Хичээл, сургууль эхлээд ес хонож байна. Шинэ хичээлийн нээлтийн үйл ажиллагаанд дарга, сайдууд нь нээж үг хэлээд л баярлаж гүйлдэх болоод удаж байгаа.

Угтаа бол тэд нэг ч болтугай хүүхдийг суралцах эрхээр нь хангаж, барилга байшингийн ажлыг нь хугацаандаа дуусгаж байгаа эсэхэд хяналт тавьж байх ёстой улс. Гэтэл хичээлийн нээлтэд үг хэлж, уригдан залагдаж байх хойгуур чинь энэ оны наймдугаар сарын 01-нд улсад хүлээлгэж өгөх ёстой 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил өнөөдрийг хүртэл дуусаагүй байна. 

Тодруулбал, Налайх дүүргийн нэгдүгээр хороонд 150 хүүхдийн цэцэрлэг барих ажлыг 2018 оны 10-р сарын 01-ний өдөр  "Оточ ноёдууд" ХХК гүйцэтгэхээр  хүлээн авчээ. Гэвч өнөөдрийг хүртэл дуусаагүй улмаас хүүхдүүд цэцэрлэгтээ явж чадахгүйд хүрчээ. Тус цэцэрлэгийн барилгын захиалагч нь БСШУСЯ. 

 

"Оточ ноёдууд" ХХК-тай холбогдохоор утас цохиход "орох ярианы эрх хаагдсан байна" гэв. Мөн тус компанийн талбай хариуцсан инженертэй холбогдоход, "Би наад компаниас гарчихсан байгаа. Налайх дүүргийн цэцэрлэгийн барилгыг түрүү жилийн 10-р сард хүлээж аваад эхлүүлсэн. Өвөл бүтэн зогсолт хийгээд энэ оны дөрөвдүгээр сард гүйцэтгэлээ хийсэн" гэсэн юм. Барилгын ажил хугацаандаа яагаад дуусаагүй лавлахад "Хөрөнгө мөнгөний асуудал л байгаа байхдаа" хэмээв.

 

Харин тус цэцэрлэгийн барилгын захиалагчийн техник, хяналтын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа барилга хөгжлийн төвийн мэргэжилтэнгээс тодруулахад, "Төсөв мөнгөний асуудал нь удаашралтай байгаагаас хугацаандаа дуусаагүй байгаа. Сангийн яамнаас мөнгийг өгөх дээр их удаж байна" гэлээ.

Ийнхүү хүүхдүүд цэцэрлэгтэй болж чадахгүй байгаагийн нэгэн тод жишээ бол энэ. Барилгын ажлыг гүйцэтгэхээр авсан компаниуд нь эсвэл их мөнгө нэхдэг. Үгүй бол хөрөнгө оруулалтын асуудлыг нь шийдэж өгөөгүй нь улмаас хугацаандаа хүлээж авсан ажлаа дуусгаж өгч чадахгүй байна,  БСШУСЯ-ны сайд аа.

УИХ-ын гишүүдийг хичээлийн шинэ жилийн нээлтэд очиж үг хэл гэж явуулж байхаар, өөрийн сонгогдсон тойрогт нь "царцсан" сургууль, цэцэрлэгийн барилга байгаа эсэхийг шалгуулж, хөрөнгө оруулалтын асуудлыг нь хаанаа гацсан болохыг шалгуулахаар явуулж байвал яасан юм бэ Ерөнхий сайд аа.