Дэлхийн ямар ч улс оронд өглөө эрт боссоноор нь улс төрчдийг дүгнэдэггүй. Эсвэл тэтгэвэрт гарсан бөхөөр төр бариулдаггүй.
Гэхдээ тэдний төрийн үйл хэрэгт зүтгэх, оролцох эрхийг нь хорьдоггүй. Харин хариуцлага бол хаана ч тооцдог, манай Монголоос бусад газар. Албан ёсны ажлаа хийхгүй, гэхдээ албан бус твиттердэх, фээсбүүкдэх ажлаа бол хийгээд байдаг. Твиттерт дагасан хүмүүсээ сонгогчид гэж бодоод байдаг. Фээсбүүк ээр авсан лайкаа өөрийг нь дэмжсэн санал гэж бодоод байдаг. Төмөр зам бариадах гэсэн болохоос Майдар бурханы хөшөө бариадах гэж хэн ч хэлээгүй билээ. Шүлхий гарлаа, Хөдөө аж ахуйн сайд юу амжуулав, ямар хариуцлагатай алхам хийв.
2008 оны Бээжингийн олимпоос авсан алтан медалийг Энхбаяр азтай Ерөнхийлөгч гэж, Баяр азтай Ерөнхий сайд гэж, Элбэгдорж азтай намын дарга гэж чадахынхаа хэрээр өмчилсөн билээ. Гэвч тэдгээр “азтан”-ууд нэг ч цаг зааланд хөлсөө урсгаж үзээгүй, нэг ч цаг бэлтгэл хийж биеэ зовоогоогүй учраас алтаар бурхан бүтээлгэсэн ч тэдний энгэрт хэзээ ч тэр олимпийн медаль “гялалзах” хувьгүй билээ. Энэ медаль зовлогоо зовоож олсон хүний л энгэрт гялалзана. Харин тэдгээр “азтан”-уудаас илүү хоржоонтойгоор тэрхүү меадлийн гавъяаг эдлэх болсон өнөөгийн Хөдөө аж ахуйн сайдын төрийн нэр барьж, твиттерэдэж суунгаа “гацаан хорлож” буй эдийн засгийн хохирол улсын төсвийг хэд дахин нугалах хэмжээнд хүрчээ.
Төмөр замын бодлого ямар байсныг ямар болгох гэж байгаагаа, уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх технологийн төмөр зам гэж ямар онцлогтой болохыг, олон улсын стандарт гэж ямар ойлголт болохыг, бүүр сүүлдээ өөрийнх нь дуртай фээсбүүкээр хүртэл геополитикийн хичээл заагаад тусыг эс олов. Зүүн хойшоо харсан хар нүхэнд хэзээ ч нар тусахгүй гэж энийг л хэлдэг байх. МАН-ын тэргүүлсэн Засгийн газарт ажил хийлгэхгүй байна хэмээн хоёр жил гаран тунирхсан түүнд АН-ын тэргүүлсэн Засгийн газарт мөн л тухайн салбарыг нь хариуцах эрх мэдлийг өгсөн. 90 оны Ардчилсан хувьсгалын партизанууд, Ардчиллын үе үеийн олон лидерүүд, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсээс хэнд нь ч Иргэний Зориг Намаас гарч Эх орон намруу, Эх орон намаас гарч Ардчилсан намд орж ирсэн тэтгэвэрт гарсан энэ бүдүүлэг бөхийнх шиг ийм их боломж, завшаан гарч байсангүй.
АН-ын ҮЗХ хэмээх эрх баригч намын хамгийн том улс төрийн байгууллага дээр мөн л түүний тэргүүлдэг МоАХ фракц олонхийн саналтай. Засгийн газарын танхимд өнөөгийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах гэж зүтгэдэг, өөрийнх нь талд үг дуугүй саналаа өгөх хэд хэдэн фракцийн сайдтай түүнд УИХ-ын танхимд ч аялдан дагалдагчид олон. Тэр хүссэнээ хийх нам доторх эрх мэдэл ч бий, улс төрийн эрх мэдэл дэмжлэг хүрээ ч бий, төрийн тамга атгасан, төрийн хууль батлуулах эрх мэдэл ч бий. Тэр бүү хэл фээсбүүк, твиттерийн аялдан дагалдагчид ч мянга мянгаараа бий. Түүнд одоо юу хэрэгтэй юм бэ? Тэр хүссэн хүнээ дохио зангаагаараа замаасаа зайлуулж чадна гэдгээ харууллаа. Одоо ийм ажил хэрэгч бус, зугаацсан, цаг хожсон, бүдүүлэг тэнэг улс төрчдөөс салах цаг болсон юм бишүү. 
Түүнээс хариуцлага асуух хэрэггүй, түүнтэй эдийн засаг улс төрийн хэлээр яриад хэрэггүй. Тэр мөнгөний хэмжээ мэдэхээ байсан. Түүнийг эрхлүүлж байх, түүнийг ухааруулж сэхээрүүлж байх цаг зав, нерв тэр бүү хэл түүнээр тоглуулж байдаг “улсын төсөв” ч гэж байх ёсгүй. Зүүн хойшоо харсан хар нүх рүү “өндөр хүчдэл татаад ч гэрэл тусахаа өнгөрсөн” гэдгийг бид өөрсдөө ухаарах цаг болж. Тэтгэвэрт гарсан бөхчүүд хаа нэг шатар тоглосон шиг, бөхийн өргөөндөө бөх үзсэн шиг, бүүр байж ядаад байвал “начны найраа хийсэн шиг” явбал төр, түмэн олон компанид, бүр цаашлаад улсын эдийн засагт хичнээн бага хорлонтой болохыг бүгдээрээ нэг бодоод үзье. Түүнийг төрхөмд нь буцаах цаг болсныг МоАХ-ын шударга партизанууд ахин дахин бодогтун ...
Б.Жаргал