Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр зууны манлай үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Тэрээр энэ сарын 22-ны өдөр Орхон аймагт ажиллаж буй бөгөөд ажлын айлчлалынхаа хүрээнд дагалдан яваа албаны хүмүүсийн хамт Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэрээр орж, уурхайчдын төлөөлөлтэй уулзав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон албаны хүмүүсийг  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, түүний удирдлагын багийнхан хүлээн авч, ажлаа танилцууллаа. 

   “Эрдэнэт үйлдвэр сүүлийн гурван жилд Ил уурхайн гүнд болон ойр орчимд геологи хайгуулын ажлыг эрчимжүүлсний үр дүнд цаашид 60 жил ажиллах нөөц баялагтай гэдгийг тогтоогоод байна. Анх уг ордыг илрүүлэхдээ дунджаар 300 метрийн гүнд өрөмдөж байсан бол сүүлийн жилүүдэд бид хамгийн гүн цооногт 1,3 км-ийн  өрөмдлөг хийж, хүдрийн нөөц байгааг илрүүлсэн. Нөөц баялагийг өсгөх бодлого хэрэгжүүлэхдээ бид  уурхайг тэлэх зорилго тавьж,  60 орчим километрийн радиуст хайгуулын ажлыг хийж байна. Ашиглалтын эхэн үетэй харьцуулахад өнөөдөр хүдэр дэх металлын агуулга 2 дахин буурч, уул геологийн нөхцөл хүндэрч байгаа. Үүнийг манай хамт олон технологийн сайжруулалт,  уулын ажлын зөв горимоор үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулан ашигт ажиллагааны түвшинг хэвийн хэмжээнд барьж ажилласнаар уурхайн тогтвортой ажиллах үндсийг хангаж байна. Өртөг зардлаа бууруулахын тулд агаарын тандалтыг ч мөн хийж байгаа. Энэ бүхний үр дүнд Эрдэнэтийн орд газрын  баялаг наанадаж 60 жилийн нөөцтэйг тогтоож,   үйлдвэрийнхээ  насжилтыг 20 жилээр уртасгаад байна” гэж Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн “амин чухал” асуудлаас Ерөнхий сайдад мэдээлэл өгөв. Эрдэнэт үйлдвэрийн  Ил уурхай жилд 36 сая тонн хүдэр олборлож байна. Өнөөдрийн байдлаар үүний 31.5 сая тонн нь Баяжуулах үйлдвэрт уламжлалт буюу флотацийн аргаар боловсруулагдаж байна. Үлдсэн хэсэг нь исэлдсэн хүдэр буюу ядуу агуулгатай тусгай овоолгод хадгалдаг. Эдгээрийг цаашид оновчтой, үр ашигтай технологиор боловсруулах зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг ч тэрээр ярилаа. 

   Уулын ажлын төлөвлөлтөөс эхлээд уурхайн бүх үйл явцыг хянах зориулалттай Питрам удирдлагын системийг Эрдэнэт үйлдвэр 2017 оноос эхлэн нэвтрүүлсэн. Олборлож буй хүдрийн агуулгыг тогтвортой байлгахад гол үүрэгтэй энэхүү хяналтын системийг нэвтрүүлсэн гурван компани дэлхийн хэмжээнд байдгийн нэг нь Эрдэнэт үйлдвэр юм. Техник технологийн шинэчлэлийг орчин үеийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн дадлага, туршлагатай, мэргэшсэн ажилтнуудыг үйлдвэрлэлийн бүх шатанд тогтвортой ажиллуулах бодлого чиглэлээ Ерөнхий захирал Х.Бадамсүрэн энэ үеэр  танилцуулж, энэхүү боломжоор ханган ажиллаж байгаа одоогийн Засгийн газарт талархаж буйгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илэрхийллээ. 

 

 

Ерөнхий сайд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд сайн үнэлгээ өгөв

 

   Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ил уурхайн үйл ажиллагаатай танилцсаны дараа Баяжуулах үйлдвэрээр орж, үйлдвэрлэлийн цехийн өргөтгөлийн өнөөгийн байдлыг үзэж сонирхов. Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах цехийн өргөтгөлийн анхны ээлж 1989 онд 5.5 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар ажиллаж эхэлсэн бол 2015 онд 6 сая тонноор хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөл барьж ашиглалтад оруулжээ. Уг өргөтгөлийг хийснээр өнөөдрийг хүртэл Баяжуулах үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүний жигд ажиллагааг хангаж байна. Цаашид дахин ийм өргөтгөл барьж, ашиглалтад оруулах шаардлагатай байгааг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх мэдээлэлдээ дурьдлаа. Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, технологийн шинэчлэлийн  төслийг хэрэгжүүлэхдээ үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллахын зэрэгцээ хөдөлмөр зохион байгуулалтын нарийн горим, цагийн балансыг нягт тооцоолсны үндсэн дээр хийнэ. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэж буй  бүтээгдэхүүний хэмжээ, эдийн засгийн үр ашгаа бууруулахгүй ажиллах нь бидний үндсэн зорилтын нэг гэдгийг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцоллоо.

   Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны нэгдүгээр байранд байрлах Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус үйлдвэрийн цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг сонссон. Энд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсан төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, эдгээрийг хэрэгжүүлэхэд гурван жил хүртэл хугацаа шаардагдаж буй, санхүү хөрөнгийн асуудлыг нь шийдвэрлэх гарцаа  хамтдаа ярилцаж, судалж олсон гээд өнөөгийн үйл ажиллагаа, ахиц дэвшил, ололт амжилтын талаар тодорхой мэдээлэв. Түүнчлэн сүүлийн 20 жилийн турш  “толгойн өвчин” гэж нэрлэгдсээр ирсэн цагаан тоосыг дарах ажлыг эрчимтэй хийж буй, хэдийгээр хүндрэл бэрхшээл ихтэй ч энэ асуудлыг ирэх жил бүрэн шийдвэрлэх боломж нээгдсэнийг ч  дурьдсан.  

   Тэрээр мэдээллийнхээ төгсгөлд “Эрдэнэт үйлдвэрийн  үйл ажиллагаатай танилцаж буй Ерөнхий сайд болон УИХ, Засгийн газрын гишүүдэд талархал илэрхийлье. Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн жигд үргэлжилж байна. Бид өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангасан. Тиймээс одоогийн байдлаар Засгийн газарт тавьж шийдүүлэх асуудалгүй. Монгол Улсын Засгийн газраас бидний хийх ажил, зорилтыг тов тодорхой болгож, тогтоол шийдвэр баталж өгсөн. Одоо бид зөвхөн хамтын хүчээр хийж бүтээх ажил үлдэж байна. Манай үйлдвэр 40 жилийн түүхтэй, 60 жилийн ирээдүйтэй. Цаашид бид үйлдвэрлэл болон эдийн засгийн өнөөгийн түвшинг бууруулахгүй байхын төлөө хичээн ажиллах болно” гэсэн юм. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 оны эхний 8 дугаар сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтуудаа 100-аас дээш хувиар биелүүлсэн нь эдийн засгийн үзүүлэлтэнд ч эерэгээр нөлөөлж байгаа юм. Оны эхний 8 сард Эрдэнэт үйлдвэр улс болон орон нутгийн төсөвт 688 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Оны төгсгөлд энэ тоо 790 тэрбумд хүрэх боломж бүрджээ. 

   Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн үйл ажиллагаатай танилцаж, дэлгэрэнгүй мэдээллийг сонссоны  дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус үйлдвэрийн хамт олон, уурхайчдын ажил үйлсэд сайн үнэлгээ өгч, “Засгийн газраас ямар нэг зүйл хүсэхгүй өөрсдөө бүгдийг хийх бүрэн боломж байна” гэдэгт сэтгэл өндөр байгаагаа хэлсэн. Мөн Монгол Улсын эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч, улс орон нутгийн төсөвт бүрдүүлдэг хувь нэмрээ жилээс жилд нэмэгдүүлэн ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэр, энд ажиллаж буй нийт ажилтан, уурхайчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэн ерөөлөө. 
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Балжинням

Фото Н.Батсүх