УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг  УИХ-ын гишүүний бүрэн эрхийг  түдгэлзүүлэх асуудлыг яг одоо УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байгаад МАН-аас хоёр цагийн завсарлага авсны дагуу түр завсарлаад байна. 

Тэгвэл энэ цаг үед УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. 

Н.Номтойбаяр нь олон нийтийн газарт зодоон хийсэн тул өчигдөр МАН-аас "хөөсөн" бол өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Н.Номтойбаярыг түдгэлзүүлэх санал прокурорын байгууллагаас УИХ-д ирсний дагуу УИХ-ын   ёс зүйн дэд хороо, харъяа байнгын хороодоор асуудлыг хэлэлцэж өөр өөр шийдвэр гарсан. Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар асуудлыг эцэслэн шийдэхтэй зэрэгцэн ийнхүү өөрөө УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгч байгаа нь энэ юм. 

Энэ талаар Н.Номтойбаяр:  "Миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг чуулганаар хэлэлцэж байгаад, завсарлага авлаа. Саналыг нууцаар авсан. Миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал 12-ны хэвлэлийн хуралтай шууд холбоотой. Тэгэхээр хэлэх үгээ сайтар бодохгүй бол болохгүй байна.  Сая УИХ-ын чуулганаар хоёр шийдвэр нь мөргөлдчихсөн.  Бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гарсан. Гэвч УИХ-ын тогтоол гаргах асуудал нь  35, 65-ын харьцаатай уначихсан. Тиймээс  МАН-ын бүлэг 2 цагийн завсарлага авсан.  Намайг УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ түрий барьж, хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаанд саад болж байна гэж хэлж, гүтгэж байгаа. Тиймээс УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө  өгөхөө мэдэгдсэн. УИХ-ын даргад өгнө. Надад ямар нэгэн шахалт ирээгүй. Намаас намайг хассан. Тэгэхээр намаас хамгаалах хамгаалалт байхгүй болсон. Тиймээс би өөрөө өргөдлөө өгч, чөлөөлөгдөж үнэн мөнөө тогтоолгоно.  Одоо ингээд чөлөөлөгдөх өргөдлөө өгнө, бичиж цөхөөд байх юу байх вэ" гэв.