ЖДҮХС-гаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулсан хэрэгт холбогдон АТГ-т шалгуулсан УИХ-ын гишүүн Г.Солтаныг албадан ирүүлэх захирамж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа.

Тэрбээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Монгол шаазан” компанид ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргасны дагуу уг мөнгийг авсан байдаг. Мөрдөн шалгалтын явцад Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэх төсөл бичиж, УИХ-ын гишүүний 2018 оны дөрөвдүгээр сарын 16-нд 4081 дугаартай албан бичгээр “Төслийг дэмжиж ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсье” гэсэн албан бичиг явуулсан нь тогтоогдсон билээ. Түүгээр зогсохгүй дээрх сангаас зээл авсан, хүүгийнх нь нэр дээрх компани жижиг, дунд үйлдвэрээр бүртгүүлээгүй гэдгийг Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал УИХ-д оруулах үеэрээ танилцуулсан юм. Шалгалтын явцад Г.Солтан нь ЖДҮХС-гаас авсан зээлээ эмчилгээндээ зарцуулсан гэсэн баримт хавтаст хэрэгт цугласан гэдэг.

Тэрбээр өмнө нь хууль сахиулах байгууллагаас явуулж буй мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, АТГ, НПГ-аас яллагдагчаар татах тогтоолыг нь танилцуулахаар дуудахад ирэхгүй, мөрдөгчийн мэдэгдэх хуудас болон прокурорын зарлан дуудах хуудсыг авахгүй байсан. Энэ удаа хавтаст хэргийнх нь хамтаар шүүхэд хүргүүлэхээр болж буй. Гэвч ирэхгүй байгаа учраас шүүгч дээрх захирамжийг баталжээ.