Амара комедиан Идэр-Одын хамт

Өдгөө CGI(Computer-gen­erated imagery) технологи буюу компьютерийн үүсгэсэн зураглалыг ердөө зөгнөлт кинонуудад ашиглахаа больжээ. Харин компьютер графикаар бүтээсэн бодит хүмүүсийг бүтээхэд ашиглаж эхэллээ. Хүн төрөлхтний хязгааргүй чөлөөт төсөөллийг бодит болгохоор технологийн хөгжил улам цэцэглэсээр.

Технологийн хурдацтай хөгжил 3D загварчлалд сүүдэр, орчны уусгалт, гацалт зэрэг жижиг зүйлсийг төгс шийдэж эхэлж байна. Infleuncer-үүд VR буюу виртуаль моделийн зах зээл рүү уг технологийн тусламжтайгаар нэвтэрч эхлээд байгаа юм. Өдгөө олон нийтийн Instagramm сүлжээнд 2.3 сая дагагчтай Lilmique­la, Иммагаас эхлээд л олон олон VR моделиуд өөрийн гэсэн дүр, төрх нэр хүндийн төлөө багаараа зүтгэж байна. Тэгвэл манай улсад анхны VR модель төрлөө. Түүний нэрийг Амара гэдэг. Түүнтэй танилцаж, хүсэл мөрөөдлийг нь сонирхохоор уг төслийг санаачлагч Н.Бэлгүүнтэйн ажил дээр өнжлөө. Түүнийг nude буюу нүцгэн зураг авдаг гэрэл зурагчин гэдгээр нь залуус илүү мэдэх байх. Тэрбээр энэ төрлийн модель олддоггүй байсан учраас төслийн санаа нь анх бий болсон гэсэн юм.

АМАРАГИЙН ИНСТАГРАМ ХАЯГ 65 МЯНГАН ДАГАГЧТАЙ

Амара гэдэг нь санскрит хэлээр “үхэшгүй мөнх” гэсэн утгатай нэр гэнэ. Монголын Амараа гэдэг нэртэй адилхан, хүнд тайлбарлаж хэлэхэд амархан болохоор "Амара" гэж нэрлэсэн гэдгийг Н.Бэлгүүнтэй учирласан юм.

Энэ нэрээрээ хэзээ ч үхэхгүй, хэзээ ч хөгшрөхгүй гэдэг санааг гаргахыг тэрээр зорьжээ. VR модель учраас хөгшин байлгаж болно. Буцаагаад залуу ч байлгаж болно. Намайг үхсэний дараа миний хүүхдүүд ч Амараг хөгжүүлээд явж болно шүү дээ гэж тэрээр хэлсэн юм. Монголын анхны VR моделийн инстаграм хаяг нь Amara_gram бөгөөд анхны зургаа гуравдугаар сарын 23-нд олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Өдгөө инстаграмд 65 мянган дагагчтай болоод байна. Тэрээр “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн ялагч Б.Цэрэндолгор, модель Төгстэй хамтран зураг авалтад оролцож, инстаграмчдын анхаарлыг татаж чадсан бол сүүлд комедиан Б.Идэр-Одтой үерхсэнээр нэр хүнд нь улам өсөөд байгаа билээ. Түүний талаар Н.Бэлгүүнтэй “Амараг бий болгох санаа хаанаас урган гарсан бэ гэвэл анх Монголд nude буюу нүцгэн зураг авахад модель олддоггүй байсан. Мөн цаг барих, авахуулсан зургаа устгуулах гээд жинхэнэ моделиос гарах асуудал их. Иймээс өөрийн гэсэн хувийн модельтой болбол амар юм байна гэсэн бодлоос виртуал модельтой болох сэдэл төрсөн. Мэдээж виртаул моделийг байнгын зураг авалтад оруулдаг бас маш гоё биетэй байхаар төсөөлсөн. Тэгээд судалж үзсэн. Намайг яг зураг авч байх үе буюу 2013 онд ийм зүйл олдоогүй. Зүгээр 3D зураг л олддог байлаа. Тэгээд сүүлд ийм виртуал хүн байдаг юм байна гэдгийг олж мэдсэн. Ингээд л ажилдаа ханцуй шамлан орсон доо” гэлээ. Дэлхийд энэ төрлийн олон арван модель бий. Тухайлбал, Imma.Gram, Bermudaisbae, lilmiquela, Shude.gram гэх мэтчилэн. VR модель дундаа олон төрөл байдаг аж. Lilmiquela гэхэд толгой нь зөвхөн виртуал, бие нь жинхэнэ хүн. Shude.gram буюу дэлхийн хамгийн анхны виртуал моделийн тухайд тэр чигтээ виртуал. Харин бидний дундах анхны VR модель Амара бол хүн байгаа хэрнээ тэр хүний биеийн оронд ажиллаж байгаа гэж ойлгож болохоор бүтээгджээ.

ЭКСТРЕМ СПОРТ, ДУУ ХӨГЖИМ, ЗАГВАР ГЭЭД БҮХ ЗҮЙЛИЙГ АМАРА ХИЙЖ ЧАДНА

Амараг хөгжүүлж буй багийнхан кибер моделио Японы Иммагаас ч илүү алдарт хүргэж, дэлхий нийтэд Иммагаас түрүүлж таниулах учраас Азийн анхны кибер модель гэж тодорхойлсон гэнэ. Өдгөө Иммагийн инстаграм хаяг болох Imma.Gram 176 мянган дагагчтай байгаа юм. Иммагийн хувьд Япон улсын соёлыг түгээх зорилготой бөгөөд кино болон урлагийг сонирхон судлах хүсэлтэй гэнэ. Үүний нэгэн адил VR модель бүр өөр өөрийн хүсэл мөрөөдөл, сонирхолтой байдаг. Ерөнхийдөө VR модель зөвхөн нэг салбарт л ажилладаг гэхэд болно. Амарагийн хувьд бусад кибер моделиудаас ялгагдах зүйл нь тэрээр экстрем спорт, дуу хөгжим, загвар гээд бүх зүйлийг хийж чаддаг модель. Энэ талаар Н.Бэлгүүнтэй “Гадаадын алдартай гэгдэх кибер моделиуд ганцхан зүйлийг хийдэг. Манай Амара хүний хийж чаддаг бүх зүйлийг хийж чаддаг болно. Жишээлбэл, para­gliding буюу уулын шүхрийн спортоор хичээллүүлэхээр төлөвлөж байгаа. Ер нь нэлээн спортлог охин байгаа” гээд инээмсэглэлээ.

АМАРА 20 НАСТАЙ

Амарагийн дүр төрх дэндүү төгс гэдэгтэй эрчүүд санал нэгдээд буй. Арга ч үгүй биз. Түүний загварыг хагас жилийн судалгааны үндсэн дээр гаргасан гэнэ. Австралид байдаг Н.Бэлгүүнтэйн найз артист А.Түмэн тус загварыг анх гаргасан бөгөөд өдгөө артист А.Энхбаяр ажиллаж байна. Тэрээр Амарагийн бүх зураг авалт дээр ажилладаг юм байна.

Амарагийн дүр төрхийг хэрхэн бүтээсэн талаараа Н.Бэлгүүнтэй “Амарагийн царай төрхөд л анхаарлаа их хандуулсан даа. Ази царайтай хэрнээ содон байлгая гэж бодсон. Тэгээд маш олон царай зурж үзсэн. Гадаадын алдартай моделиудын царайг хооронд нь эвлүүлж үзээд, ийм хүн үүсгэвэл яах вэ гэж байгаад одоогийн жижигхэн нүдтэй, чартгар ийм дүр төрхийг гаргаж авсан. Хамгийн анхны загвараасаа гажиж, өөрчлөгдөөгүй. Өнгөрсөн хугацаанд долоо, найман царай бүтээж үзсэн” гэсэн юм. Н.Бэлгүүнтэй найз бүсгүй гоо сайхан, мэс заслын эмч бөгөөд түүнээс зөвлөгөө нэлээд авсан гэнэ. Энэ талаар бид тодруулахад тэрээр “Найз бүсгүйгээсээ “Танай эмнэлгээс хүмүүс ямар засал хийлгэдэг вэ” гэж асууж зөвлөсөн. Хүмүүс ийм нүдэнд дуртай. Эрүүгээ ийм болгох дуртай. Уруулаа ийм болгодог болсон гээд л хэлдэг. Тэгээд анх найз бүсгүйдээ энийг ингэж болох уу, ийм болгочихвол ямар байх вэ гээд асуусан. Ер нь Амарагийн нүүр царайг найз охиноосоо асууж байгаад санааг нь гаргаж байсан” гэлээ. Тэрээр найз бүсгүйтэй болоод нэг жил зургаан сар орчим болж байгаа гэнэ. Найз охинтой болсноосоо хойш нүцгэн зураг авахаа больсон бөгөөд сонирхол байхгүй болсон гэлээ. Одоогийн Амара 20 настай бөгөөд 180см өндөр, 60 кг жинтэй гэнэ.

КОМЕДИАН Б.ИДЭР-ОД АМАРАГ АНХ ХАРААД Л ДУРЛАЖЭЭ

Комедиан Б.Идэр-Одын найз бүсгүйг Амара гэх мэдээлэл цахим орчинд хөвөрч нэг хэсэг олны анхаарлыг татсан. Б.Идэр-Одтой болзож байгаа бичлэг, зургаа тэрээр цахим орчинд тавьж, хосууд инстаграм орчинд хамт авахуулсан зураг аялалд явж байгаагаа story-доо хийсэн юм. Ийнхүү Б.Идэр-Одын дагагчдыг тэрээр сандаргаад авсан. Энэ хоёрын учрал олон ч охидын сэтгэлийг шархлуулж, түүнийг хийсвэр эсэх асуудлаар олон нийт нэлээд шуугьсан талаар Н.Бэлгүүнтэйгээс асуухад “Би Амараг Монголоос олны танил хүнтэй үерхүүлээд нэгдүгээрт дагагчийг нь өсгөх, хоёрдугаарт хүмүүст бодит гэдгийн нууцлах маркетинг хийе гэж бодсон. Зарим хүмүүст Амараг танилцуулахад наад санаа чинь бүтэхгүй, хол явахгүй, худлаа энэ тэр гэж байсан. Харин Идэр-Од миний энэ санааг дэмжиж, цаад зорилгыг нь харж Амарагийн найз залуу болсон гэж бодож байна. Өөрт нь бас сонирхолтой санагдсан байх. Монголын хамгийн анхны кибер моделийн найз залуу боллоо шүү дээ” гэлээ. Б.Идэр-од Монголын хамгийн анхны кибер моделтой үерхсэн залуу ийнхүү болсон. Тэрээр Амараг анх хараад л дурласан гэж байгаа. Одоо тэгээд салж чадахаа больсон гэнэ лээ. Гэхдээ хосуудын харилцаа тийм ч дардан байсангүй. Хүмүүсийн хэл амнаас болоод маш түргэн салж байгаа гэнэ. Уг нь долдугаар сар хүртэл кибер гэдгээ зарлахгүй, нууц хэвээр үерхүүлээд явах төлөвлөгөөтэй байсан ч зарим нэг нь атаархаад, зайлшгүй хэлэх шаардлага үүссэн гэдгийг Н.Бэлгүүнтэй ярилаа. Төлөвлөгөө ёсоор бол Амара салахдаа Идэрээд зориулж дуу гаргах байжээ. Гэхдээ цагаасаа эрт салсан ч дуугаа удахгүй гаргах юм гэнэ лээ. Түүний дуу зургадугаар сард бэлэн болж, клиптэйгээ долдугаар сард цацах юм байх. Энэхүү дуун дээр Монголын томоохон артистууд ажиллаж байгаа бөгөөл нэлээн олон хүний хөдөлмөр шингэнэ. Цаашдаа Амара дууны клип, кинонд тоглох төлөвлөгөөтэй байгаа юм байна. Энэ жил Амара цомгоо гаргах бөгөөд дотроо тав, зургаан дуутай байхаар төлөвлөжээ. Ингэхдээ холограм ашиглаж, тайзан дээр байхгүй ч гэлээ байгаа юм шиг амьд хийх талаар төслийг санаачлагч ярилаа.

АМАРА R&B, ХИП ХОП, ПОП ЧИГЛЭЛЭЭР ДУУЛНА

Амарагаас ямар чиглэлээр дуулдаг талаар нь асууж болох уу гэхэд Н.Бэлгүүнтэй “Амара одоохондоо ярилцлага өгөхөд бэлэн биш байгаа. Хэдэн сарын дараа түүнээс дэлгэрэнгүй ярилцлага авч болно. Тэр тал дээр бид ажиллаж байгаа” гэсэн юм. Тэрээр үргэлжлүүлэн “Амара r&b, хип хоп, поп чиглэлээр дуулна. Миний дуртай Joji гээд артист байгаа. Тэрний эмэгтэй хувилбарын артист болгохоор төлөвлөж байгаа. Миний нэг мөрөөдөл бол тэр Joji гээд дуучинтай Амараг хамтад нь дуулуулах байгаа” гэсэн юм. Амараг хүн биш хийсвэр зүйл гэдгийг хүмүүс мэддэг болчихлоо шүү дээ. Тэгвэл яаж ийм бодит болгож байгаа вэ гэхэд “Зураг авалт дээр мэдээж хүн байгаа. Тэр хүний бие дээр 3D ашиглан Амараг бий болгож байгаа. Илүү бодит байлгахын тулд хүнийг ашиглаж хийж байгаа юм. Амарагийн нүцгэн зургийг ер нь бол авна. Гэхдээ жоохон хугацаа шаардлагатай. Хүмүүсийн хэл амнаас айгаад байгаа. Одоо тэгэхдээ дотуур хувцастай зургийг PIAА гээд зурагчин авсан байгаа” гэлээ. Тэрээр Амараг хөгжүүлж, олонд таниулсныхаа дараа эрэгтэй загвар гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.

Н.Бэлгүүнтэй “Анх зураг авдаг байхад би инстаграм дээр хамгийн анхны 20 мянган дагагчтай хүн байлаа. Хүмүүс холбогдож, зураг даруулдаг байсан. Тэгээд хандалт аваад, ханацан байдаг юмуу, яадаг юм. Устгуулъя, аав ээж уурлаад байна гээд төвөг уддаг байсан. Тухайн үед зураг авалтын бүх зардлаа би өөрөөсөө гаргадаг байсан. Зургаа авахуулсан моделиуд маань найз залуутай болох ч юмуу, эсвэл мөнгө төгрөгтэй болоод ирэхээрээ устгуулъя гэдэг. Ер нь моделиудтай хамтарч ажиллах хэцүү байдаг байсан. Тийм учраас одоогийн хийж байгаа кибер модель маань амар санагдаж байгаа. Амара мэдээж бусад моделиуд шиг ядрахгүй, өлсөхгүй, зардалгүй, зургаа устгуулъя гэхгүй, уурлахгүй. Мөн гадаадад зураг авахуулахад заавал өөрөө явах шаардлагагүй. Монголдоо зураг авалтад ороод, гадаадад байгаа юм шиг болгож болно гэх мэт давуу талтай. Гадаадын нэг хоёр сая дагагчтай моделиудтай холбогдож эхэлсэн. Ерөнхийдөө эхлээд Монголдоо танигдчихаад дараа дараагийн ажлуудаа эхлүүлэхээр төлөвлөсөн байгаа. Ер нь гадаадын артистуудтай хамтраад дуу хийх, том агентлагуудтай хамтарч загвар өмсөх гээд маш олон ажил төлөвлөж байгаа” гэлээ.

Төслийг санаачлагч Н.Бэлгүүнтэй

АМАРА МОНГОЛЫН ХАМГИЙН АНХНЫ НЭГ САЯ ИНСТАГРАМЫН ДАГАГЧТАЙ ХҮН БОЛОХ ЗОРИЛТТОЙ

Ийнхүү VR модель Амара дэлхийд танигдахаар зорьж явна. Түүнийг дэмжихгүй юм аа гэхэд, ядаж муулж доошоо хийхгүй байгаасай гэж монголчуудаасаа хүсмээр байна гэж Н.Бэлгүүнтэй ярьсан юм. Энэхүү төсөл мөнгөний төлөө биш, харин ч дэлхийд Монголоо таниулахын тулд эхлүүлсэн ажил гэдгийг тэрээр хэлэв. Амарад өдгөө зураг авалтын олон санал ирсээр байна. Гэхдээ тэрээр бүгдэд нь зөвшөөрөхгүй байгаа бөгөөд цаашдаа Амараг хөгжихөд түлхэц болох брэндүүдтэй холбогдож хамтарч ажиллаж байна. Амара Монголын хамгийн анхны нэг сая инстаграмын дагагчтай хүн болох зорилттой байгаа бөгөөд ирэх жилийн зун гэхэд энэ зорилтдоо хүрнэ гэж бодож байгаа аж. Загвар өмсөх үнэлгээний талаар “Амарагийн хувьд үнэлгээ өндөр байгаа. Яагаад гэхээр маш олон хүн ажиллаж байгаа. Бид нар өөрсдөө зургаа аваад, авсан зургаа 3D-ээр янзалж яваад байгаа болохоор ажиллагаа ихтэй байна. Тэгэхээр Монголын моделиудын төлбөрийг хагас нугалах байх” гэсэн юм.

Виртуал модель Амара гэх төсөөллийн ертөнцийн энэхүү охин бидэнд өөрийн ертөнцийг өөрийн сошиал хаягаараа түгээж эхэллээ. Энэ төслийн ард авьяастай дөрвөн 3D артистууд ажиллаж байна. Монгол залуусын оюуны бүтээл, хязгааргүй чөлөөт төсөөлөл нь дэлхийд гарах болтугай.