Японы сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Япон улсын иргэн болох шийдвэр гаргасан.  Тэрбээр сүмо бөхийн карьераа үргэлжлүүлж, зодог тайлсан ч өөрийн гэсэн дэвжээгээ байгуулж, шавь нараа бэлтгэхийн тулд заавал Япон улсын иргэн байх ёстой гэсэн Сүмо бөхийн холбооны дүрмийн дагуу  ийм шийдвэр гаргасан юм.

Өнгөрсөн зургадугаар сард их аваргын Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулга ёсчилсон юм.  Тэгвэл Хакүхогийн Япон улсын иргэн болох хүсэлтийг өнөөдөр /2019.09.03/ албан ёсоор баталсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Ингэснээр их аварга сүмо бөхийн ертөнцөд өөрийн дэвжээтэй болж, шавь нараа бэлтгэх зорилгодоо нэг алхам ойртож байгаа юм.

Хакүхогийн хувьд Японы иргэншлийг сонгосон сүмо бөхийн гурав дахь их аварга болж байна. Өмнө нь АНУ-аас гаралтай хоёр их аварга Японы иргэншилтэй болж байжээ. Харин Монгол Улсаас сэкивакэ Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирю Б. Дашням нар тус улсын иргэншил авсан билээ.