Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр Монголд Covid-19-ийн халдварын 12 тохиолдол бүртгэгдээд байна. Covid-19-ийн халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар ЭМЯ өнөөдөр /2020.3.28/ ээлжит мэдээллээ хийхдээ энэ талаар мэдэгдлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл:

-Дэлхийн 201 оронд бүртгэгдэг, АНУ, Итали, Испанид өвчлөл өндөр байна. Өчигдөр болсон цахим хурлаар БНХАУ, БНСУ, Япон зэрэг орон өөрийн оронд хэрэгжүүлсэн арга зэргийг ярилцлаа. Клиникийн хувьд хөнгөн бол 14 хоногоос дээш, хүнд бол 12-16 долоо хоног эмчилж байна. Нууц үеийн хугацаа орон орноос шалтгаалаад өөр байна. Ялангуяа ОХУ-д өвчилсөн хүний нэг овгийг зарлаж байна. Манайд хүний эрхийг хүндэтгээд зарлахгүй байгаа. Азийн орнуудад аль болох өндөр настанд үйлчилгээ үзүүлж байхад Европын орнуудад залуу хүмүүст түлхүү үйлчилгээ үзүүлж байгаа.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

-Европын орнуудад хувийн хамгаалах хэрэгсэл дутагдалтай байгаагаас эмнэлгийн ажилтнууд халдвар авах тохиолдол их гарч байна. АНУ-д 100 мянга гаруй хүн халдвар авч 1600 хүн нас барсан. БНХАУ-д бүртгэгдэж байгаа тохиолдлын дийлэнх нь гаднын орноос зөөвөрлөгдөж ирж байна. Тиймээс Бямба гаригаас гаднын иргэдийг хүлээж авахгүйгээ мэдэгдсэн.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

-Нийт 3837 хүнийг тусгаарласнаас одоогоор 2390 нь тусгаарлалтад байна. Мөн 320 эмнэлгийн мэргэжилтэн үйлчилгээ үзүүлж байна.  Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байна. Тусгаарлалтад байгаа иргэдэд өвдөлт намдаах эм оруулахгүй байгаа. Хятадын уламжлалтын эмч нартай цахим уулзалт хийсэн. Уламжлалтаар уг өвчнийг чийгээс болсон халуун, хүйтний хижиг гэж үзэж байгаа. Зүү эмчилгээг эдгэрэлтэд ашиглаж байгаа. Эмийн хувьд эцэслэн батлаагүй. Амьсгал давхцах, цээж өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл шууд эмнэлэгт хүргэж байгаа. Энэ тохиолдолд уламжлалт анагаах аргаас ашиглахгүй байгаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 100 хүнд шинжилгээ хийж дууслаа. Ингэснээр тус оноцоор ирсэн 206 хүн болон  Дөрвөн онгоцоор ирсэн хүмүүсийг шинжилж дуусгасан  ч ажиглалтад байх үед нь дахин шинжилгээ хийж хянана. Истанбулын онгоцоор ирсэн нэг иргэнээс Covid-19 халдвар илэрлээ. Одоогоор 220 хүн ХӨСҮТ-д байна.

Тусгаарлалтад байгаа хүнээс халдвар илэрвэл хамт тусгаарлагдсан иргэнийг дахин 21 хоног тусгаарлах юм байна. Мөн өчигдөр Баян-Өлгий аймагт тусгаарлалтад байсан иргэн өөр хүний паспортоор Улаанбаатарт ирж байсныг цагдаа, онцгой байдлынхан илрүүлжээ. Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хууль, Гамшгийн тухай хуулиар хариуцлага тооцох юм байна.