Загварын ертөнцөд нэр алдраа дуурсгах чадварлаг моделиудыг бэлтгэж, өсвөр насны охид хөвгүүдийн гоо зүйн мэдлэг, ёс зүйн харилцааг дээшлүүлэхээр зорьж буй “Тансаг мода” агентлагийн захирал Б.Уянгатай уулзаж ярилцлаа. Тус агентлагаас Дархан хотын Нийгмийн ардчилал, монголын оюутны холбоотой хамтран “Дархан мисс-2014” тэмцээнийг энэ сарын 11-нд зохион байгуулахаар болжээ.

-Энэ тэмцээнийг анх хэдэн онд зохион байгуулж байсан юм бол..?

-Дархан хотыг “Сайхан бүсгүйчүүдийн өлгий нутаг” гэлцдэг нь оргүй зүйл биш. Улсын чанартай томоохон тэмцээнд түрүүлж, миссийн титэм зүүсэн олон сайхан бүсгүйчүүд байдаг болохоор тэр. “Дархан мисс” тэмцээн 2003 онд анх зохион байгуулагдаж байсан юм билээ. Түүнээс хойш 13 жилийн хугацаанд ямар нэгэн миссийн тэмцээн зохиогдож байгаагүй. НАМОХ-ноос хэрэгжүүлж буй “Дархан мисс” тэмцээнийг дахин зохион байгуулах төслийн хүрээнд “Тансаг мода” агентлаг хамтран ажиллаж байна. Цаашид энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөсөн. “Дархан мисс-2014” тэмцээний бүртгэл хэдийнэ эхэлсэн. Энэ сарын 11-нд Дархан хотын “Залуучууд” театрт тэмцээний эцсийн шатны шалгаруулалт буюу гала тоглолт болно.

-Тэргүүн мисс болон бусад өргөмжлөл хүртсэн сайхан бүсгүйчүүд ямар шагнал гардах вэ?

-Нийт долоон мисс шалгаруулах зорилготой байгаа. Эхний гурван байрт орсон миссүүд маань нийслэл хотод зохион байгуулагдах томоохон тэмцээн уралдаан болон олон улсын миссийн тэмцээнүүдэд оролцох эрхийг авна. Мөн ивээн тэтгэгч байгууллагуудын шагнал, “Тансаг мода” агентлагтай хамтарч ажиллах нэг жилийн гэрээ бий. Энэхүү гэрээний дагуу тухайн миссүүд маань олон улсын чанартай уралдаан тэмцээн, шоу тоглолтод оролцох бүрэн эрхтэй төдийгүй өөрсдийн үйл ажиллагааг олонд сурталчлах боломжтой болох юм. Үүний зэрэгцээ, хамтарч ажиллаж буй “Uran” брэндийн гарын бэлгийг шалгарсан долоон мисстээ гардуулна.

-Миссүүд маань олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцох боломжтой юм бэ?

-Нийслэл хотод зохион байгуулагдаж буй “Miss Mongolia” болон бусад томоохон тэмцээн уралдаанд оролцох боломжийг нь бид бүрдүүлж өгнө. Цаашлаад жил бүр БНХАУ-ын Манжуур хотноо уламжлал болгон зохион байгуулдаг “Хөрш гурван орны мисс” шалгаруулах тэмцээнд оролцуулж, бүх талаар нь дэмжиж ажиллана. Тиймээс энэхүү “Дархан мисс-2014” тэмцээнд маань өдгөө Дарханд байгаа оюутнуудаас гадна нийслэл хотод сурдаг Дарханы охид бүсгүйчүүд хамрагдаасай гэж хүсч байна.

-“Тансаг мода” агентлагийн хувьд, хамтарч ажиллах болсон шалтгаан юу вэ?

-Манай агентлаг үүсгэн байгуулагдаад хоёр жил болж байна. Дархан хотод сурч боловсорч байгаа оюутан залуусынхаа гоо зүй болон ёс зүйн мэдлэгийг дээшлүүлж, багагүй хугацаанд тасарсан “Дархан мисс” тэмцээнийг сэргээн, цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар ажиллаж байна. “Тансаг мода” агентлагийн хувьд, үйл ажиллагаагаа явуулаад нэлээд хугацаа өнгөрсөн боловч албан ёсоор нээлт хийж байгаагүй. Энэ ч утгаараа, өнгөрсөн нэгдүгээр сард бид агентлагийнхаа албан ёсны нээлт болгож “Secret” загварын шоуг маш амжилттай зохион байгууллаа. “Тансаг мода” агентлагийн загвар өмсөгчид маань гадаад дотоодод зохион байгуулагдаж байгаа  маш олон уралдаан тэмцээнд амжилттай оролцоод ирсэн. Мөн манай агентлаг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүднээс энэ жил томоохон аяныг зохион байгуулж, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах дунд ангийн сурагчдад гоо зүй болон ёс зүйн мэдлэг олгох зорилготой нэг удаагийн үнэгүй лекц тавьж байгаа. Өсвөр насны охид хөвгүүд маань хэдхэн жилийн дараа дунд сургуулиа төгсөөд оюутан болно. Цаашлаад ажил амьдралын талбарт хөл тавих учраас нийгмийн харилцаа болон гоо зүй, ёс зүйн мэдлэгийг заавал олж авах учиртай.

-Орчин цагт хүн бүр өөрсдийн соёл, гоо сайханд чухал ач холбогдол өгөх болсон. Танай агентлагт ч гэсэн тодорхой зорилго бүхий хүмүүс суралцдаг байх?

-Тэгэлгүй яахав. Зөвхөн загвар өмсөгч болох сонирхолтой хүмүүс л загварын агентлагт суралцдаг гэвэл том эндүүрэл. Өнөө цагт хүн бүр л  гоо сайхан, бие галбир төдийгүй хувцаслах урлаг, харилцааны соёлоо анхаардаг болсон учраас энэ талын мэдлэг мэдээлэл тун чухал хэрэгцээтэй. Тиймээс хүн болгон л өөрөө өөртөө загвар өмсөгч гэсэн үг шүү дээ.  Манай агентлагийн хувьд, загварын ертөнцөд цахиур хагалах чанартай модель бэлтгэхээс гадна нийгэмд хэрхэн биеэ зөв авч явах, гоо зүй болон соёлын мэдлэгээ дээшлүүлэх нь ямар ач холбогдолтой болох талаар ЕБС-ийн ахлах дунд ангийн сурагчдад хичээл орж байна. Мөн өөрийн үзэл бодол хийгээд хүсэл сонирхлыг бусдад зөв таниулах, улмаар мэдлэг боловсрол болон хийж бүтээж буй бүхнээрээ бусдыг манлайлах боломж олгох үүднээс энэ ажлыг хэрэгжүүлж байгаа нь бидний том зорилт.

-Таны хувьд, загварын ертөнцтэй хэдийнээс эхэлж холбогдсон бэ?

-Би олон жил загвар өмссөн. Мөн олон уралдаан тэмцээнд оролцож, өөрийн авьяас чадварыг сорьж байлаа. Харин одоо бизнесийн чиглэлээр ажиллаж, загварын агентлагаа удирдаж явна. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүднээс олон ажил зохион байгуулж, хотын соёлжилт бий болгоход өөрийн хувь нэмрийг бага ч атугай оруулахын төлөө зүтгэж байгаа. Хэрэв хотын соёлжилт бий болчихвол гэмт хэрэг, замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурна гэж боддог. Агентлагийн маань гүйцэтгэх захирлаар Монголын дизайнеруудын холбооны гэрээт загвар өмсөгч, багш Б.Солонго ажилладаг. Миний төрсөн эгч л дээ. Эгч маань загвар, би бизнесийн чиглэлээр хамтарч ажиллаж байгаа хэрэг.

-Тэмцээний бүртгэл болон зохион байгуулалт ямархуу хэлбэрээр явагдаж байна вэ?

-Мэдээж хэрэг, миссийн тэмцээнд тавигддаг ерөнхий шалгуурын дагуу 25 хүртэлх насны охид бүсгүйчүүд оролцох боломжтой. Биеийн жин болон бусад шалгуураас гадна гэр бүлийн амьдрал зохиож, хүүхэд төрүүлээгүй байх ёстой. Тэмцээний эхний хоёр шалгаруулалтын дараа эцсийн шатанд тунаж үлдсэн охид гала тоглолтонд оролцоно. Энэ тоглолтонд дуучин A Cool оролцохоос гадна олон сонирхолтой үзүүлбэр бий.

-Ярилцсанд баярлалаа.

Р.МӨНГӨН