Цахим спортын ESL One: Road to Rio тэмцээн буюу энэ жилийн CS:GO major тэмцээний Ази тивийн цувралын эхний аварга шалгаруулах тэмцээний аваргаар Монгол улсын “Tiger” баг шалгарсан байна.

“Тiger” баг тивийн аваргын төлөө Азийн чансааг 2 жилийн туршид тэргүүлсэн “Tyloo” багтай финалын тоглолтонд учраа таарч 2:1 гэсэн онооны харьцаагаар ялалт байгуулж чадлаа. Тус тэмцээнд Ази тивийн шилдэг 8 баг оролцож Монгол улсаас 3 баг өрсөлдсөнөөс бүгд амжилттай оролцож, “Tiger” баг анх удаагаа аваргаар тодорч байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй дүйцэх хэмжээний буюу major тэмцээнд Ази тивийг төлөөлж ганц баг өрсөлдөх юм. Мөн тус тэмцээний дараа болох дахин 2 цуврал тэмцээнээс хамаарч Ази тивийг дэлхийд ямар баг төлөөлөх нь тодорхой болох юм байна.