Өчигдөр УБ Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр өвчтнөөс хурдавчилсан Ковид-19 тестээр үзэхэд хариу нь эерэг гарсан. Харин ХӨСҮТ-ээс шинжилгээний дээж авч PCR аргаар оношлоход шинэ коронавирус илрээгүй билээ. Тэгвэл УБ Сонгдо эмнэлгийн эмч Б.Болдсайхан дараах тайлбарыг хийв.

Тэрбээр "Манай эмнэлгийн сэхээний тасагт 88 настай хавдарын дөрөвдүгээр зэрэгтэй, хоёр удаа хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа өвчнөөр хэвтэж, эмчлүүлж байсан юм. Ингээд сэжиглэх тохиолдол гарсан болохоор шинэ коронавирус байгаа эсэхийг шалгахаар манай эмнэлэг хурдавчилсан оношлуур авсан байснаараа тест тавьсан. Яагаад сэжиглэх тохиолдол гарсан бэ гэхээр түүний ач хүү Хойд хөрш рүү зорчсон байсан. Мөн өвчтний дархлаа маш суларсан байсан, эсрэг биетийг бий болгоод цусанд нь явж байгаа эсэхийг үзэх шаардлагатай болсон юм. Хүнд өвчтөнд маань эсрэг биет үүссэн байна гээд гарсан байгаа. Бид хоёр удаа хурдавчилсан оношлуураар үзэхэд хоёуланд нь эерэг гарсан юм. Сэхээний тасагт нэлээд хүнд өвчтнүүд байгаа болохоор бусдыг нь хамгаалах үүднээс бүх хүмүүсээ тусгаарлаад, ХӨСҮТ-д хандаж яаралтайгаар PCR шинжилгээ өгсөн. Энэ арга нь илүү найдвартай гардаг.

Хоёр дахь хүн нь манай эмнэлгийн амбулаториор үйлчүүлсэн байсан иргэн. Уушги нь сүүдэртэй байсан болохоор мөн хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийхэд эерэг гарсан байгаа. Манай эмнэлэг олон хүнийг айлгаж түгшээсэндээ уулчлал хүсье. Бид Монгол улсынхаа иргэдийн амь насыг хамгаалах эрхтэй. Иймээс тандалт судалгаа хийж 40 хүнийг хамруулсан хариу нь сөрөг гарсан. Эсрэг биет гарсан нь заавал коронавирус байх албагүй. Эсрэг биетийн шинжилгээ хийхэд хоёр удаа байсан коронавирусээр өвдсөн байх магадлалтай. Монголд нэгдүгээр сард тархаад дархлаа тогтсон байвал сайн л байна" гэлээ.