Засгийн газар өнөөдөр /2020.04.17/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцууллаа. 

Тэрбээр "УИХ-аас цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх, орлогыг нэмэх чиглэлээр тогтоол гарсан. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх зэрэгтэй холбоотой хуулийг гаргасан. Гурван сарын хугацаатай ажилчдад 200 мянган төгрөг өгөх, нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөх журмыг баталлаа. Нэгдүгээрт, төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой бусад этгээд, байгууллага хуульд хамрагдана. Төрийн байгууллага хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахаар боллоо. Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хуульд хамруулна. Өөрөөр хэлбэл, ажилтны нэг, хоёр, гурван сард авсан цалингийн дунджаас хамаарч нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр тооцож дэвтэр дээр нь бичилт хийнэ. Ажил олгогчийг мөн энэ аргаар тооцож шимтгэлээс чөлөөлнө" гэлээ.

Ажилтан болон ажил олгогчийн НДШ-ийг 6 сарын хугацаанд төлснөөр тооцож, бичилт хийнэ. УОК, Аймаг, ниймлэлийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, орлого 50 хувиар буурсан ААН-ийн ажилтнуудад 200 мянган төгрөг 3 сарын хугацаанд олгоно. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийн хөнгөлөлт чөлөөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөгөөр тооцож, 6 сараар хариуцан төлнө. Үүнээс дээш төлөх бол иргэн өөрөө хариуцаж, зөрүүг төлнө. Журам батлагдсан тул Татварын ерөнхий газрын мэдээлэлд үндэслэн хөнгөлөлт чөлөөлөлтийг хэрэгжүүлж эхэлнэ гэдгийг ч мөн онцлов.