Манай улс төрчид "АВИЛГА" гэгчтэй нэрээ холбоод байгаа нь олон улсын хараанд өртсөн гэхэд хилсдэхгүй ээ. Оффшoр дансыг ил болгох талаар АНУ-тай хамтран авлига, оффшор дансыг илрүүлэх ажил нь "шоу" биш байгаасай хэмээн хүлээгчид олон байна.

Авилга тойрсон асуудлыг нэг нэгээр нь шүүрдэн гаргаж ирж байгаа нь олзуурхууштай хэрэг. Гэвч аль олон жилийн өмнө шалгагдаж дууссан хэргүүдийн бичлэгийг ил гаргаж, олон нийтэд цацах нь хэнд хэрэгтэй вэ? Үнэхээр л цацах байсан бол тухайн цаг үед нь ил гаргаж, түмний "хоол" болгоогүй байж. Өнгөрсөн борооны араас цув нөмрөв гэгчээр хэдийнээ хэрэг нь шийд нь гарчихсаны дараа цацаж олны талцалцуулж байгаа нь харамсалтай ч дуулиант авилгын хэргийг хөдөлгөх хөшүүрэг нь болж байж мэдэх.

Нэгэн цагт төр барьж явсан эрхэмүүдээс С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг хэргийг удахгүй шүүхэд шилжүүлнэ. Тэднийг Оюутолгойн гэрээг хийхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байсан юм. 

Тэгвэл төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргийг мөрдөн шалгаж дуусжээ. Удаан шалгаж байгаагийн учир нь, хэргийн цар хүрээ өргөн учраас холбогдогч нарт хэргийн материалыг танилцуулах аж. Дуусахаар нь АТГ-аас шүүхэд шилжүүлэх юм байна. 

Мөн Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгожээ.  АТГ-ын мэдээллийн үеэр албан тушаалтнууд холбогдсон авлигын хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлсэн ч АТГ-т буцаж ирүүлэхгүй 8-9 сар болж байгаа хэргүүд бий. Тухайлбал, Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэргийг 2018 оны есдүгээр сард шүүхэд шилжүүлсэн боловч удааширсаар байгаад хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, хэрэгсэхгүй болсон. 

60 тэрбумын хэрэгт яллах дүгнэлт үйлджээ. МАН-ын удирдах албан тушаалтнууд төрийн албыг арилжиж 60 тэрбум төгрөг босгохыг завдсан гэх хэрэг хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа билээ. Өнгөрөгч онд АТГ, ЦЕГ, Тагнуулын байгууллагынхан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас 60 тэрбумын хэргийг сэргээн шалгаж эхэлсэн байдаг.

Тэгвэл эрх баригч намын удирдлагуудын төрийн албыг наймаалцсан гэх 60 тэрбумын хэргийг Тагнуулын ерөнхий газраас шүүхэд шилжүүлэх саналтайгаар өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлсэн байна. Тэгвэл 60 тэрбум төгрөг босгож, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг прокурорын байгууллагаас мэдээлэв.

Түүнчлэн Б.Батзориг нарын 13 хүнд холбогдох ЖДҮ-ийн хэргийг шүүхэд шилжүүлсэн аж. ХХААХҮЯ  болон тус яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн албан тушаалтнуудтай холбоотой ЖДҮ-гийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Энэ талаар прокурорын байгууллагаас мэдээлэхдээ “ХХААХҮЯ-ны болон тус яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн албан тушаалтнуудтай холбоотой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22,1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн хуулийн 22,4 дүүгээр зүйлийг 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн” хэмээв.

ЖДҮ-тэй холбоотойгоор ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Батзориг болон ЖДҮХС-гийн албан тушаалтнуудад холбогдох 13 хүний хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд зээл олгосон асуудал хууль бус гэдэг нь тогтоогдож байж бусад хүмүүсийн хэрэг шийдвэрлэгдэх юм.