ЭМЯ-аас өдөр бүр 11:00 цагт коронавирусийн талаархцаг үеийн мэдээллийг өгч байгаа билээ. Өнөөдрийн мэдээллээр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү халдвар авсан хүн нэгээр нэмэгдэж, Турк улсын хоёр иргэн эдгэрсэн болохыг мэдээлэв. Тодруулбал, "Дөрөвдүгээр сарын 18-нд буюу өчигдөр коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр нийт 104 хүний шинжилгээ хийж дууслаа. Замын-Үүд боомтоор орж ирж тусгаарлагдсан 58 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Сүүлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг давтан хоёр удаа хянаж, оношиллоо. Коронавирус илрээгүй. Монгол Улсад алдсан юм биш биз гэсэн хардлага байгаа учраас тандалтын зорилгоор сорьц авч, шинжлигээ хийж байгаа. Өчигдөр 35 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Энэ ямар учиртай вэ гэхээр Монгол Улс дотор байна уу гэдгийг хянаж байгаа юм. ОХУ-аас ирж тусгаарлагдсан иргэдээс дахин нэг тохиолдол бүртгэгдлээ. Ингээд коронавирусийн халдвар дахин нэгээр нэмэгдлээ. Туркын хоёр иргэн эдгэрсэн. Гэхдээ өөрсдийнх нь хүсэлтээр ХӨСҮТ-д тусгаарлан үргэлжлүүлэн хянаж байна. Тэд сэтгэл санаа маш өөдрөг, баяртай байгаа. Эмч нар бид ч их баяртай байгаа. Бидний эмчилгээний тактик их зөв байна.

Өчигдөр ХӨСҮТ-д ажиглалтад байсан 105 хүнийг ХӨСҮТ-ээс нүүлгэн шилжүүлж, өөр буудлуудад хяналтын хоногуудыг үргэлжлүүлэхээр болж ХӨСҮТ-ийн ачааллыг бууруулсан” гэв.