Хорлон сүйтгэх ажиллагаа явуулахыг завдсан гэх яллах дүгнэлттэй М.Энхсайханы хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд асан М.Энхсайханы холбогдсон хэргийг Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.  Энэ талаар М.Энхсайхан өөрийн твиттер хуудаснаа “Прокурор дуудлаа. АТГ-аас бэлдсэн хавтаст “хэргээ” бариад шүүх рүү хүргэгдлээ. Тэднээс хууль ёс, шударга ёс хүлээх хэрэггүй боллоо. Бие даасан, хараат бус Шүүх байгаа гэж найдах л үлдэв” хэмээн жиргэж байсан. 


 

Түүнд  Эрүүгийн хуулийн 19.6-1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан” гэх үндэслэлээр НПГ-ын хяналтын прокурор Г.Батбаяр яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. 

Энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 16:00 цагт болох юм. Улмаар гэм буруугийн шүүх хурлыг товлох, хэргийг мөрдөн байцаалтад буцаах эсэхийг шийднэ. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.