ЯЛАНГУЯА ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛ

Парламент нь хааны засгийн хэмжээгүй эрх мэдлийг хязгаарлах, түүний цаашдын элдэв халдлага, өнгөлзлөгөөс ард түмний эрх ашгийг хамгаалах, өмгөөлөх зорилгоор үүссэн юм. Эл зорилгоор парламент хаантай элдэв төрлийн алба, татвар, гувчуурыг тохиролцон түүнийгээ тангараглан хуульчилдаг болсон ба аажмаар хууль тогтоох эрхийг парламент хаанаасаа бүрмөсөн булаан авсан юм. Улмаар тэмцлийн явцад парламент гүйцэтгэх эрх мэдлийг хаанаасаа булаан авч өөрсдийн дундаас засгийн газрыг байгуулж ерѳнхий сайд болон сайд нарыг томилон өөрөө засаглах болсноор хааны засаглал халагдаж парламентын засаглал тогтсон юм. Ийнхүү хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг хоёуланг нь гартаа авснаар парламент нь тѳрийн хамгийн хүчирхэг институц болсон тѳдийгүй түүний мѳн чанар нь бүрмѳсѳн ѳѳрчлѳгдөж ард түмний төлөөлөл, эрх ашгийг хамгаалагч бус харин ард түмний нэрийн өмнөөс ард түмнийг өөрсдийг нь засаглагч болж хувирсан юм.

Ингэснээр парламентын үндсэн функц нь хууль тогтоох бус харин засаглах явдал болов. Парламент хааны засгийн эрх мэдлийг буюу гүйцэтгэх эрх мэдлийг кабинет, засгийн газар нэртэй парламентын доторх цөөн тооны, нөлөөтэй этгээдүүдээс бүрдсэн хороогоороо дамжуулан хэрэгжүүлэх болсон. Ингэснээр нэгэнтээ хааны мэдэлд байсан засгийн газар нь парламентын нэг, гэхдээ хамгийн чинээлэг, хүчирхэг, хороо болж хувирсан юм. Парламент засаглах болсноор түүний хууль тогтоох үйл ажиллагааны зорилго ч эрс өөрчлөгдсөн. Ард түмний эрх ашгийг хамгаалж, хааны буюу гүйцэтгэх эрх мэдлийг хязгаарлах, хазаарлах гэж хууль тогтоодог байснаа ард түмний нэрийн өмнөөс ард түмнийг, улс орныг засаглахын тулд хууль тогтоох болсон. Ийнхүү парламент засаглахын тулд хууль тогтоож, түүнийгээ засгийн газар гэж нэрлэгддэг өөрийн гүйцэтгэх, засах хороогоороо дамжуулан хэрэгжүүлдэг болжээ. Тиймээс ч парламентын засаглал гэж тун оновчтой нэрлэсэн хэрэг.

Хааны угсаа залгамжлан хэрэгжүүлдэг байсан гүйцэтгэх эрх мэдлийг парламент булаан авснаар гүйцэтгэх эрх мэдэл анх удаа хугацаатай болсон бөгөөд түүний нас нь тухайн сонгогдсон парламентын насаар хязгаарлагдах болов. Ийнхүү засгийн газар парламенттай хамт сонгогдож хамт тардаг болсноор богино настай, байнга тардаг засгийн газар бий болов. Нөгөө талаар гүйцэтгэх эрх мэдэл буюу засгийн газар нь улсын сан хэмээх авдартай алт, мөнгө, эрдэнэсийн санг зарцуулах эрх мэдэл байв. Тиймээс хаанаасаа булааж авсан олзоо парламентын гишүүд өөр хоорондоо олзлолдон булаалдаж, талцан дайтаж анги, нам, тал, фракцуудад хуваагдсанаар засгийн газар нь парламент дахь анги, нам, тал, фракцуудын олзлолдон булаалдах хэрүүлийн алим, хуваан идэх бялуу болж хувирсан юм.

 

 

Олны хүч оломгүй учир хүний олноор түрээ барин бялууг булаан идэх болж, засгийн газар олонхын олз болж, парламент ч олонх, цөөнхөд хуваагдсан юм. Засгийн газар олонхын олз болсноор түүний нас парламентын настай бус харин олонхын настай чацуу болсон. Ийнхүү парламент олзондоо, хэрүүлийн алимдаа хордож олонх, цөөнх болон хуваагдсан төдийгүй, олонхыг бүрдүүлж, олонхоороо түрээ барьж бялуу идэх нь парламентын утга учир болж хувирах нь тэр. Тиймээс олонх нь бялуу идэхийн тулд бүрэлдэх төдийгүй, бялуугаа алдахгүйн төлөө, хамгаалахын тулд орших бүлэг болж үүссэн юм. Чухам ийнхүү засгийн газрын бүрдэх, орших, эсэх нь олонхын хамгаалах, эсэхээс хамаардаг болсон учир парламент(ын олонх)-ын ч, засгийн газар хэмээх парламентын хорооны ч эн тэргүүний зорилт нь засгийн газраа буюу өөрөө өөрийгөө хамгаалах явдал болж хувирах нь тэр.

Үнэндээ анги, нам, тал, фракц, гишүүдийн дайн болох улс тѳрийн орчинд засгийн газрын бүрэлдэх, орших, эсэх нь олонхыг бүрдүүлэх, түүнийгээ хадгалахаас хамаардаг. Харин олонх бүрдүүлэхийн тулд сайдын суудал буюу бялуугаа анги, нам, фракц, гишүүд хувь тэнцүүлэн хуваах болдог. Тиймээс парламент(ын олонх) нь угаасаа л засгийн газрыг байгуулах, хамгаалж, хадгалахын тулд бүрэлддэг, оршдог юм. Тиймээс парламент(ын олонх) засгийн газраа хязгаарлах, хазаарлах, хянах, шахах, шүүмжлэх бус харин хамгаалах, ѳмгѳѳлѳх, дэмжих гэж бий болдог юм. Засгийн газраа огцруулах нь олонхоо задлах улмаар засаглах эрх мэдлээ алдах аюул учир засгийн газар нь олонхын хувьд “огцруулахад дэндүү осолтой”. Ийнхүү парламент хууль тогтоогчийн хувьд хааны засгийн газраас ард түмний эрх ашгийг хамгаалах институц байсан бол засаглагчийн хувьд засгийн газраа хамгаалдаг, дэмждэг, өмгөөлдөг институц болдог. Энэ нь парламентын мөн чанарыг бүрмөсөн урвуулж парламент(ын олонх)ыг ч, засгийн газрыг ч ѳѳрѳѳ өөртѳѳ үйлчилдэг дэглэм, тогтолцоо болгож хувиргасан юм.

 

Үр дүнд нь парламент бүхэлдээ ард түмний эрх ашгийг хамгаалдаг байсан бол бялуунаас хүртэх эрхгүй, хасагдсан цөөнх л ард түмний эрх ашгийг хамгаалах хэсэг болж үлдсэн юм. Гэвч цөөнх нь найдвартай, итгэлтэй хамгаалагч биш. Учир нь тэдний гол зорилго нь ард түмний эрх ашгийг хамгаалах бус харин бялууг олонхоос булаан авч өөрсдийн олз болгох, эсвэл бялуунаас хувь хүртэх явдал. Булаан авах арга нь олонхыг муухай харагдуулж дараагийн сонгуулиар унагах. Үүний тулд олонхын булайг дэлгэх, доторх зөрчлийг дэвэргэж хагалах, бутаргах, засаглалыг нь бусниулах, улмаар олонход итгэх ард олны итгэлийг алдагдуулах зэрэг аргыг хэрэглэнэ. Зөвхөн олонхын булайг дэлгэх нь л ард олны эрх ашгийг хамгаалах парламентын уугуул зорилгод нийцэх. Гэвч олонх С. Баярын олонх шиг бялууныхаа хэрчмийг хүртээвэл цөөнх олонхоо дагаад далдганах нь цөөнгүй.

 

Ийнхүү парламент гүйцэтгэх эрх мэдлийг олзлон авснаар ард түмний эрх ашгийг хамгаалах бус харин ард түмнийг өөрийг нь эргэн засаглах бүлэг болж хувирсан юм. Ийнхүү парламент ард түмний албат, тэдний эрх ашгийг хамгаалах харуул, хамгаалалтын алба байснаа “урваж” ард түмнийг өөрийг нь засаглах эзэн ноён нь болж хувирсан юм. Чухам энэ нь “эзэн албатын харилцааны асуудал” буюу “эзэн албатын харилцааны эрсдэл” (principal agent problem, hazard) буюу албат нь урван эзнийхээ дээр сууж, эзэн албатын байр суурь солигдон албат нь эзнээ эзэрхдэг, засагладаг байдал юм. Эзэн албатын байр солигдох нь дан ганц улс төрд тохиолддог зүйл биш. Бизнесийн орчинд хамгийн түгээмэл тохиолдох бөгөөд гүйцэтгэх захирал хэмээх “хөлсний ажилтнууд” нь эзнээ хөнтрөх, ходрох, хулхитах замаар хөрөнгөнд нь эзэн суусан, эсвэл өөрөө баяжаад эзнийхээ хөрөнгийг нь хийсгэсэн жишээ хорвоогоор түгээмэл төдийгүй Монголын “төрийн өмчийн” салбараар дүүрэн, хувийн салбарт ч цөөнгүй. Эзэд нь хөрөнгөө алдахгүйн тулд үр дүнгээр нь цалинжуулах, орлогоо хуваах, үл борлуулах хувьцаa эзэмшүүлэх зэрэг төрөл бүрийн “хамтдаа эрсдэл хүлээх” (skin in the game) арга хэрэглэдэг. Бизнесийн, ялангуяа, хувийн өмчийн орчинд эзэн албатын байр солигдох нь мэдлэг, чадвар, арга, заль, мэхний хэрэг байдаг бол улс төр, парламентын засаглалын хувьд энэ нь институцийн (institutional) буюу системийн өөрийнх нь төрмөл чанар гэж болно. Тиймээс ард түмний албат болох парламент эргээд ард түмнийг засаглагч, даргалагч болдог. Гэвч үүгээр эзэн албатын байр суурь солигдол зогсохгүй. Парламентын өөрийнх нь байгуулсан кабинет буюу засгийн газар нь хуулийг хэрэгжүүлэх, хуулиар дамжуулж ард түмэн, улс орныг засах, засаглахаасаа ч өмнө өөрийгөө байгуулсан парламентаа, ялангуяа олонхоо хамгийн түрүүнд эргэн засагладаг юм. Тиймээс парламентын засаглалд эзэн албатын байр дахин солигддог юм.

Тиймээс парламентын засаглалын оргилд парламент ч биш, парламентын олонх ч биш, кабинет буюу засгийн газар оршиж байдаг юм. Кабинет нь олонхын ялалтын олз, хувааж хүртэх бялуу. Олзыг, бялууг эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй хүртээж байж олонх ч, засаг ч оршино. Эс бѳгѳѳс олз хэрүүлийн алим. Тиймээс кабинет олонхын хувь тэнцүүлсэн төлөөллийн байгууллага. Тиймээс кабинет нь намын, фракцын боссууд болон тэдний тавилуудаас бүрдсэн “эвсэл”.

 

Тиймээс “сонгодог” гээч парламентын засаглалд сайд нарыг ерөнхий сайд томилох, чѳлѳѳлѳх эрхтэй гэх ч хэрэг дээрээ кабинетын суудлууд нь олонхын эв нэгдэл, парламентын дэмжлэгийг хангах (худалдаж авах) хэрэгсэл учир ерөнхий сайд ч өөрөө олзны, бялууны булан хүртэгч. Өөр юу ч биш. Эвслийн шинжтэй учир кабинет мөн чанараараа захирах, захирагдах ёсны байгууллага биш. Харин эсрэгээр “шуудайд хийсэн үхрийн эвэр” шиг юм байдаг. Тиймээс ч хагарах, хуваагдах нь ч хялбар.

 

 

Гэхдээ кабинет бүрдсэн л бол кабинетад “хувьцаа эзэмшигчид” түүнийгээ бусдад алдахгүйн тулд хамгаалах хэрэгтэй болдог. Тиймээс кабинет нь эргээд “хувьцаа эзэмшигчдээ” буюу олонхоо засаглаж, ноёрхож эхэлдэг. Тиймээс олонхыг бүрдүүлэхийн тулд төдийгүй түүнийг хянах, засаглахын тулд, улмаар олонхоороо дамжуулан парламентыг засаглахын тулд кабинет байгуулагддаг гэж хэлж болно. Үнэндээ, засгийн газар өөрийгѳѳ хамгаалахын тулд олонхоо атгах, захирах, дарамтлах хэрэгтэй ч болдог. Тиймээс засгийн газар байгуулагдахдаа л парламентыг хянах, засаглахын тулд байгуулагддаг бөгөөд энэ нь түүний эн тэргүүний ч, эцсийн ч зорилго байдаг. Тиймээс засгийн газрын суудлууд нь түүнийг байгуулах, хадгалах буюу парламент(ын олонх)ын дэмжлэгийг бүрдүүлэх, авах, хангах, өөрөөр хэлбэл, худалдан авах хэрэгсэл болж хувирдаг юм. Тиймээс ч засгийн газар байгуулахын тулд сайдын суудлыг “наймаалцдаг,” “арилжаалдаг” төдийгүй засгийн газрынхаа бүтцийг томруулж “хахууль” бэлтгэх хэрэгтэй болдог төдийгүй түүнийгээ “ээлжид” ч оруулдаг юм. Английн хувьд Черчилийн кабинет 7 суудалтай байсан бол одоогийн засгийн газар 20 гаран кабинетын сайд, гишүүдээс гадна 100 гаран парламентын нарийн бичиг (parliamentary secretary) нэртэй дэд сайдуудтай (junior ministers) байдаг бол Германы Аденауэрийнх 17 сайдтай байсан бол одоогийн кабинет нь 20 гаран гишүүнтэйгийн дээр яам болгонд нь 2-3 парламентын нарийн бичгийн дарга хэмээх дэд сайдуудтай байх. Мөн Японы кабинет 20 гаран сайдтай, 30 гаран парламентын нарийн бичиг хэмээх дэд сайдуудтай байдаг бөгөөд кабинетын сайд, дэд сайд нараа байнга ээлжилж байдаг юм. Английн Консерватив намын сайд нар дунджаар 28 сар, Лэйбор намынх дунджаар 24 сар тутамд солигдож ирсэн байх жишээтэй. Энэ бүхэн нь бизнесийнхээр бол “хамтдаа эрсдэл хүлээх” арга хэрэглэж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл олонх нь кабинетын “хувьцаа эзэмшигчид”.

 

Кабинет олонхын төлөөллийн байгууллага учир олонх нь кабинетын хувьцаа эзэмшигчид төдийгүй мөн “сонгогчид” нь. Тиймээс намын боссууд сонгогчдоосоо хамаарах хамаарлаа багасгахын тулд парламентын суудлын тоог нэмэгдүүлж нэгж гишүүний “хаялцах” үнэ цэнийг нь ч бууруулдаг төдийгүй гишүүдийн “амыг барьж, товч  дарагчдын арми” болгож хувиргадаг юм. Тиймээс Британы Нийтийн танхим 650, Германы Бундестаг 709, Японы доод танхим 465 суудалтай байх жишээтэй.

 

Уг нь 1949 онд ХБНГУ байгуулагдаж байхад Германы Бундестагын суудлын тоо 409 байв. Хоёр Герман нэгдэхэд 539 байв. Хэдэн зуугаар тоологдох парламентад нэгж гишүүний үнэ цэнэ буурч гишүүд ч “атомжсан масс” болдог төдийгүй хэлэлцүүлэг, зөвлөгөөн, мэтгэлцээн өрнүүлэх боломж ч хомстдог учир энэ нь гишүүдийн амыг бараг бүрмөсөн барьж, тэд нь зөвхөн санал өгдөг, гэхдээ байнга санал өгдөг сонгогчид болж хувирдаг юм. Тийм ч учир аль 1867 онд Уолтер Бэйжот Английн Нийтийн танхимыг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн “сонгуулийн коллежтэй” (electoral college) зүйрлэж байв. Чухам эл ч учир л “олонхын дарангуйлал” (tyranny of majority), “ерөнхий сайдын дарангуйлал” (prime ministerial dictatorship) зэрэг ойлголтууд бий болсон төдийгүй Жеймс Фишкин ч “зөвлөлдөх ардчиллын” (deliberative democracy) аргаа боловсруулсныг нь Г. Занданшатар манайх шиг гишүүн болгон эзэн- ноён, микрофонтой, минуттай “хэлэлцүүлэгтэй, зөвлөгөөнтэй, мэтгэлцээнтэй” газар импортолсон байх жишээтэй.

Улмаар засгийн газар олонхоо хянахын тулд сахилгажуулна, захиргаадна, дарамтална. Парламентын гишүүд нь “ард түмний элчийн” хувьд үзэл бодол, итгэл үнэмшлээ юунд ч хазаарлуулахгүйгээр чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх ёстой. Тийм ч учраас парламентын гишүүд нь парламентын хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгэндээ хуулийн хариуцлага хүлээх ёсгүй гэсэн парламентын халдашгүй эрхтэй байдаг. Гэвч намын лидер, “боссууд” нь засгийн газраа хамгаалахын тулд олонхоо дарамталдаг тул парламентын гишүүд нь хэрэг дээрээ намын бодлогоос гажиж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, намын бодлогыг шүүмжлэх, намын бодлогын эсрэг өөрсдийн итгэл үнэмшлээр саналаа ѳгѳх боломжгүй болдог юм. Парламентын, ялангуяа, Вестминстерийн бүх системд олонх, цөөнхийн сахилга сахиулагч, өөрөөр хэлбэл, ерөнхий сайдын хүссэнээр санал өгүүлэх үүрэгтэй “шавхуурдагч” (whip) хэмээх гэсгээгч “гэсгүй” нар байх. Тэд үндсэндээ гишүүдийн саналыг мэдэх бөгөөд зөрчсөн гишүүдийг дахин сонгогдохгүй болтол “сахилгын” арга хэмжээ авна. Ийнхүү ерөнхий сайд, засгийн газрын дарамт, шахалтаас болж парламентын гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээ илэрхийлэх боломжгүй болсноор тэд сонгогчдодоо бус намын лидер, ерѳнхий сайддаа үйлчилж улмаар ард түмэн-сонгогчдын тѳлѳѳлѳл бус харин намын лидерийн, ерѳнхий сайдын тѳлѳѳлѳл, түүний эрх ашгийг хамгаалагч болоход хүрдэг юм. Энэ нь хэрэг дээрээ нам нь ард түмэн- сонгогчдын тѳлѳѳллийг “барьцаалж”, нам нь ард түмэн-сонгогчдын байрыг булааж, намын эрх ашгийг ард түмний эрх ашгаас дээгүүрт тавих буюу намын эрх ашгийг ард түмний эрх ашиг болгох аюултай юм. Захиргаадахаас гадна аргадах, тал засах, шагнах, урамшуулах зэрэг олон арга, технологи байх. Үр дүнд нь парламентын засаглал нь парламент, засгийн газар хоёр харилцан бие биеэ “худалдан авдаг”, “барьцаалдаг”, “дарамталдаг”, хамгаалдаг, харилцан бие биедээ үйлчилдэг дэглэм болж хувирдаг.

Миний кабинетыг унагавал чиний кабинетыг блоклоно гэж барьцаалах нь ч түгээмэл логик. Чухам энэ логикоор ч Англиас гаралтай Вестминстерийн системтэй орнуудад ерөнхий сайд нарт “зөрүүд” парламентыг тараах эрх өгсөн байдаг юм.

Энэ нь 3 Харин Англид 2011 онд парламентыг 4 жилийн тогтмол хугацаатай болгож хуульчилсан бөгөөд Ерөнхий сайд парламентыг тараахын тулд нийт гишүүдийн гуравны хоёрын дэмжлэгийг авах ёстой болсон.  

тохиролцохгүй байгаа зөрүүд парламентыг тараах заналхийллээр ч “хүмүүжүүлэх”, тусыг эс олбол тарааж “гэсгээж” байгаа хэрэг. Ийнхүү парламент хэрэг дээрээ байнгын санал өгдөг сонгогчид, кабинетын, ерөнхий сайдын айлдсаныг дуулгавартайгаар “хуульчлагч”, “ёсчлогч” (rubber stamp) болж хувирдаг. Ингэснээр парламент хууль тогтоох ч, гүйцэтгэх ч эрхээ хоёуланг нь кабинетад “дээрэмдүүлдэг” юм. Үр дүнд нь кабинет хууль тогтоож, кабинет өөрийн тогтоосон хуулиа хэрэгжүүлэх болдог юм. Үүнийг нь Уолтер Бэйжот Английн үндсэн хуулийн эсвэл Английн тогтолцооны “эрчимт нууц” (efficient secret) гэж нэрлэсэн юм.

 

Тиймээс парламентын засаглал гэгч хэрэг дээрээ парламентынх ч биш засгийн газрын (cabinet government), ерөнхий сайдын засаглал (prime ministerial government) тѳдийгүй зарим тохиолдолд ерөнхий сайдын “диктатур” (prime ministerial dictatorship) болж хувирдаг. Тиймээс парламентын засаглал нь нэг бол нам, фракцын боссуудын олигарх, эсвэл намын даргын монарх засаглалын хооронд хэлбэлзэж байдаг юм.

 

Үнэндээ, парламентын засаглал нь парламентыг, парламентын гишүүдийг, засгийн газрыг намын удирдлага-ерѳнхий сайддаа ч үйлчлэхэд хүргэдэг юм. Мэдээж парламент, засгийн газар өөртөө үйлчилнэ гэдэг нь эрх баригчид өөрсдөө өөрсдөдөө, эрх баригч намдаа үйлчилнэ гэсэн хэрэг. Үзэл санааны хувьд парламент нь ард түмэн-сонгогчдын тѳлѳѳлѳл, бѳгѳѳд тэдний эрх ашиг, хүсэл зоригийг төрийн хууль, шийдвэр болгож байх ёстой. Гэвч хэрэг дээрээ парламентын сонгууль нь намын сонгууль, парламентын улс тѳр нь намын улс тѳр, парламентын ялалт нь намын ялалт, парламентын засаглал нь намын засаглал, парламентын гишүүд нь намын гишүүд, парламент нь намын парламент, парламентын засгийн газар нь намын засгийн газар байдаг юм. Тийм учраас парламент, засгийн газар хоёр бие биедээ үйлчилнэ гэдэг нь эрх баригч нам өөрөө өөртөө үйлчилж байна гэсэн хэрэг (дэлгэрэнгүйг Тэргүүн төр номын Парламентынх уу эсвэл Ерөнхийлөгчийнх үү? гэдэг хэсгээс үз).

Гэхдээ парламентын засаглалд албан ёсоор парламент кабинетаа буюу Засгийн газраа байгуулдаггүй юм.

 

Английн хувьд засгийн газар нь түүхээрээ үргэлж хааных байсан, угаасаа ч гүйцэтгэх эрх мэдэл хаана ч хааных байсан, ба парламент кабинетыг өөрийн итгэл дээр орших болгосон ч нэгэнт хаанаа халж чадаагүй учир хаан нь (бүгд найрамдах улсуудад “хаанцар” болсон ерөнхийлөгч нар нь) засгийн газрыг томилдог ёс тогтсон юм. Нөгөө талаар хаан эсвэл ерөнхийлөгч Ерөнхий сайд, засгийн газрын гишүүдийг томилох нь гүйцэтгэх эрх мэдлийн нэгдмэл байдал, хуулийн нэг утгатай, тэгш хэрэгжилтийг ч хангах учир холбогдолтой юм (дэлгэрэнгүйг Засаг байгуулах бизнес хэсгээс үз).

 

Харин нэгэнт хаан нь кабинетаа буюу засгийн газраа парламентын итгэл даах хүмүүсээр бүрдүүлэх ёстой учир парламентын гишүүдээс Ерөнхий сайдыг томилж, улмаар Ерөнхий сайдын санал болгосноор сайд нарыг нь томилдог ёс тогтсон юм. Үүний улмаас засгийн газар нь хаан, парламент хоёрын дунд орших болсон буюу засгийн газрыг хаан (эсвэл ерөнхийлөгч) томилж, тэр нь парламентын итгэл хүлээж байж л орших болсон юм. Тиймээс парламентын засаглалтай улс орнуудад засгийн газрыг хаан эсвэл ерөнхийлөгч томилж тэр нь харин парламентын итгэл хүлээж байж л орших болсон юм (дэлгэрэнгүйг Зөвлөлийн засаглал хэсгээс үз.). Тиймээс засгийн газрыг огцруулах парламентын эрх нь л парламентын засаглалын үндэс. Үр дүнд нь парламентын эзэн буюу бүрэн эрх  

(parliamentary sovereignty) гэдэг нь засгийн газар парламентын итгэлийг хүлээж, дааж байж л орших, парламентын хүсэл зоригийг бодлого, үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэх, үгүй бол парламент засгийн газрыг огцруулах явдал юм. Харин Монголд оршиж байгаа УИХ-ын засаглал нь огт тийм биш.

 

Германы Макс Планкийн Нийгмийн Антропологийн хүрээлэнгийн зочин судлаач, доктор Л.Мөнх-Эрдэнэ

 

Үргэлжлэл бий...