Хүн төрөлхтний түүхэнд тод мөрөө үлдээгээд буцсан сод хүмүүсийн нэг Стивен Хоукин одоогоос хоёр жилийн өмнө хиймэл оюун ухааны аюулыг хүн төрөлхтөнд сануулж байв.

Британийн нэрт эрдэмтэн Хятадын нийслэлд товлогдсон Хөдөлгөөнт интернэтийн дэлхийн бага хурлын хүрээнд болсон видео хурлын үеэр “Хиймэл оюун ухаан ирээдүйд хүн төрөлхтний соёл иргэншлийг сөнөөн устгах шалтгаан болж магадгүй. Хиймэл оюун ухааны хөгжил хүн төрөлхтөнд эерэг зүйлүүдийг авчрах ч бас хамгийн аймшигтай хүчин зүйл болж болзошгүй. Хиймэл оюун ухааны учруулж болох аюулыг бид ухаарч ойлгох ёстой. Нэн шинэ технологиуд хүнийг эцэстээ чадавхын доройтолд оруулж, байгалийн үзэгдлийн өөдөөс сөрөн зогсох чадваргүй арчаагүй нэгэн болгох аюултай. Байгалийн хувьсал, амьд үлдэхийн төлөө тэмцэл явагдаж буй нөхцөлд энэ нь найдвартай үхэл мөхөл гэсэн үг” хэмээн мэдэгдсэн юм. Түүний болгоомжлолыг эерэгээр эргүүлсэн үйл явдал өнгөрсөн долоо хоногийн гол сонин боллоо. Хиймэл оюун ухааны хэт хөгжил, өндөр хамаарлаас болж хүн төрөлхтөн хүчгүйдэх ёсгүй, харин ч хиймэл оюун ухааны гайхамшгийг ашиглаж илүү хүчирхэгжих ёстой гэж ярьсаар ирсэн тэрбумтан Элон Маск өнгөрсөн мягмар гаригт ээлжит сюрпризээ задаллаа.

Марс руу хүн төрөлхтнийг аялуулна, цахилгаан машиныг дэлхийн хэрэглээ болгоно, дэлхийг сансраас wi fi-жуулна гэсэн том амбицтай тэрбумтны дараагийн том санаа нь хүний тархийг компьютертой холбох. Тодруулж хэлбэл, хүний тархийг компьютертэй холбох интерфэйсийн туршилтын загварыг Элон Маскийн үүсгэн байгуулсан Neuralink стартап компанийн төслийн хүрээнд бүтээгээд байна.

Хүний тархийг компьютертой холбох тэрбумтны цаад зорилго нь мөн л эерэг, олны талархал хүлээхээр агуулгатай гэдгийг дахин тодотгоё. Элон Маск хүн төрөлхтөн компьютерийн боол болох ёсгүй, ийм эрсдэлд хүрэхгүйн тулд тархийг компьютертой холбох хэрэгтэй юм гээд харчихаж. “Бидний эцсийн зорилго бол тархи-машиныг бүрэн холбодог интерфэйс бүтээх” гэж ярьж суугаа Маск энэ төслөө хоёр жилийн өмнөөс эхлүүлжээ. Одоогоор харх, сармагчин гэх мэт 19 амьтан дээр туршаад байгаа аж. Удахгүй, ирэх жилээс хүн дээр туршихаар төлөвлөжээ. Хүн дээр туршихын тухайд анагаах ухаан, хүний эрүүл мэндтэй шууд холбогдож байгаа учраас зөвшөөрөл авахад багагүй хугацаа зарцуулагдаж мэднэ гэж төслийн багийнхан онцолсон юм.

Ямартай ч Элон Маскийн “Би хиймэл оюуны аюулын талаар олон жил ярьж яваа. Хамгийн өөдрөгөөр төсөөлсөн ч бид машинаас хоцрох нь тодорхой болчихоод байна. Харин тархи-машины өргөн зурвасын интерфэйстэй болчихвол бид хиймэл оюунтай өөрсдийгөө холбож, хүчирхэгжиж чадна. Үүнээс чухал юм гэж үгүй” гэсэн үгийг хүн төрөлхтөн алга ташин хүлээж аваад байна.

Туршилтын интерфэйс нь үс шиг нарийхан зүүнүүд буюу электродуудаас бүрдэх гэнэ. Өндөр нарийвчлалтай робот энэ нарийхан зүүнүүдийг хүний тархинд аюул багатай аргаар суулгах юм байна. Иймэрхүү мянга мянган электродыг тархинд суулгаснаар их хэмжээний мэдээлэл солилцох боломж бүрдэх нь. Суулгасан интерфэйсийн хувьд чихэвчтэй утасгүй холбоогоор холбогдоно гэж төслийнхөн тайлбарлалаа. Бүр цаашлуулж тайлбарлавал тэдгээр нь ухаалаг гар утастай ч холбогдох аж. Онцолж дуулгах дараагийн сонин гэвэл Neuralink компанийнхан гар утсыг бодлоороо удирдах зорилго тавиад ажиллаж эхэлжээ.

Элон Маскийн энэ санаа ажил болбол анагаах ухаанд ч ахиц гарна гэж учир мэдэх улс онцолж байна. Дахин тодотгоход тархийг компьютертой холбох ажлаа тэд хүний танин мэдэхүйн чадамжийг сайжруулах ёстой “мэдрэлийн сүлжээ” нэртэй өчүүхэн чипний тусламжтайгаар хийхээр болоод байгаа юм. Хүн төрөлхтөнд дараагийн гайхамшгийг авчрах тэр жижигхэн чип тархин дахь сэргээн санах явцад нөлөөлөх замаар цус харвах, хорт хавдар зэрэг өвчинг аюулгүй болгож ч мэдэх нь. Өнөөхөндөө эдгээх аргыг нь нээгээгүй байгаа зөнөгрөлд ч эерэг нөлөө үзүүлж магадгүй аж. Бүрэн саажилтанд орсон хүний тархинд тархины эд эсийг сэргээх уг чипийг суулгавал тухайн хүний бодол санааг унших боломж нээгдэх бололтой. Хар үгээр тайлбарлавал юу хэрэгцээтэйг нь мэдэж, юу хүсч байгааг нь ойлгох гэнэ. Элон Маскийн чипний хувьд саажилттай өвчтөнүүдэд одоо хэрэглэж буй төхөөрөмжүүдээс 1000 дахин илүү хүчин чадал, үйлчилгээтэй аж.

Хүний тархийг компьютертой холбох туршилт энэ янзаараа амжилттай үргэлжилбэл хоёр жилийн дараагаас Элон Маскийн санаачилсан төслийн үр шимийг хүн төрөлхтөн хүртэж эхлэх юм байна.

"Tesla", "Space X" компанийг үүсгэн байгуулсан Элон Маскийн хүн төрөлхтөнд барих сюрприз ингээд дуусахгүй. Тэрбумтан эр нэг удаа гариг хоорондын санхүүгийн ажиллагааг хариуцахад бэлэн гэж мэдэгдэж олныг алмайруулж байсан юм. Олон улсын сансрын станцад ажиллаж буй сансрын нисэгчид дэлхий рүү ямар нэг электрон ном, хөгжмийн төлбөр тооцоо хийх хэрэгцээ гарлаа гэхэд өнөөгийн нөхцөлд шийдэх боломжгүй. Цаашдаа хүн төрөлхтөн ангарагт суурьшвал Элон Маскийн "PayPal Ga­lactic" Дэлхий, Ангарагийн хооронд интернэт холбоно. Өнөөхөндөө хол сонсогдож байгаа ч Элон зүгээр ч нэг ам алддаггүйг дэлхийн өчнөөн улсад хэрэглээ болчихсон цахилгаан машин нь гэрчилнэ. Цахилгаан машин мэдээж түүний хувьд хамгийн энгийн санаа нь. Дэлхийн залуу тэрбумтны дараагийн том санаа нь Hyperloop вакум галт тэрэг. Дуунаас хурдан онгоц ч энэ галт тэрэгний хажууд юу ч биш, Лос Анжелосоос Сан Франциско хүртэлх хагас мянган км замыг 30 минутад туулна гэж Элон Маск онцолсон удаатай. Түүний хүн төрөлхтөнд амлаж буй сансраас wi fi цацах төлөвлөгөө ажил болбол дэлхийг бүхэлд нь өөрчилнө. Цэнхэр гаригийн бүх хүнийг интернэт хэрэглэгч болгох түүний хувьд асуудал биш. Дэлхийг хамарсан интернэт сүлжээ бий болгоё гэвэл 4000 хиймэл дагуул хөөргөхөд л болчихно гэж тэрбумтан эр тайлбарлаж буй. Энэ төслийн нийт өртөг 10 тэрбум ам.доллар гэсэн тоо дуулдаж байгаа. Төслийн нийт зардлын арван хувийг гаргах компани аль хэдийнэ тодорчихсон. Дэлхийг интернэтжүүлэх ажилд хөрөнгө оруулах компани нь “Гүүгл”. Гэх мэтээр тоочвол Элон Маскийн хүн төрөлхтөнд барих сюрприз цөөн хэдээр тоологдохгүй. Цаашид ч гайхамшиг үргэлжилсээр байна гэдэгт эргэлзэх зүйл алга.