Төсвийн, банк бус санхүүгийн байгууллагын болон иргэдийн маш их хэмжээний мөнгийг залилсан таван хүнийг цагдаагийн байгууллагынхан шалгаж дуусан яллах дүгнэлт үйлдүүлэхээр Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт шилжүүлжээ. М.Дэлгэрмаа, Б.Дэлгэрмаа, О.Ананд, Л.Золзаяа, М.Рита нар “Монкорд” хэмээх хадгаламж зээлийн хоршоо байгуулан ажиллуулж байхдаа тус хоршооны гишүүн 3-4 хүний нэр дээр зээлийн хуурамч гэрээ үйлдэн их хэмжээний зээл авч завшсан хэрэгт анх 2017 онд шалгуулж эхэлсэн аж.

Энэ хугацаанд уг хэргийн холбогдогч М.Дэлгэрмаа нь ХХААХҮЯ-ны харьяа Мал хамгаалах сангаас 2017-2018 онд ОХУ-аас малын тэжээл импортолж, малчдад хөнгөлөлттэй үнээр борлуулна хэмээн “Биохэлф Монголиа” компанийнхаа нэрээр төсвийн хөрөнгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэнэ.

Шалгалтын явцад тэрбээр зөвхөн “Монкорд” хадгаламж зээлийн хоршоо байгуулж бусдын хөрөнгийг залилаад зогсохгүй, “Монгол пасифик” банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 14 хүнд 850 сая төгрөгийн зээл олгосон мэтээр хуурамч баримт бүрдүүлж, өмнө нь олгож байсан зээлийн гэрээнүүдийн үнийн дүнд өөрчлөлт оруулан БНСУ-ын хөрөнгө оруулагчийнхаа мөнгийг завшиж, шамшигдуулсан нь шалгалтаар тогтоогдсон гэнэ.

Дээрх банк бус санхүүгийн байгууллага нь 900 сая төгрөгийн дүрмийн сантай байсан бөгөөд М.Дэлгэрмаа 247 саяыг нь завшсан хэрэгт холбогдоод буй аж.