Идэр насны залуу уруулаа час улаанаар будаж, хацар дээрээ томоос том мэнгэ зурж, нэг л гунигтай бодлогоширч, цонх ширтэн зогсоно. Шархадны автобусны эцсийн буудлын дэргэд байрлах ногоон алаг байшингуудаас бүрдэх Сэтгэцийн эрүүл мэндийн  үндэсний төвөөс (СЭМҮТ) ийм нэг дүр зураг харав. Дээрх залуу тус төвийн  III клиник хэмээх “Б” блокт хэвтэн эмчлүүлж байсан юм. СЭМҮТ-ийн Донтолт эмгэг судлалын насанд хүрэгчдийн тасгаас дараах сурвалжилгыг бэлтгэлээ. 

Ногоон алаг хуучны барилгуудын дундуур алхсаар шинээр баригдсан гурван давхар улаан тоосгон байшингийн өмнө хүрч ирэв. Гурван давхар байшингийн цонх бүрт төмөр сараалжин хаалт хийсэн байлаа. Шатаар алхаж хоёр давхарт байрлах “Донтолт эмгэг судлалын клиник” гэсэн хаягтай хаалганы  хонхыг дарлаа. Хаалга нь цоожтой, “Хонх дарна уу” гэж бичжээ. Удалгүй сувилагч бүсгүй түлхүүрээ хоёр удаа эргүүлж хаалгыг онгойлголоо. Гэхдээ биднийг оруулчихаад л яах ийхийн зуургүй хаалгаа дахин түгжиж орхив. Энэ клиникийн хаалга  цаг ямагт цоожтой байдаг нь илт.

Үүдний хүлээлгийн өрөөнд 60 гаруй насны эмэгтэй бэртэйгээ, хүүтэйгээ хамт сууж байв. Хүү нь энэ тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бололтой. Залуу “Та нар одоо яв. Эмч ирэхгүй, дараа нь болно биз” гэдэг үгийг ээж, эхнэртээ хэд хэдэн удаа давтан хэлж байгаа нь сонсогдов. Ээж нь “Чи өрөөндөө ороод амарч бай. Би эмчийг хүлээж байгаад уулзана” гэлээ. Энэ эмэгтэй архины хамааралтай хүүгээ эмчлүүлэх гэж  орон нутгаас тус төвийг  зорин иржээ. Тэрбээр “Хүү минь жаахан балгаад байх юм аа. Архи уучихсан байхыг нь харах төдийд л сэтгэл өвдөж, би л хүүхдээ буруу эрхлүүлж дээ гэж өөрийгөө зүхэх юм. Харин энэ тасагт хүү маань эмчлүүлээд гайгүй болох болов уу гэж итгэж байна. Архи уух дуршлыг нь 30 хувиар бууруулдаг гэсэн. Сэтгэл санаа их чухал юм шиг байна лээ. Нутагтаа очоод найз нөхөдтэйгээ нийлээд уучих вий гэж айж л сууна. Гэхдээ миний хүү өөрөө “Энд хэвтэе, архинаас гарна” гэж хэлсэн болохоор итгэл дүүрэн байна” хэмээн санаа алдан ярив.
Харин эсрэг талын буйдан дээр сууж байсан 25 орчим насны залуу гар утсаа гаргаж ирээд “Ээжээ би ирчихлээ, гараад ир” гэж ярив. Хүлээлгийн өрөөний хаалгаар 40 орчим насны эмэгтэй гарч ирээд хүүгийнхээ хацар дээр үнсэх нь эх, үрийн хайрыг илтгэж, тэдний өмнөөс баярлах сэтгэл эрхгүй төрөв. Хүү “Таны царай ямар гоё харагдаж байна вэ. Эмч таныг нэг жил зургаан сар өглөө бүр эмээ тасралтгүй ууж чадвал архинаас нэг мөсөн гарна  гэж байна. Та чадах уу. Та эмнэлэгтээ үргэлжлүүлээд хэвтэх үү, гэртээ харих уу. Юу гэж бодож байна. Хүссэнээ хийж болно” гэж хүү нь итгэлийн харцаар ээж рүүгээ ахин дахин харан яриагаа үргэлжлүүлнэ. Харин ээж нь хүүгийнхээ урдаас юу ч хариулалгүй, яг л аавдаа загнуулж буй хүүхэд аятай хэсэг суув. 
Төд удалгүй  ахлах ангийн сурагч  болов уу гэмээр охин хүлээлгийн өрөөнд орж ирлээ. Хаалга онгойлгож өгсөн сувилагчийн өөдөөс “Сайн байна уу, та намайг таньж байна уу. Манай аав энэ тасагт хоёр удаа хэвтээд гарч байсан. Гэтэл аав маань дахиад архи уугаад болдоггүй. Дахиад хэвтүүлэх боломж байгаа болов уу. Би эмчтэй уулзах гэсэн юм” хэмээн учирлан ярив. Аавынхаа төлөө явж буй тэр бяцхан зүрх нэг тийм хэрсүү, бас зоригтой, зорилготой, архи л байхгүй бол амьдрал нь сайхан болох итгэл сэтгэлдээ өвөртөлж ирсэн  нь илт харагдана. 4х4 метр хэмжээтэй жижигхэн хүлээлгийн өрөөнд ийм яриа хоёр цаг гаруй хугацаанд үргэлжилсэн юм. 

Л.МЯГМАРСҮРЭН: АРВАН ЖИЛ АРХИ УУСАН ХҮНИЙГ АРАВ ХОНОГТ ЭМЧИЛНЭ ГЭДЭГ ХЭЦҮҮ

СЭМҮТ-ийн Донтолтын эмгэг судлалын тасагт жилд давхардсан тоогоор 1000 орчим хүн хэвтэн эмчлүүлдэг аж. Үүний 90 гаруй хувь нь зөвхөн архинаас хамааралтай донтох эмгэгтэй бөгөөд үлдсэн нь хар тамхи, мансууруулах бодис, зан үйлийн хүрээний дон буюу цахим, мөрийтэй тоглоом зэрэгт донтсон байдаг. Насанд хүрэгчдийн донтолтын тасгийн их эмч Л.Мягмарсүрэнтэй ярилцлаа. 

-Сүүлийн үед хүмүүс янз бүрийн зүйлд донтож байна гэж сонсогдох боллоо. Тухайлбал, хатгамал оёх, шигтгээ наахад донтдог болсон гэсэн. Ийм донгоор танай тасагт хүн эмчлүүлж байв уу? 
-Манай тасагт ийм төрлийн донтой хүн эмчлүүлж байгаагүй. Харин газ, бензин, шар цавуу үнэрлэж донтсон хүн байдаг. Гэхдээ энэ нь ихэвчлэн насанд хүрээгүй хүүхдийн тасагт ирдэг. Хүүхдүүд томоогүй, гэнэн зангаасаа болж тийм зүйл үнэрлэж, донтдог. 
-Танай тасагт архинд донтох эмгэгтэй хүмүүс ихэвчлэн эмчилгээ хийлгэдэг гэсэн. Энд эмчлүүлчихээд эргээд архи уух тохиолдол хэр их байдаг вэ? 
-Архи, мансууруулах бодисын дон нь архагшиж, даамжирдаг. Тэгэхээр сэдрэх магадлал өндөртэй дон гэж ойлгож болно. Хувь хүнээс өөрөөс нь шалтгаална. Давтан ирж хэвтдэг хүн олон бий. 
-Хөдөө орон нутгаас ирж, хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн олонх нь ямар төрлийн донтой байна вэ? 
-Архины хамааралтай, бүүр цаашлаад солиорлын байдалтай хүмүүс хөдөө орон нутгаас ирж, хэвтэн эмчлүүлэх нь олон. Тэд өөрсдийн хүсэлтээр болон гэр бүлийнхээ албан шаардлагаар ирж эмчлүүлээд буцдаг. 
-Солиорно гэхээр яах вэ?
-Архинд донтох эмгэгтэй хүмүүс эхлээд сэтгэл зүйн хараат байдалд шилждэг. Дараа нь архи уух нь даамжраад, гүнзгий шат буюу биеийн хараат бус байдалд ордог. Биеийн хараат бус байдал гэдэг нь  хүмүүсийн сайн мэдэхээр шарталт гэсэн үг. Шарталт нь мөн ялгаагүй өвчин шиг даамжирдаг зүйл. Архи хэрэглэдэг хүн эхлээд салгалж, чичирдэг байснаа дараа нь солиорлын шатанд хүрдэг гэж ойлгож болно. Нэг үгээр, архи уухгүй л бол амьдрал нь дуусах гэж байгаа мэдрэмж төрнө.
-Эмэгтэй хүмүүс хэвтэж байгаа харагдсан. Танайд жилд хэдэн эмэгтэй хэвтэн эмчлүүлдэг вэ? 
-Манай тасаг 30 ортой. Үүний хоёр оронд нь л эмэгтэй үйлчлүүлэгч хүлээн авдаг. Эмэгтэйчүүд нэмэгдвэл ороо дөрөв болгодог. Ер нь хэвтэх хүн олон,  дараалал ихтэй байдаг. Яг тэдэн хүн гээд нарийн тоог нь хэлэх боломжгүй. 
-Нэг хүн ойролцоогоор хэдий хэр хугацаанд хэвтэн эмчлүүлдэг вэ? 
-Хамгийн багадаа 10-14 хоног хэвтэн эмчлүүлдэг. Өөрөө төлбөрөө төлж хэвтэн эмчлүүлдэг тасагт үйлчлүүлэгч хэдэн ч өдөр хэвтэж болно. Нэг сар хэвтсэн ч өөрийн дур. Урт хугацаагаар эмчилгээ хийлгэбэл үр дүн сайтай. 
-Архинд донтсон хүмүүс арав хоног эмчлүүлээд архинаас гарч чадах уу. Эмчил­гээгээ гэртээ гараад үргэлжлүүлдэг үү? 
-Манайд хандаж байгаа хүмүүс ойролцоогоор хамгийн багадаа нэг, түүнээс дээш арав, хорин жил архи уусан байдаг. Энэ хүмүүсийн хувьд архи амьдралынх нь хэв маяг, зуршил, бүр бүх зүйлд нь гүнзгий түвшинд шингэчихсэн байдаг. Тийм учраас арван жил архи уусан хүнийг арав хоногт эмчлээд явуулна гэдэг учир дутагдалтай. Заавал үргэлжилсэн шатны эмчилгээ хийлгэж, зөвлөгөө өгөөд гаргадаг. Архины дуршлыг бууруулдаг, түүнийг хэрэглэхээр биед нь өөрчлөлт өгдөг эмэн эмчилгээ жилийн турш хийдэг. Үүн дээр суурилаад тэр хүний зан үйл, амьдралын хэв маягийг нь засах эмчилгээ хийнэ. Архины донтой хүн хамгийн багадаа нэг жил эмэн эмчилгээ хийлгэх хэрэгтэй. 

Хүү “Таны царай ямар гоё харагдаж байна вэ. Эмч таныг нэг жил зургаан сар өглөө бүр эмээ тасралтгүй ууж чадвал архинаас нэг мөсөн гарна  гэж байна. Та чадах уу. Та эмнэлэгтээ үргэлжлүүлээд хэвтэх үү, гэртээ харих уу. Юу гэж бодож байна. Хүссэнээ хийж болно” гэж хүү нь итгэлийн харцаар ээж рүүгээ ахин дахин харан яриагаа үргэлжлүүлнэ. Харин ээж нь хүүгийнхээ урдаас юу ч хариулалгүй, яг л аавдаа загнуулж буй хүүхэд аятай хэсэг суув.

-Архинд донтох эмгэгтэй хүмүүсийн эмчилгээний стандарт гэж байдаг гэсэн. Тэр юу вэ? 
-Архинд донтох эмгэгтэй хүнд цогц эмчилгээ хийх ёстой. Эхлээд хор тайлах эмчилгээ хийж,  дараа нь тухай хүний биеийн зовиур шаналлыг эмчилнэ. Харин дараа нь эмчлүүлэгчид “Архиа болъё” гэсэн сэдэл төрүүлэх зорилгоор ярилцлага, сэтгэл зүйн эмчилгээ хийнэ. Хэрэв тэр хүн архинаас гарах сэдэл, зорилготой байвал түүн дээр нь дэмжиж туслаад, дараа дараагийн эмчилгээ хийдэг. Эхний нэг жил архи уух дуршлыг нь эмээр дардаг. Түүний дараагаас сэтгэл зүйн эмчилгээ хийж эхэлдэг. 
-Ийм төрлийн эмгэгтэй хүмүүст зөвлөгөө өгөхгүй юү? 
-Хүн гэнэт архинд орж, донтоно гэж байхгүй. Тодорхой давтамжтайгаар архи хэрэглээд л байх юм бол донтоно. Хүмүүс өөрийгөө ийм төрлийн эмгэгтэй болсноо сайн мэддэггүй. Би тийм биш гээд л зөрүүдэлдэг.  Архи ууж байгаа хэмжээ, давтамжиндаа байнга хяналт тавих хэрэгтэй. 18-25 насны залуучууд цөөнгүй ирдэг болохоор эмзэглэдэг. Хийж, бүтээх насаа зорилготой, тэмүүлэлтэй өнгөрүүлэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Мөн манайд хэвтэн эмчлүүлээд гарч буй хүмүүс ийм эмгэгээс татгалзаасай гэж хүсэж байна. 
Сүүлийн үед хүмүүс дэлгэцийн дон буюу интернэт, фэйсбүүкд донтох болсоныг тэд онцоллоо. Биднийг эмчийн өрөөнөөс гарах үед хэвтэн эмчлүүлэгчид хоолондоо орж байв. Нарийхан урт хонгилын эгнэсэн олон хаалганаас голдуу цагаан, цэнхэр өнгийн биеийн тамирын хувцастай 20-50 орчим насны эрчүүд гарч ирэн, аяга барин зогсоно. Заримынх нь царай зүс өнгөтэй бол зарим нь аягаа ч дийлэхгүй шахам, цэх зогсож чадахгүй хана налж харагдсан. Сувилагч бүсгүйн “Хоолоо гарч ирээд аваарай” гэх дуутай зэрэгцэн өнөөх хаалгыг түгжих чимээ сонсогдов. Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийг эргэж ирэх хүн тасардаггүй бололтой. Сувилагчид нэг бүрчлэн нэрээ хэлж, эргэлтээр авчирсан хүнсний зүйлээ шалгуулж байв. Учир нь лаазтай, савтай уух зүйлсийг тус тасаг руу оруулах хориотой аж. 
Яагаад ч юм бид архи болон бусад зүйлд донтолттой, яахаа алдсан хүмүүс байгаа гэсэн ойлголттой байсан. Гэтэл хэвтэн эмчлүүлэгчдийн олонх нь архинаас хамааралтай бөгөөд  энэ “лонх”-ноос амьдралаа аврах хүсэл дүүрэн эмчилгээ хийлгэж байсан юм. Хэрэглээгээ зохицуулаагүйгээс болж архинд донтох хүн олон байдаг аж. Харин хэн ч өөрийгөө донтсон гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй байна. Гэвч тэд сараалжин хаалттай цонх, цоожтой хаалгыг өөрсдөө сонгосон. Гэхдээ тэдний гарт түлхүүр нь бий... 

Цонх ширтэж байсан залууг юу бодож зогссон юм бол гэдэг бодол төрж, түүний зүг харлаа. Даанч тэнд хэн ч алга... 

 

Эх сурвалж. Үндэсний шуудан сонин