Ийм эрсдэлтэй цаг үе, заагт Монгол Улс ирчихээд байна. Түгшүүртэй сонсогдож байгаа ч ирээдүй хойч үе маань цагаан тахал руу улам бүр татагдсаар байгаа нь нууц биш юм. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд хар тамхины хор хөнөөлийн талаар нухацтай дуугарч залуустаа аюулыг сэрэмжлүүлж эхлээд байна.

Хожимдоогүй дээрээ тахлын талаарх мэдээллийг нийтэд хүргэж, урьдчилан сэргийлж чадсанаараа бид ирээдүй хойч үеэ аварч чадна. Ингэж хэлэхийн учир Монгол Улс хар тамхины хэрэглээг хумьж чадах уу эсвэл бүр хараа хяналтаасаа алдах уу гэдэг заагт тулж ирчихлээ. Хоёр том хөрштэй манайх хар тамхины дамжин өнгөрөгч улс болоод зогсохгүй худалдаалдаг, борлуулдаг бүхэл бүтэн бүлэглэл бий болж, залуус тээвэрлэгч болж амь насаа хүртэл зольж байна. Энэ ч үүдээсээ ЦЕГ-т Хар тамхитай тэмцэх хэлтэс ажиллаж байсныг тус газрын даргын тушаалаар өргөтгөж, Хар тамхитай тэмцэх газрыг байгуулсан нь эхний том алхам. Үүнийг эцэг, эхчүүд, сургуулиуд, хувийн хэвшил, төрийн байгууллагууд талархан хүлзэн авч байгаа ч цаашид төр, засгийн дэмжлэг ихээхэн чухал юм. Хар тамхитай тэмцэх газрынхан хяналт шалгалтыг тогтмол хийдэг ч залуусын мансууруулах төрлийн бодисын хэрэглээ татрах бус харин ч нэмэгдсээр. Тиймээс хар тамхи буюу сэтгэцэд нөлөөлөх мансууруулах төрлийн эм бэлдмэлийн хэрэглээг хянахад дан ганц цагдаагийн байгууллага бус эцэг, эхийн оролцоо, нэн ялангуяа төр, засгийн бодит дэмжлэг, дуу хоолой шаардлагатай байгааг энд дахин сануулъя.

 

 

МАНСУУРУУЛАХ БОДИС ХАДГАЛСАН ЗАЛУУСЫГ СААТУУЛСАН Ч ПРОКУРОР ОРОЙ НЬ СУЛЛАЧИХЖЭЭ

 

Баримт 1. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистрй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор 2019 оны гуравдугаар сарын 14-28-ны өдрийг хүртэлх хугацаанд "Хяналт-Шалгалт-2019” хэсэгчилсэн арга хэмжээг Хар тамхитай тэмцэх газрынхан зохион байгуулжээ. Тус арга хэмжээний хүрээнд 42 холбогдогчтой 25 хэргийг илрүүлж, эд мөрийн баримтаар мансууруулах үйлчилгээтэй каннабисын төрлийн ургамал 2 кг 109 грамм, каннабисын тоосонцор 18 грамм, 7.6 грамм шавар, 290 ширхэг анданте эм, 10 ширхэг трамадол эм,3 ширхэг морфин тус тус хураан авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч хэрэглэсэн 25 хүнд холбогдох 12 зөрчил, хууль бусаар мөрийтэй тоглоом, бусдын биеийг үнэлэх ажлыг зохион байгуулсан зургаан зөрчлийг илрүүлсэн байна. Мөн сэжигтэй 44 байр байгууламж, обьектод хяналт, шалгалтыг зохион байгуулж, 795 иргэнд үзлэг шалгалт хийж, 455 иргэнд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестийн сорил тавьж, далд хэрэглэгч 25, гэмт хэрэгт холбогдсон 42 буюу нийт 67 хүнийг илрүүлжээ.

 

Баримт 2. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  баар, шөнийн цэнгээний газруудад 2019 оны зургаадугаар сарын 14-ний өдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих. Хууль бус хэрэглээг хязгаарлах, далд хэрэглэгчдийг илрүүлэх зорилгоор хэсэгчилсзн арга хэмжэээг зохион байгуулсан аж. Арга хэмжээний хүрээнд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай байж болзошгүй каннабисын үр хадгалж байсан нэг үйлдлийг илрүүлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж байна, Мөн далд хэрэглэгчийг илрүүлэх зорилгоор нийт 40 хүнээс биологийн дээж авч шалгахад 6 иргэн энэ төрлийн бодис хэрэглэсэн болохыг нь тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна

 

Баримт 3. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас 2019 оны есдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шөнийн цэнгээний хоёр газарт ээлжит хяналт, шалгалтыг зохион явуулжээ. Шалгалтаар 87 иргэнд мансууруулах бодис илрүүлдэг  тест тавьж шалгахад 24 нь хар тамхи хэрэглэсэн болохыг тогтоосон. Эдгээр 24 иргэнээс тав нь мансууруулах бодис биедээ хадгалж байсныг тогтоож, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Мансууруулах бодис хэрэглэсэн байдалтайгаар саатуулсан иргэд 21-41 насныхан бөгөөд тэдний дунд нэг эмэгтэй, ХБНГУ-ын хоёр иргэн байжээ. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах уг баар цэнгээний газрыг хариуцан ажиллуулдаг иргэн “Г” нь 2016 онд мансууруулах бодис хадгалсан гэмт хэрэгт холбогдон шүүхээс баривчлах болон торгуулийн ял шийтгэл хүлээж байсан нэгэн юм.

 

Энэ удаагийн ээлжит шалгалтаар “Г” нь өөрөө хар тамхи хэрэглэсэн байдалтай, шөнийн цэнгээний газартаа хар тамхины төрлийн бодис хадгалсан, хэрэглэсэн хүмүүсийг нэвтрүүлснийг тогтоосон тул Хар тамхитай тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Дашрамд, хар тамхи хэрэглэсэн ХБНГУ-ын хоёр иргэн нь цэнгээний газарт DJ хийхээр ирсэн байжээ. Ганц оройн хяналт шалгалтаар ийм ноцтой зөрчил илэрсэн нь хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ залуусын дунд ямар байгааг илтгэн харуулж байна.

 

Хамгийн харамсалтай нь, баар цэнгээний газарт мансуурч, энэ төрлийн бодисыг залууст санал болгон худалдан борлуулж байсан залуусыг цагдаагийн байгууллага гүйцэтгэх ажиллагаагаар илрүүлэн баривчлан саатуулсан ч тэр шөнөдөө прокурорын зөвшөөрлөөр бүгдийг нь сулласан гэх мэдээлэл байна.

 

ЦАГДААГИЙНХАН 1728,5 ГА ТАЛБАЙН СЭТГЭЦЭД  НӨЛӨӨЛӨХ ОЛСНЫ УРГАМЛЫГ УСТГАВ

  

Улсын хэмжээнд мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлын тархцыг тогтоосон аймгуудын нутаг дэвсгэрт зэрлэгээр ургаж байгаа нь залуусын хэрэглээг улам нэмэгдүүлж байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 05/06 дугаар зөвлөмж, Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын хамтарсан тушаалаар баталсан удирдамж, төлөвлөгөө, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн нэгдүгээр шатны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний дагуу зарим аймгийн нутаг дэвсгэрт зэрлэгээрээ ургаж байгаа мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх олсны ургамлыг байнга устгаж, түүж хэрэглэдэг залуусыг илрүүлэн баривчилдаг.

 

Саяхан гэхэд л Хар тамхитай тэмцэх газрынхан Төв аймгийн Батсүмбэрээс олсны ургамал түүж байсан хоёр залууг баривчлан саатуулсан билээ. Тус газрынхан 2019 оны зургаа, долоодугаар сард “Устгал” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, нийт 1728.5 га талбайд устгал хийсэн аж.

 

МАНСУУРУУЛАХ ТӨРЛИЙН ЭМ БЭЛДМЭЛИЙГ ХУУРАМЧ ЖОРООР ОЛГОЖ БАЙСНЫГ ТАСЛАН ЗОГСООЖЭЭ

 

Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад орсон эм, бэлдмэлийг мансуурах зорилгоор хуурамч жор ашиглан эмийн сангаас худалдан авч тарих, уух аргаар хэрэглэдэг мөн зарим эмийн сангаар уг эмийг жоргүй эсвэл хуурамч жороор худалддаг талаарх мэдээллийг шалгах зорилгоор НМХГ, НПГ-тай хамтран “Эмийн сан-2019” хэсэгчилсэн арга хэмжээг нийслэлийн хэмжээнд 5 хоногийн хугацаатай зохион явуулжээ. Шалгалтын хүрээнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад орсон эм, бэлдмэлийг худалдаалдаг 62 эмийн сангийн үйл ажиллагааг шалгахад орлого, зарлага, зарцуулалтын бүртгэлгүй, дутуу, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг хуурамч, хүчингүй, энгийн эмийн жороор худалдсан, хадгалах зориулалтын төмөр шүүгээ, хамгаалалтын систем хангалтгүй, эмийн санч нар сэтгэцэд нөлөөт эмийг дутаасан, албан тушаалаа урвуулан ашиглаж завшсан байж болзршгүй гэмт хэргийн шинжтэй 17, зөрчлийн 76, нийт 93 үйлдлийг бариутжуулан холбогдох байгууллагад харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүлсэн байна.

 

ТӨРИЙН "ТӨМӨР НҮҮР"-ИЙГ  ИРГЭД  ДЭМЖИЖ БАЙНА

 

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг болон түүнд холбогдогчдын тоо жил бүр 30-35 хувиар тогтмол өсч, нас нь залуужиж улмаар насанд хүрээгүй хүүхдүүд холбогдох явдал нэмэгдэж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас тогтмол сэрэмжлүүлж, анхааруулж буй.

 

Тухайлбал, оны эхний найман сарын байдлаар, улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой нийт 169 гэмт хэрэг гарч, 294 холбогдогчийг шалгасан аж. Нийт холбогдогчдын 49 хувийг 19-25, 43 хувийг 26-35, долоон хувийг 46-55 насныхан эзэлж байна.

 

Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газраас энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулан ажилладаг. Хар тамхины хэрэг нь маш олон холбогдогчтой, нууц сүлжээ далд аргаар бүлэг зохион байгуулалт хэлбэрт шилжсэн учраас цаг хугацаа, хүн хүч, техник хэрэгсэл шаарддаг байна. Түүнчлэн мэдээллийн нууц, аюулгүй байдал яригддаг учраас тодорхой хугацааны дараа буюу холбогдогчдыг тогтоосны дараа хэргийн илрүүлэлтийг зарладаг байна. БНСУ-д энэ сарын 3-5-ны өдөр болсон Олон улсын хар тамхитай тэмцэх байгууллагуудын уулзалтаар Монголын цагдаагийн байгууллагаас хар тамхитай тэмцэж буй арга, үйл ажиллагааг нь тодорхой түвшинд үнэлж, сайшаажээ. Мөн бодлогын хэд хэдэн ажлыг нь дэмжиж буйгаа илэрхийлжээ. Цахим орчинд иргэд хар тамхитай тэмцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсээр байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд төр төмөр нүүрээ харуулах ёстой. Тэгснээр хүүхэд залуус уруу татагдахаас, хэрэглэхээс урьдчилан сэргийлнэ хэмээн хэвлэл мэдээллийнхэн дуу нэгтэй дэмжиж, энэхүү уриалгыг нийгэмд түгээж байна.

 

 

У.Орхон

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин