Улсын Онцгой комиссын /УОК/ шуурхай штабаас өнөөдөр 12.00 цагт мэдээлэл хийх үеэр Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр "УОК-оос аймаг, нийслэлийн Засаг дарга нарт автомашины дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлалт хийх үүрэг чиглэл өгсөн” гэж мэдээлсэн.

Гэтэл Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг  “Тэгш, сондгой дугаараар явуулах шийдвэр гараагүй. Шуурхай штабын зүгээс хөдөлгөөнийг хязгаарлахаар санал болгож буй энэ асуудлыг Улсын Онцгой комисс хэлэлцээгүй. Бөөгнөрөл үүсгэхээс сэргийлэх арга хэмжээнүүдийг Засгийн газар, Улсын Онцгой комисс, Улаанбаатар хотын Засаг даргаас авч хэрэгжүүлж байгаа” гэлээ.

Харин дээрх мэдээлэлд Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд "Улсын онцгой комиссын дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 437-р тоот албан бичгээр аймаг, нийслэлийн засаг дарга нарт тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах  зохицуулалтыг арга хэмжээ авахыг хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар энэхүү албан бичгийн дагуу шийдвэр албан ёсоор гараагүй байгаа гэдгийг мэдэгдье. Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9.5-т заасны дагуу Аймаг, Нийслэлийн засаг дарга нар хөдөлгөөний түгжрэл, саатлыг арилгах, тодорхой хязгаарлалтыг хийхийг эрх зүйн зохицуулалт байдаг. Тэгвэл өнөөдрийн байдлаар ийм шийдвэр гараагүй болохоор Нийслэлийн иргэдэд дугаарын хязгаарлалт зохицуулалт хийгдээгүй. Тиймээс маргааш ард иргэд хуучин журмаараа зорчино. Автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийхгүй" гэлээ.