Хаан банкны АТМ Монголдоо л дэвшилтэд технологтэй гэдгээрээ бусад банкнаас давуу талтай байгаа билээ. Өөрөөр хэлбэл Хаан банкны карттай хэн бүхэн заавал банк орохгүйгээр АТМ-аар банк дотроо гүйлгээ хийх, өөрийн данс руу мөнгө хийх зэргээр цаг зав хэмнэж байгаа. Гэвч тухайн дэвшилтэд технологи нь “алдаа заасны” улмаас иргэд ялтан болсоор байна.

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг, Нархан нэртэй хүнсний дэлгүүрт байрлах Хаан банкны АТМ /автомат тооцооны машин/-аар үйлчлүүлэхдээ иргэн Э.Б өөрийн дансандаа  400 000 төгрөг хийхэд  18000 төгрөг нь буцаж гарч ирсэн байна. Улмаар бусад мөнгө нь дансанд орчихсон байх гэж бодоод гаран байна. Улмаар виза картаа ч авалгүй яарч явсанаа санаж  ойролцоогоор 10 минутын дараа буцаад уг автомат тооцооны машин дээр очиход мөнгө нь ч ороогүй, карт нь ч байхгүй болжээ. Улмаар картыг мөнгөтэй нь  хамт залгичихлаа гэж бодон  Хаан банкны лавлах 18001719 дугаар руу залгахад  “Гомдол саналыг чинь хүлээж авлаа эргээд тантай холбогдоно” гэж хэлсэн байна.  Хоёр хоногийн дараа Хаан банкнаас утсаар яриад таны гомдлыг шалгахад Хаан банкны автомат тооцооны машин таны мөнгө картыг аваагүй таны ард үйлчлүүлсэн эхнэр нөхөр хоёр таны карт мөнгийг авсан байна та цагдаагийн байгууллагад хандаж асуудлаа шийдүүлнэ үү” гэж зөвөлгөө өгчээ. Ийнхүү зөвлөсний дагуу цагдаагийн байгууллагад хандаж, асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Энэ талаар Хаан банкны ажилтан “...2019 оны 03 дугаар сарын 23-ны үеэр харилцагч Б Нархан супер маркетийн автомат машинд 380.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийсэн байсан. Тэр үед уг харилцагч гүйлгээгээ дутуу хийсний улмаас дараагийн харилцагч нь тухайн харилцагч Б-ийн Хаан банкны карт болон бэлэн 380.000 төгрөгийг авсан байсан. Тухайн харилцагч Б-ийн бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлээд 380.000 төгрөгөө авалгүй орхисон нь манай автомат машины программын алдаа биш харин харилцагч Бийн автомат тооцооны машинтай харьцахдаа үйлдлээ дутуу хийснийх юм. Манай тооцооны машин нь алдаатай гүйлгээ хийдэггүй. Тухайн үед гүйлгээ хийгдээгүй учир харилцагчийн дансны мэдээлэл байх боломжгүй. Угаасаа автомат машин хуучин, муу, урагдсан мөнгөн дэвсгэртийг хүлээн авч уншдаггүй учир буцаан гаргасан. Энэ нь автомат тооцооны машины алдаа биш...” хэмээн мэдүүлсэн байх юм.

Энэ хэргийн талаар  Ө.Ө  “... Би уг өдөр Архангай аймгийн төвд 10 давхар байрны 6 дугаар давхарт ах С ийнд байж байтал манай нөхөр Д намайг виза аваад гараад ир гэж дуудсан юм. Тэгээд би нөхрийнхөө виза картыг авч гараад 10 давхар байрны доор байдаг Нархан нэртэй хүнсний дэлгүүр дотор байдаг Хаан банкны автомат тооцооны машинаар үйлчлүүлэх гэтэл хэд хэдэн сонголт гарч ирсэн. Тэгэхээр нь би цуцлах гэсэн товчийг нь дартал эхлээд виза карт нь гарч ирсэн бөгөөд дараа нь мөнгө гараад ирсэн. Тэгэхээр нь аваад халаасандаа хийчихсэн юм. Би тухайн үед нөхөртөө хэлээгүй байж байгаад гэртээ хариад буюу хоёроос гурав хоноод нөхөртөө хэлтэл манай нөхөр наад мөнгийг чинь үрж болохгүй шүү гэж хэлээд өөрөө авч яваад өөрийнхөө дансанд хийчихсэн байж байгаад буцаагаад өгчихсөн юм. Би өөрийнхөө урд үйлчлүүлж байсан хүнээ анзаараагүй бөгөөд хэн гэдгийг нь мэдээгүй” гэжээ. Өөрөөр хэлбэл АТМ-аас мөнгө гараад ирэхээр нь ямар ч хүн авна. Хүн бүр хуулийн мэдлэггүй болохоор нөхөртэйгөө ярилцаж байгаад дансандаа хийсэн нь ийнхүү буруудсан байгаа юм.

 Хэрвээ хаан банкны АТМ энэ мэтээр  “алдаа” заагаагүй бол нэг хүн өнөөдөр ял сонсохгүй байлаа.

Ө.Ө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Улмаар  гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ө-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Хаан банкны АТМ-тай холбоотой энэ төрлийн хэргээс хэд хэдэн хүн ял авч байсан талар бид өмнө нь удаа дараа мэдээлж байсан юм. Тиймээс Хаан банк энэ төрлийн алдаа давтагдахгүй байхад анхаарах цаг болсныг үүгээр дуулгаж байна.