тархи нь хүнд гэмтэл авсан учраас гар, хөл нь саатай болох, хөгжлийн бэрхшээлтэй болсоор харамсаад баршгүй гарз монгол оронд нүүрлээд байгааг ЖОЛООЧ та ойлгох цаг нь хэдийнээ ирсэн. 

Өнгөрсөн долоо хоногт хүүхэд өртсөн осол 9 бүртгэгдэж 10 хүүхэд ямар нэгэн байдлаар гэмтэж бэртжээ. 4 нь явган зорчигч хэлбэрээр,  2 унадаг дугуйтай зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна. Явганаас хөдөлгөөнд оролцож байсан хүүхдүүдийн 1 нь гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч явсан бол 3 нь гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртжээ.

Аялал зугаалгаар явахдаа тогтоосон хурдыг хэтрүүлэхгүй, гэрлээ шилжүүлж, бүсээ бүслэн аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцож нэг ч болтугай Монгол хүний АМЬ насыг бүү үрэгдүүлээрэй.

Дорноговь, Говьсүмбэр аймгийн чиглэлийн замд өнгөрсөн жил зам тээврийн ослын улмаас 100 гаруй хүн амь насаа алдсан байна. Хөдөө орон нутгаас ирж буй жолооч нар замдаа ядардаг, нойр хоолгүй давхидаг тул  анхаарал сул, осол гаргах нь цөөнгүй гэнэ.  Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг чиглэлийн зам нь олон даваа  гүвээ огцом эргэлттэй учраас жолооч нарын анхаарал харьцангуй гаагүй ч өнгөрсөн жил 100-150 хүн энэ замд амь насаа алджээ. Нийт осол аваарын 77.8 хувь нь жолоочоос шалтгаалдаг. Орон нутгийн замд гарч байгаа ослын ихэнх нь хурд хэтрүүлдэг болохоор 21 аймагт  хурд хэмжигч тавьсан байна.

Гаднын туршлагаас харахад, Англид 2020 он хүртэл явган зоригчийн аюулгүй байдлыг хангахын тулд жолоочийн аюулгүй байдлын систем, ухаалаг хурд хянагч технологи гарц хянагч SCOOT технологийг нэвтрүүлсэн. Ази, Европ, АНУ-д зам тээврийн ослын аюулгүй байдал, осол гарч буй шалтгааныг бүрэн тодорхойлж, зорилтот бүлгийг буюу бага насны хүүхдийг аюулгүй зорчиход нь илүү анхаарч эхэлсэн байна. 

 

Хурдыг үхэл отож байдаг

 

 

Холбоотой мэдээ:

Зарлаагүй дайнаа зогсооё

Зам тээврийн “дайн” -тай яаж тэмцэх вэ?

Монголын "дайн" хэзээ дуусах вэ

Хүүхдийн эрхийн өдөр: Хүсээгүй дайнаас үрсээ хамгаалъя

Аминаас үнэтэй "хурд": Жилд 600 хүн амиа алдаж байна