Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар Монгол улс даяар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Коронавирусийн халдвараар өвчилсөн 25 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдан, эмчлэгдэж байгаа билээ. Нийтдээ манай улсад батлагдсан 30 тохиолдол бүртгэгдсэн. Харин үүнээс таван өвчтөн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан бөгөөд сувилалд тусгаарлалтад байгаа юм. 

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Коронавирусийн тархалт 10 хоногт хэдэн зуун мянгаараа илэрч байна. Урд нь дэлхий нийтийг хамарч байсан хэд хэдэн цар тахлыг бодвол тархалт маш хурдан явагдаж байна гэж дэлхийн эрдэмтэд үзэж байна. ОХУ дахь халдварын тархалтын дийлэнх нь Москва хот орчимд дэгджээ. Халдвар ийм эрчимтэй тархсан нь иргэд өөрийгөө тусгаарлаагүйгээс үүдсэн. Халдварын 30 нь шинж тэмдэггүй явагдаж байна.

Япон улсад 24 цагт 482, Хятад улсад зөөвөрлөгдсөн 36 тохиолдол бүртгэгджээ. Манай улсад 30 хүн батлагдсанаас 5 нь эдгэрч, эмнэлгээс тусгаарлалтад шилжсэн. Улсын хэмжээнд ажиглалтад 1630 хүн байна. ЭМЯ-ны 24 цагийн 119 утсаар өнгөрсөн хоногт 100 гаруй дуудлага ирсний 70 хувь нь өчигдөр Сонгдо эмнэлэгт хурдавчилсан тестээр эерэг гарсан хоёр иргэний талаар асуулт тавьсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас вакцин гаргаж авах ажлаа эрдэмтэн, судлаач нартай хамтран хийхээ мэдэгдлээ.

Халдвар өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү: Хурдавчилсан оношлуур эцсийн хариулт болохгүй. ПCR оношлуураар эцсийн байдлаар тогтооно. 

Өчигдрийн байдлаар ХӨСҮТ 30 хүн, тандалтын шугамаар 21 хүнд хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй. Эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал хэвийн байна.