Нийгмийн даатгалыг ихэнхи иргэд банкнаас зээл авах гэж л төлдөг хэмээж байна. Залуучууд гадагшаа явж ажиллах, суралцахад нийгмийн даатгалтай эсэх нь мөн л хамаардаг. Ямар ч иргэн банкнаас үл хөдлөх хөрөнгө, машин гээд хэрэгцээтэй болон нэн шаардлагатай үедээ зээл авдаг.

Зээл авахад тухайн хүний орлого, зарлага огтоос хамаагүй гол нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх нь чухал. Өөрөөр хэлбэл, зээл авахад л зорилж залуучууд шимтгэл төлдөг гэсэн үг юм. Угтаа бол тэтгэвэрт гарахад энэхүү төлсөн мөнгө нь түүний тэжээх хэмжээний байх шаардлагатай байдаг. Гэтэл манай улсад энэ нь тун эргэлзээтэй. Одоогийн хөгшүүлийн тэтгэвэр хаана ч хүрэлцэхгүй байна. Хажуугаар нь арилжааны банкууд хөгшидийг тэтгэврийн зээл авахад нь тал хувийн шахуу зээлийн хүүд хамаж байгааг хэн хүнгүй мэднэ. 

Тэгвэл ирэх оноос шимтгэл төлөлт нэмэгдэж байна. 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс эхэлж 25 хувь болж нэмэгдэх юм байна. Үүний 13 хувь нь ажил олгогч, 12 хувийг ажилтан төлнө. Уг 25 хувиас 18 хувь нь нийгмийн даатгалын алдагдлын санд орно. Ийн нэмэх болсон шалтгааныг Нийгмийн даатгал болон Тэтгэврийн сан ачааллаа дийлэхээ больсон шалтгаанаар шимтгэлийг нэмэгдүүлжээ. Нийгмийн даатгалын шимтгэл 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс  нэг  хувиар нэмэгдсэн юм.  Ингэхдээ ажил олгогчийн төлдөг хувь 0.5 хувиар, ажилтнаас төлдөг шимтгэл мөн 0.5 хувиар тус тус нэмэгдэж бодогдсон.

Ингээд 2020 онд мөн хоёул нэг, нэг хувиар нэмж төлөхөөр боллоо. 2008 оноос өмнө Цалин хөдөлмөрийн хөлснөөс ажил олгогч 13.5 хувийн, даатгуулагч 5.5 хувиар нийтдээ 19 хувийн шимтгэл төлдөг байсан. Харин 2017  оноос ажил олгогч 9.5 хувь, ажилтан 9.5 хувь нийтдээ эргээд 19-21 хувиар төлдөг болгоод зохицуулсан. Энэ зохицуулалтаар 2018 онд 23, 2019 онд 24-26, 2020 онд 26-28 хувиар төлөхөөр болж байна. 

Тэгэхээр залуу гэр бүл байрны зээлэнд хамрагдахын тулд цаг наргүй буюу 7 хоногийн турш амралтгүй ажиллаад сард 1 сая 700 мянган төгрөгийн цалинг авч байна. Арилжааны банкууд дор хаяж бүтэн 6 сар тасралтгүй ажилласан үед байрны зээлийг нь гаргаж өгнө гэжээ. Энэхүү уг гэр бүл он гарангуут банкны шаардлагыг хангаж байгаа юм. Гэтэл өнөөх цалингаасаа улсад бас л өгөх болчихлоо. Ингэхээр яаж байрны зээл төлөх вэ? 900 мянган төгрөгийн цалинтай иргэн шимтгэлдээ 234 мянган төгрөгийг өгнө гэж байгаа. Байртай болж, зээлээ төлөхөд ийн нэмэгдсэн шимтгэл тушаа болох нь ээ хэмээн залуус халаглаж сууна. Олон жил айлын хажууд толгой хорогдож гэртэй болохын төлөө ажиллаж байгаа залуучууд олон байгаа. 

Тэдэнд зээлийнхээ хүү бууруулж тус болдоггүй юм аа гэхэд ингэж ус болмооргүй байна. Эдийн засагчид ч шимтгэлийг нэмэгдүүлэх тал дээр эрсэг байр суурьтай байгаа аж. Тэдний үзэж буйгаар, нийгмийн даатгалын алдагдлын санд мөнгө хийнэ гэдэг ёроолгүй савд ус хийж байгаатай адил хэмээж байна. Өөрийнхөө хөдөлмөрлөж олсон цалингаасаа хэзээ ёроолтой болох нь тодорхой бус зүйлд өгөх нь хэр оновчтой бол. Тэтгэвэрт гарахдаа санаа зовох зүйлгүй байна гээд өндөр дүнгээр шимтгэл төлөөд байдаг гэтэл бодит амьдрал дээр сүүлийн жилүүдэд ажилласан хөлс нь өндөр байх ёстой. Үүгээр нь тэтгэврийг нь тогтоочихдог. Тэгэхээр иргэд НДШ төлөх эсэхэд маш их эргэлзэж байна.