Хоёрхон сарын дараа он солигдоно. Үүний дараа хавар нь УИХ-ын сонгууль болно. Гэтэл ирэх оны төсвийг тэд өөрсдийн сонгуулийн шоундаа хэдийнээ чимээгүйхэн төсөвлөөд авч байгаа бололтой. Ийн хардахын учир нь урьд өмнө нь төсөвт тусгагдаж байгаагүйгээр их халамж, тэтгэмжийн мөнгө яригдав.

Үүний нэг нь, Төрийн албаны тухай хуулиар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн үйлчилгээний алба хаагчдад олон жил ажилласны нэмэгдэл олгодог болохоор төлөвлөж байна. Олон жил ажилласны нэмэгдлийг дунджаар 10 хувь байхаар тооцож, 150 тэрбум төгрөг төсөвлөсөн. Түүнчлэн соёл урлаг, байгаль орны салбарынханыг тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн тэтгэмж олгодог болж байгаа ажээ. 

Иргэдийнхээ цалин хөлс, халамж үйлчилгээг нь нэмэх нь зүйн хэрэг ч өмнө нь хэлж яриад байхад хориг хандаж ирсэн. Гэтэл яг сонгуулийн жилээ хавтгайрсан халамжтай төсөв батлуулахаар оруулж ирсэн нь гайхашрал төрүүлж байна. Нөгөөтэйгүүр, улсын төсөв нэрээр иргэдэд ийн бэлэн хоол өгч итгэлийг олж аван, саналыг нь авах далд санаа. Сургууль, цэцэрлэгийн барилга үй олноороо төсөв царцсанаар баригдаж дуусаагүй байгаа гэдгийг тэд мартжээ. 

Тэгвэл төсвийн орлогоо дараах байдлаар тооцжээ. 

  • Татварын орлого 10 их наяд
  • Татварын бус орлого 991 тэрбум
  • Тусламжийн орлого 150 тэрбум
  • Тогтворжуулалтын сангийн орлого 125 тэрбум
  • Ирээдүйн өв сангийн орлого 977 тэрбум

Харин төсвийг дараах байдлаар зарцуулна.

  • НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог болгоно.
  • Газрын төлбөрийг бүрэн хураах зорилгоор эрх зүйн орчныг сайжруулна. Ирэх онд газрын төлбөрийн 40 хувийг сумдад олгоно. Газар олгох шийдвэр гарсан даруйд төлбөрийг шууд хураана. Газрын бүх мэдээллийг цахимжуулна.  
  • Дотоод, гадаад бонд гаргахгүй.
  • МСҮТ-ийн оюутнууд одоо өгч байгаа тэтгэлгээ нэмж сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно. 40 мянган сурагчдад 79.9 тэрбум төгрөг зарцуулна.
  • Цэцэрлэгийн хүүхдийн хоол, ЕБС-ийн “Үдийн цай” хөтөлбөрийн зардлыг нэмнэ.    

Уул уухайн голлох бүтээгдэхүүнүүд:

  • 42 сая тонн нүүрс худалдана. (эрчим хүчний нүүрсийг 75, коксжих нүүрсийг 125 ам.доллараар тус тус худалдана.)
  • 1225 мянган тонн зэсийн баяжмал худалдана.
  • Төмрийн хүдэр, алтны үнэ өсөх тооцоо хийсэн.

Иргэдтэй холбоотой өөрчлөлтүүд:

  • Эхчүүд тэтгэвэрт гарахад нийгмийн даатгал төлсөн хугацааг нь хүүхдийнх нь тоогоор үржүүлж бодно. Жишээ нь 4 хүүхэдтэй эхэд 6 жилийг нэмж тооцно.
  • Цалинг инфляцтай уялдуулан нэмэхэд 160 тэрбум төгрөгийн
  • Төрийн албаны шинэ хууль хэрэгжих тул 140 тэрбум төгрөгийн нэмэлт зардал тусгасан. Жишээ нь багш нарын дундаж цалин 1.5 сая болно.
  • “Эрүүл шүд” хөтөлбөрт 5.3 тэрбум төгрөг дахин зарцуулна.   

Бусад зардлууд:

  • Байгалийн түүхийн музей шинээр барихад 53 тэрбум,
  • Үндэсний урлагийн их театр шинээр барихад 30 тэрбум,
  • Улсын драмын эрдмийн театр шинээр барихад 4 тэрбум,
  • Төв номын сан шинээр барихад 4 тэрбум,
  • Дуур бүжгийн эрдмийн театрыг мөн шинээр барина.
  • Нийслэлд гал унтраах аврах ангийн барилга шинээр барихад 13.4 тэрбум,
  • Улсын бүртгэлийн үйлчилгээний цогц төв барина.
  • Орон нутгийн хөгжлийн санд нийт 188 тэрбум төгрөг хуваарилна.
  • Сумын төвийн шинэчлэлд 20 тэрбум төгрөг (бүс бүрээс 1 сум сонгон, хашааны айлуудыг дэд бүтцэд холбоно.)
  • 2020 оны олимпийн наадамд 20, хүүхдийн их наадамд 9.6 тэрбум төгрөг,
  • Кино урлагийг дэмжих санд 10 тэрбум төгрөг,
  • УИХ-ын сонгуулийн зардалд 20, олон нутгийн сонгуульд 10 тэрбум төгрөг, нийт 43 тэрбум төгрөг,
  • Хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэдэд 54 тэрбум төгрөг,
  • Махны, улаан буудайн урамшуулал үргэлжилнэ.
  • Дарханы “Аж үйлдвэрийн парк”-ийн бүтээн байгуулалтад 15 тэрбум,
  • Агаарын бохирдлыг бууруулахад 137 тэрбум төгрөг,
  • Улсын авто замын санд 55 тэрбум,
  • Харгиа цэвэрлэх байгууламжид 5 тэрбум,
  • Хар тамхитай тэмцэх зорилгоор орон тоо, зардлыг нэмж 1.3 тэрбум,
  • Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх экологийн цагдаагийн албанд 4.8 тэрбум

Дээрх төсвөөс харахад сонгуулийн насныханд халамж, тэтгэлэг, цалин хөлсний нэмэгдэл байгааг харж байгаа биз. Түүнчлэн иргэдийн халаасыг нимгэлж байгаа НӨАТ-ын сугалааг зогсоох, 10 хувиа буулгах тухай байхгүй байгаа нь иргэдэд ачааг мөн л үүрүүлэхээр шийджээ.

Ид хөдөлмөрлөх насан дээрээ яваа залуус ажилгүйчүүдийн эгнээг тэлсээр байгаа. Гэтэл тэднийг ажлын байртай болгох ганц ч дорвитой санхүүжилт алга. Ядаж тэднийг ажилтай болгохын тулд үйлдвэр барихгүй юм гэхэд багахан түлхэц болохуйц хэрэгжилт байж болмоор.