ДЭМБ шинэ төрлийн коронавирусний халдвар авч эдгэсэн хүмүүсийн дунд эсрэг биет үүссэн байдал харьцангуй бага байгаа талаар 05 дугаар сарын 11-ний өдөр мэдээллээ. Тодруулбал, тус байгууллагын хийсэн судалгаагаар дээрх үзүүлэлт 1-10 хувь, бусад судалгаанд 14-15 хувь байгаа аж. Сүргийн дархлааны харьцаа вакцинжуулалтад ихээхэн ач холбогдолтой учир үүнийг оновчтой тодорхойлохын тулд нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай аж. Түүнчлэн шинэ төрлийн коронавирус цаашдаа байсаар байх төлөвтэй тул ирээдүйд голомтот халдвар дэгдсээр байх бололтой. 

Олон улсад хийгдэж буй эмнэлзүйн туршилтуудаас үзвэл үений үрэвслийн эсрэг хэрэглэгддэг “Tocilizumab” эмийг “Covid-19”-ийн эмчилгээнд ашиглах магадлалтай байна. БНФУ-д хийсэн туршилтаар халдвар авсан өвчтөнүүдэд “Tocilizumab” эмийг уулгахад үрэвсэл дарагдаж, урьдчилан сэргийлэх эхний шатны эмчилгээ үр дүнгээ өгч байгаа нь ажиглагджээ. Уг эм дархлаа дэмжих давхар үйлчилгээтэй бөгөөд гаж нөлөө, бусад эрсдэл мэдэгдэхүйц бага юм байна. 

“Covid-19” өвчний тархалтад цаг агаарын байдал болон газарзүйн байршил хамааралгүйг тогтоосон тухай судалгаа БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн өдөр тутмын сонинд гарчээ. Тухайлбал, уг өвчин жилийн 4 улиралд цаг агаарын халуун, хүйтэн нөхцөлөөс үл хамааран хаана ч тархах боломжтой бөгөөд дэлхийн 144 улс, бүс нутагт байгаа 370 мянган өвчтөнийг хамруулсан судалгаанд үндэслэн уг дүгнэлтийг хийсэн байна. БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэргэжилтнүүдийн багийн ахлагч, академич Жун Наньшань 05 дугаар сарын 08-ны өдөр АНУ-ын анагаах ухааны мэргэжилтнүүдтэй цахим хурал хийн “Covid-19” өвчинтэй тэмцсэн Хятадын туршлагыг хуваалцжээ. Тэрээр хөнгөн хэлбэрийн халдвартай өвчтөнд уламжлалт анагаах ухааны “Lianhua Qingwen” эм үр дүнтэй байгаа талаар онцолсон байна.

АНУ-ын Цагаан ордонд өвчний халдвар илэрсэн нь тулгамдсан асуудал болов. Тодруулбал, Ерөнхийлөгч Д.Трампын туслах болон Дэд ерөнхийлөгч М.Пэнсийн хэвлэлийн төлөөлөгч нар өвчний халдвар авсан нь тогтоогджээ. Түүнчлэн Цагаан ордны цар тахалтай тэмцэх ажлын хэсгийн нөлөө бүхий гишүүд болох Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн дарга Роберт Редфилд, Хүнс, эмийн захиргааны дарга Стивен Хаан болон Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Антони Фаучи нар 14 хоногийн хугацаанд өөрсдийгөө тусгаарлахаар болов. Цагаан ордны хэвлэл мэдээллийн албаны бага тушаалын албан хаагчдыг гэрээс нь ажиллуулах бол бусад нь ажил дээрээ амны хаалт байнга зүүхээр болжээ. Үүссэн нөхцөл байдлаас үүдэн Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон Цагаан ордны ажилтнуудыг тогтмол шинжилгээнд хамруулж байна. Ингэхдээ “Abbot Laboratories” компанийн бүтээсэн “ID Now” загварын түргэн оношлуурыг ашиглаж байгаа боловч уг оношлуур нь үнэн зөв хариу гаргах чадвартай эсэхэд анагаах ухааны зарим мэргэжилтнүүд болон эмнэлгүүд эргэлзэж байна. Тодруулбал, зарим эмнэлгүүдэд дээрх төхөөрөмжийг ашиглан шинжилгээ авахад халдвартай хүнээс сөрөг хариу гарсан тохиолдол цөөнгүй бүртгэгджээ.

Европын Комиссын санаачилгаар Европын Холбоо болон Шенгений бүсийн 30 улс нэн шаардлагатайгаас бусад зорчих хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрээ 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгав. Харин Франц, Их Британи, Ирландад энэ журам үйлчлэхгүй.

ХБНГУ-д халдвар тарах эрсдэлийн “R” үзүүлэлт 3 дахь өдрөө дараалан нэгээс дээш буюу бямбад 1.1, нямд 1.3, даваад 1.07 байв. Роберт Кох хүрээлэн даваа гарагийн үзүүлэлтээс харахад “халдвар тээгч багадаа 1 хүнд халдвар тарааж байна” гэж мэдэгдэв.

Тус улсын муж улс бүр 5 дугаар сарын 11-ний өдрөөс харилцан адилгүй нөхцөлтэйгээр хөл хориог сулруулсан бөгөөд 100 мянган хүн тутамд ногдох халдвартай хүний тоо 50-иас дээш гарсан нөхцөлд хөл хориог дахин сэргээнэ гэв. Мөн өдөр ХБНГУ-ын Засгийн газар вакцин бүтээх, түгээх хөтөлбөрт 750 сая евро, тодруулбал 500 саяыг туршилтын, 250 саяыг үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулж батлав.

БНФУ-д коронавирусний халдвараар нас барагсдын тоо тогтмол буурч, бямба гарагт 80, ням гарагт 70 байсан ч даваа гарагт 263 болж өсөв. Тус улсад мөн өдрөөс сургууль, үсчин, барааны дэлгүүр, цэцгийн болон номын худалдаа нээгдэж, иргэдийг тусгай зөвшөөрөлгүйгээр гэрээсээ 100 км хүртэл зайд зорчихыг зөвшөөрлөө. Франц Улс 7 хоногт 200-270 мянган хүнийг оношилгоонд хамруулж байсан бол хөл хориог сулруулж байгаатай холбоотойгоор ойрын өдрүүдэд энэ тоог 700 мянгад хүргэхээр ажиллаж байна.

Их Британи  5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дасгал хөдөлгөөн хийх, салхилах зэргээр задгай талбайд гарах, цэцэрлэгт хүрээлэн, далайн эргээр зугаалах, гэрээсээ ажиллах боломжгүй хүмүүсийг ажилдаа орохыг зөвшөөрсөн бөгөөд нийтийн тээврээр зорчихоос зайлсхийх хэрэгтэйг анхааруулж байна. Хөл хориог цуцлах 2 дугаар шат 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх бөгөөд энэ үед бага дунд сургуулийн хичээл эхэлж, эрдэмтдийн зөвлөгөөг харгалзан дэлгүүр худалдааны төвийг нээнэ. Харин 7 дугаар сарын 01-ний өдрөөс нөхцөл байдлыг харгалзан хүн олноор цуглардаг үйлчилгээний газрууд болон зочид буудал, ресторан, баар зэргийг нээх төлөвтэй байна. Энэ бүх хугацаанд иргэд хоорондын зайг мөрдөхөд онцгой анхаарах аж. Мөн Их Британид ирэх гадаадын иргэдийг 14 хоног тусгаарлахаар болсон ч Ирланд, Францын иргэд харилцан зорчиход энэ журам үйлчлэхгүй аж.

Бельги Улсад  хөл хорио цуцлагдаж, бизнесийн үйл ажиллагаа хэвийн явагдах болов. Гэхдээ хүн хоорондын зай болон амны хаалт зүүх журмыг чанд мөрдөх аж. Испани Улс 5 дугаар сарын 02-ны өдрөөс хөл хориог сулруулж, 11-ний өдрөөс 10 хүртэл тооны хүн нэг дор цугларах, муж хотуудын хооронд зорчих болон дэлгүүр, ресторан, цэнгээний газрууд халдвараас хамгаалах арга хэмжээг авсан тохиолдолд ажиллахыг зөвшөөрсөн. Харин халдварын тохиолдол өндөртэй байсан Мадрид, Барселон хотод хөл хорио үргэлжлэх хэдий ч хөл бөмбөгийн зарим клуб дасгал сургуулилтаа эхлүүлэхээр болжээ. Итали Улс 05 дугаар сарын 18-наас томоохон худалдааны төв, музей, соёл урлагийн газар, сүм хийд, номын санг нээж, 6 дугаар сарын 01-нээс баар, ресторан, гоо сайхны салоныг нээнэ.

ОХУ-д “Covid-19”-ийн халдвар авсан хүний тоо 221,344 хүрснээс Буриадын БНУ-д 569, Өвөрбайгалийн хязгаарт 364 хүн халдвар аваад байна. Халдварын тархалт нэмэгдсээр байгаа ч Ерөнхийлөгч В.Путин 5 дугаар сарын 12-ны өдрөөс “өөрийгөө тусгаарлах” дэглэмийг сулруулахаар боллоо. Гэвч 65-аас дээш насны болон архаг хууч өвчтэй иргэдэд хөл хорио үргэлжилнэ. Мөн нутгийн удирдлагууд өөрийн онцлог, нөхцөл байдалд нийцүүлэн Засгийн газартай зөвшилцсөний үндсэн дээр хөл хориог сулруулах арга хэмжээ авах аж. Тухайлбал, Өвөрбайгалийн хязгаарын удирдлага “өөрийгөө тусгаарлах” дэглэмийг энэ сарын 31-ний өдөр хүртэл, Алтайн БНУ 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгаж, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зогсоох шийдвэр гаргасан бол Буриадын БНУ-ын хөл хорионы дэглэмийг үе шаттайгаар, зарим нөхцөлтэйгээр бууруулах аж.  

ОХУ-ын хувьд өвчний оргил үе энэ сарын сүүлээр эхэлнэ гэсэн тооцоог Оросын Эдийн засгийн судлагааны төв гаргажээ. Гэвч цаг агаар дулаарахтай зэрэгцэн иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэн тохиолдолд халдвар эрчимтэй тархах эрсдэлтэй гэж анхааруулж байна. Тус улсын хэмжээнд хоногт 10 гаруй мянган хүн шинээр халдвар авч байгаа ч ОХУ-ын Эрүүл ахуйн Ерөнхий эмч асан, Төрийн Думын гишүүн Г.Онищенко, өвчлөлийн коэффициент буурч байгаа нь сайны дохио гэж мэдэгдлээ. Оросын эмч нар компьютер томографын төхөөрөмж хүрэлцээгүй байгаа тул “Covid-19”-ийн оношилгоонд соронзон томографын төхөөрөмж ашиглах болсон байна.

БНХАУ-ын Жилинь мужид 5 дугаар сарын 06-10-ны өдөр “Covid-19”-ийн 13 тохиолдол бүртгэгдсэн тул хорио цээрийн дэглэмийг чангатгаж, хяналт шалгалтыг нэмэгдүүлсэн байна. Харин зөөвөрлөгдсөн тохиолдол олноор бүртгэгдсэн Хөхмөрөн мужийн эрсдэлийн түвшинг дундаас бага болгож бууруулжээ. Хубэй мужид 05 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар шинж тэмдэггүй халдвар тээгч 11-ээр нэмэгдэж, одоогоор 606 хүн эмнэлгийн хяналтад байна. ӨМӨЗО-ы Хөххотод 05 дугаар сарын 10-ны өдөр “Covid-19” өвчний гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 7 тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол 131-д хүрсэн бөгөөд үүний 112 нь эдгэрч эмнэлгээс гарчээ. Үүний зэрэгцээ Хубэй мужийн Ухань хотод 5 дугаар сарын 10-ны өдөр “Covid-19”-ийн 2 тохиолдол бүртгэгдсэн тул дахин халдвар тархах эрсдэл үүссэн байна.

Япон Улсын Засгийн газар эм, эмийн бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах зорилгоор дотоодын 400 гаруй компанитай хамтран ажиллахаар болжээ. Тус улс жоргүй олгох эмийн үндсэн найрлагын 50 орчим хувийг БНХАУ, БНСУ-аас импортолдог бөгөөд цар тахлын улмаас ханган нийлүүлэлт доголдож, зарим тохиолдолд бүрэн зогссон байна. Түүнчлэн амьсгалын аппаратын 90 гаруй хувийг АНУ, Европоос, амны хаалт, нэг удаагийн хамгаалах хэрэгслийн 70-80 хувийг БНХАУ-аас тус тус импортолдог аж. 

БНСУ-д Даваа гарагт “Covid-19” өвчний 27 тохиолдол бүртгэгдсэнээс 22 нь дотоодын халдвар байна. Сөүл хотын Итаевон дүүрэг дэх шөнийн клубтэй холбоотой тохиолдол нэмэгдсэний улмаас авах арга хэмжээг дахин чангатгаж эхэлжээ. Энэ хүрээнд сургуулийн үйл ажиллагааг төлөвлөж байснаас 7 хоногийн дараа эхлүүлэхээр болов. Сөүл хотод нийтийн тээврийн автобуснуудыг цонхоо онгойлгохыг зөвшөөрсөн байна. Халууны улиралд автобусны агааржуулагч ажилладаг тул эрчим хүч хэмнэх үүднээс цонх онгойлгохыг хориглодог байсан ч цар тахлын улмаас битүү орчинд агааржуулагч ажиллах нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлнэ хэмээн үзэж, ийнхүү шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар