Ардчилсан намынхан ОХУ-аас үлдсэн зүйлст хэзээнээсээ дургүй. Гэхдээ ийм дүгнэлтийг ганц хүн хийгээгүй. Тэдний өмнө нь хийсэн үйлдэл, гаргасан шийдвэр олон нийтийг ийм дүгнэлт хийхэд хүргэсэн юм.

Хамгийн ойрын жишээ нь В.И.Лениний хөшөөг Улаанбаатар зочид буудлын урд талын цэцэрлэгээс нэг л өдөр буулгасан нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн шийдвэр байв. Мэдээж энэ нь Ардын намын үед гаргасан шийдвэр, хаа нэг талбайд босгосон хөшөө хүртэл эрх баригчдад таалагдахгүй байгаатай холбоотой. Үүнийг зарим хүн өнгөрснийг үгүйсгэж, түүхийг хүртэл өмчлөх үзэл бий болсон гэдгээр тайлбарлаж байгаа. Одоо Ардын намын үед Д.Сүхбаатараар овоглодог байсан төв талбай Эзэн Чингисийнх болж, Лениний хөшөө хаягдал төмөр хураасан хашааны нэгээхэн буланд хэвтэж байгаа нь үүнийг нотолно. Ардын намын үед хэзээнээсээ тахин шүтэж, айл бүрийн хойморт зураг нь залардаг байсан ОХУ-ын удирдагчийн хөшөө ийнхүү ардчилсан үзлийг баримтлагчдын үед үнэ цэнгүй зүйл болж хувирсан юм. Нэг ёсондоо В.И.Ленинээр овоглосон зүйлст тэд огтхон ч таатай ханддаггүй юм.

Нэг хэсэг дээрх асуудлуудаас болж хоёр намынхан талцаж маргалдсан бол одоо Лениний музейг минийх, чинийх хэмээн булаацалдах боллоо. Түүх сөхвөл музейн барилгыг 1974-1980 онд улсын хөрөнгө оруулалтаар Соёлын яамны захиалгаар бариулжээ. Оросуудаар бариулсан уг музейн барилгын бүх хөрөнгийг улсын төсвөөс гаргасан байдаг гэнэ. Ийм баримттай Ардчилсан намынхан барилгыг төрийн өмч гээд буцааж авахаар хөөцөлдөж нааштай шийдвэр ч гаргуулж чадсан. Гэхдээ В.И.Лениний хөшөөг хүртэл сууринаас нь аваад хаячихсан тэд музейн барилгыг хайрлаж, хамгаална гэдэг нь эргэлзээтэй. Музейд үлэг гүрвэлийн үзмэрүүдийг байршуулна гэж байгаа ч нэгэн судлаачын дүгнэсэнчлэн ЗХУ задран бутарч, ерээд оны шинэ үзэл санааны их хувьсгалын шуурга монголчуудын ленинизмд итгэх итгэлийг шүүрдэн арилгасан тэр л үеэс хойш зориулалтаар нь ашиглаагүй барилгад тусгай орчинд хадгалах ёстой үлэг гүрвэлийн яснуудыг шууд байрлуулах боломжгүй. Нэг ёсондоо зориулалтаар нь ашиглалаа гэхэд сэргээн засварлаж, ашиглах хүртэл чамгүй хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдана. Магадгүй энд үлэг гүрвэлийн яс хадгалах боломжгүй гээд өөр музей барихыг ч үгүйсгэхгүй юм. Ямартай ч хотын төвд, ашигтай байрлалтай музейн барилга одоо эзэн нь хэмээн нэрийдэж байгаа Ардын намынхны хувьд амар буцаагаад өгчихөж болдоггүй үл хөдлөх хөрөнгө харагдаад, засгийн эрх барьж байгаа нэгэнд нь ямар нэгэн аргаар өөртөө авчихмаар үнэтэй обьект санагдаж байгаа нь лавтай. Ардын намынхан одоо “ОХУ энэ барилгыг манай намд бэлэг болгон өгсөн. Тус улсын Төв архиваас бэлэглэж байсан тухай тогтоол, хүлээлгэн өгсөн бичиг баримт сэлтийг бидэнд ирүүлсэн” гэцгээж байгаа. Ийнхүү В.И.Ленинд дургүй Ардчилсан нам, өөрсдийн өмч гэж итгэсэн Ардын намынхны дунд музейн барилга хэнд ч хэрэггүй байшин болж хоцроод нэг жилийн нүүр үзлээ.

Т.УРАНГЭРЭЛ