Америкийн био эм бэлдмэлийн “Sorrento Therapeutics” компанийн эрдэмтэд хүний эд эсийг коронавирусний халдвараас бүрэн хамгаалж, вирусийг дөрөв хоногийн дотор биеэс гадагшлуулдаг эсрэг биет олж илрүүлснээ мэдэгджээ.

Судлаачдын хэлснээр, “STI-1499” эсрэг биет нь “коронавирусийг 100 хувь дарангуйлдаг бөгөөд хараахан гарган авч чадаагүй байгаа вакцинийг зах зээлд гаргахаас хэдэн сарын өмнө хэрэглэж эхлэх боломжтой гэнэ”.  “Эдгэрэх арга байгаа гэдгийг бид онцолмоор байна. Хэрэв таны биед саармагжуулах эсрэг биет байвал та аюулгүй зайг баримтлах шаардлагагүй болно” гэж Калифорни муж улсын Сан-Диего хотод төвтэй тус компанийн үүсгэн байгуулагч, захирал Генри Жи ярьжээ.

Түүний хэлснээр, “Sorrento Therapeutics” компанийн эрдэмтэд сүүлийн 10 жилийн хугацаанд хэдэн тэрбум эсрэг биетийг тогтоож судалсан бөгөөд үүнээсээ найдвар төрүүлсэн хэдэн зуун эсрэг биетийг сонгосон байна. Арав орчим эсрэг биет “ACE2” уургийн молекулыг ашиглан хүний ​​болон бусад хөхтөн амьтны уушгины эсэд коронавирус нэвтрэхээс өөр өөр түвшинд сэргийлж байжээ. Харин “STI-1499” эсрэг биет нь бүх тохиолдолд маш амжилттай хамгаалж байсан байна.

“Хэрэв эсрэг биет нь вирусийг хүний ​​биеийн эсэд нэвтрүүлэхгүй бол вирус амьдарч чадахгүй. Вирус эсэд нэвтэрч чадахгүй бол тэд үржих боломжгүй болно. Өөрөөр хэлбэл вируст эсэд нэвтрэх боломж өгөхгүй бол эцэстээ үхнэ гэсэн үг юм” гэж тэрбээр тайлбарлажээ. Түүний хэлснээр, “STI-1499” нь коронавирусийг ороон бүрхэж, гаднын нөлөөгүйгээр дөрөв хоногийн дотор биеэс гадагшлуулдаг аж.

Жонс Хопкинсийн их сургуулиас мэдээлснээр, АНУ-д 1.45 сая гаруй хүн халдвар авч, 88211 хүн нас барсан бол 250747 хүн эдгэрчээ. Цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар 4.4 сая гаруй хүн коронавирусээр халдварлаж, 300 мянга гаруй хүн нас баржээ.