Дэлхий нийтэд хурдацтай тархаад байгаа шинэ коронавирусийн уршгаар олон мянган хүн хайртай бүхнээсээ хагацахад хүрээд байна. Манай улсын хувьд 10 хүн энэ аюулт вирусийн халдвар авсан нь тогтоогдож, одоо эмч, эмнэлгийн ажилтнууд тэднийг эсэн мэнд, эрүүл саруул болгохын төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа билээ.

Шинэ коронавирус дотроосоо гараагүй гээд бид тайван амгалан байж болохгүй. Цаг агаар дулаарч буй энэ үед сонор сэрэмжээ улам нэмэгдүүлж мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөгөөг ягштал биелүүлэх үүрэгтэй. Амны хаалтаа зүүж, гарын ариун цэвэртээ цаг, минут тутамд анхаарал хандуулж чадвал бид энэ вирусийн тархалтын ард хохиролгүй гарч чадах юм. Гэтэл сүүлийн хэдэн өдөр цаг агаар дулаарснаас болоод ч тэр үү иргэд амны хаалтаа зүүхгүй яваа нь харагдах боллоо.

Олон нийтийн газар бага насны хүүхдээ дагуулж явах нь олширч байна. Бид амраагүй, хөл хорионд байгаагаа ухамсарлах хэрэгтэй. Өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүйн тулд амны хаалт зүүх үүрэгтэйгээ ойлгох ёстой.

Харамсалтай нь үүнийг мэдэж байгаа мөртлөө ойшоохгүй хүн байгаа нь олон нийтэд аюул учруулах аюултай байна. Тиймээс хөл хорионы үед амны хаалт зүүгээгүй хүнийг эхний удаад сануулах, болохгүй бол торгох хүртэл арга хэмжээ авах санал дэвшүүльө. Ингэж ямар нэг арга хэмжээ авахгүй бол цаг агаар дулаарах тусам хүмүүс амны хаалт зүүх нь багасах төлөвтэй байна. Мөн олон нийтийн газар амны хаалтгүй яваа хүнд шаардлага тавих нь иргэний үүргээ биелүүлж байгаагийн нэг илрэл гэдгийг сануулъя.

 

Б.Номуун

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин