Нийслэл хот өнөө жил утаагүй өвөлжих бололтой хэмээн нэг хэсэг нь ихэд баярлаж байна. Харин нөгөө хэсэг нь хагацал зовлон үзээд хүндхэн л байдалтай байна. 

Түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар нийслэл хот руу оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр өнгөрөгч тавдугаар сард гарч хэрэгжиж эхэлсэн. Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр орлуулснаар хорт утааны ялгарал их хэмжээгээр багасч, агаарын бохирдол 50 хувь буурна гэж Засгийн газар үзэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тогтоол гаргасныг эргэн сануулъя.

Харамсалтай нь шахмал түлш хэрэглэж эхэлсэн өдрөөс хойш угаарын хийд хордож зургаан иргэн амиа алдлаа. Анхлан угаарын хийнд хордсон гэх мэдээлэл цацагдаж эхэлснээс хойш 100 гаруй тохиолдол хуулийн байгууллагад бүртгэгджээ. Тэгвэл нас барсан зургаан тохиолдлын тавд нь эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.

Үүнээс гадна угаарын хийд хордлоо гэх 81 тохиолдолд нь хэрэг бүртгэл нээж, тавд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Харин өчигдөр буюу энэ сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад 22 дуудлага бүртгэгдэж 45 хүн хордсон гэх шалтгаанаар эмнэлгийн үйлчилгээ авчээ. 

Ийнхүү хорт утаанаасаа ангижирч ирээдүй болсон үр хүүхдээ хамгаалах гэсэн ч иргэдийнхээ амь насаар солиод эхэлсэн нь айдас хүйдэс дагуулаад байна. Зарим иргэд гал түлэхээсээ айж байгаа гэдгээ ч УИХ-ын даргад иргэд учирлаад авсан гэв. 

Нийслэлийн түүхий нүүрсний жилийн хэрэглээ жилд 1.2 сая тонн бөгөөд ялгарч байгаа утаа нь агаарын бохирдлын 80 гаруй хувийг бүрдүүлдэг юм. Харин шахмал түлш хэрэглэснээр 40 хувь хүртэл буурах боломжтой гэж мэргэжилтнүүд дүгнэсэн. Энэхүү шахмал түлшний хувьд барьцалдуулагч түүхий эдийг Хятад улсаа авсан гэж байгаа. Гэтэл үүний цаана нь нүүрсийг нийлүүлсэн компани буруутан болоод байгаа асуудал гарч ирэх нь тэр. 

Ерөнхийлөгч Х.Баттулга болж буй үйл явдалтай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт эмгэнэл илэрхийлж, өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “…Мэргэжилтнүүдийн гаргасан урьдчилсан дүгнэлтүүдээс харахад сайжруулсан шахмал түлшинд хэрэглэх нүүрсийг Ухаа худгийн уурхайн угаасан нүүрсний хаягдлаар бүрдүүлжээ. Эндээс юу харагдаж байна гэхээр жил бүрийн өвөл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэх нэрээр зүсэн зүйлийн арга сэддэг, иргэдийн эрүүл мэндээр ашиг олдог бүлэглэл бодитойгоор байсаар байна. Энэ бүлэглэл агаарын бохирдлыг арилгах дорвитой, бодитой, үр дүнтэй арга сэдэхийн оронд утаагүй зуух, дулаан бүрээс, цахилгаан халаагуур, агаар шүүгч гэх мэт элдэв тоног төхөөрөмж улсад шахаж ашиг олох атгаг санаагаа л олон жилийн турш амжилттайгаар хэрэгжүүлж ирлээ. Утаагүй зуух, шахмал түлшээр агаарын бохирдлыг шийдвэрлэсэн нэг ч улс дэлхий дээр алга. Орон сууц барьснаар шийдэж байсан туршлага байна. Жил бүр шинэ луйвар сэдэж, хэрэгжүүлдэг энэ байдлаасаа эрс шийдвэртэй салаач гэж Засгийн газраас шаардах байна. Иргэдийн зовлонгоос ашиг унагадаг байдлыг таслан зогсоогооч.

Яагаад анх төлөвлөж байснаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний нүүрсийг шахмал түлшний түүхий эд болголгүй “Энержи ресурс” ХХК-ийн угаасан нүүрсний хаягдлыг сонгов? Барьцалдуулагч бодисын үнэ, чанарын асуудал анх танилцуулсан байдлаасаа яагаад зөрөв. Шахмал түлш үйлдвэрлэх үйл явцад “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас бүрдүүлсэн Ажлын хэсгийг яагаад сольж, халах болов. “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрчим хүчний нүүрсэн дэх хүхрийн хэмжээ “Энержи ресурс” ХХК-ийн хаягдлаас 1.9 дахин бага хэмжээтэй байгаа юм. Гэтэл яагаад гэнэт илүү их хүхэртэй, хаягдал нүүрсийг ашиглахаар шийдвэрлэв. Энд хэний, ямар ашиг сонирхол нуугдаж байна гээд хууль хяналтын байгууллагын олж тогтоох ёстой олон асуулт хариултаа хүлээсээр л байна.
Гэмт үйлдэл хийсэн, холбогдсон хэн ч хуулийн хариуцлагаас мултрах ёсгүйг анхааруулж байна. Хүний амь нас, эрүүл мэндээс үнэтэй зүйл үгүй. Хэн нэгэн албан тушаалтан, хэсэг бүлэг олигархийн ашиг олох хүсэлд жирийн иргэд амь насаараа өртөн хохирч байгааг хэрхэвч зөвтгөж, булзааруулан өнгөрөөж болохгүй. Хариуцлага алдсан, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан үйлдвэрлэгчид болон түүхий эд нийлүүлэгчид, төрийн албан хаагчдад хуулийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ” хэмээсэн. Харин нөгөө талаас  “Энержи ресурс” ХХК-ийн захирал Г.Батцэнгэл “…Засгийн газрын хүсэлтийн дагуу манай компани угаасан эрчим хүчний нүүрс үнэ төлбөргүй “Тавантолгой түлш” ХХК-д нийлүүлсэн. Өөрийн цахилгаан станцад ашигладаг, дотоодын цемент шохойны үйлдвэрт нийлүүлдэг, мөн Хятад руу экспортод гаргаж борлуулдаг өндөр илчлэгтэй эрчим хүчний нүүрс юм” гэсэн хариултыг өгсөн. 

2019 оны аравдугаар сарын 10-нд “Энержи ресурс” ХХК албан ёсоор тайлбар гаргав. Түүндээ “…Төр, засгийн удаа дараагийн хүсэлт, шаардлагын дагуу нийт 800 мянган тонн угаасан эрчим хүчний нүүрсийг 100 хувь төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Тавантолгой түлш” ХХК-д үнэ төлбөргүйгээр нийлүүлсэн” гэсэн юм. 

Сошиал орчинд ч хими, инженерийн докторууд өөрсдийн байр сууриа ч мөн илэрхийлээд буй. Нөгөөтэйгүүр, шахмал түлшний түүхий эдэд шинжилгээ хийхээр хэвийн гарч байгаа. Гэвч  нөгөө талаас шатсан хойноо ямар урвалд орж,  юу болдгийг нь шинжлэх төхөөрөмж манай улсад алга.  Огт байхгүй байсан гэсэн бас биш юм. Одоогоор эвдэрсэн байгаа гэдгийг мэргэжлийн хүн онцлов. Тэгэхээр шахмал түлшинд зөв галлагаанаас гадна шатсаны дараа юу болдог вэ гэдэг дээр одоо анхаарлаа хандуулах хэрэгтэй болов уу. Эдийн засагч Б.Дөлгөөн энэ талаар дэлгэрэнгүй илтгэлийг тавьсан байдаг. Эцэст нь хэлэхэд, шатсаны дараа юу болж байгааг нь тачигнасан өвлөөс өмнө шийдээд, үнэхээр иргэд буруу галлаад угаартаад байна уу гэдгийг тогтоочихвол айх айдасгүй болмоор.