Өчигдөр АН-ын бүлэг ээлжит бус хуралдаанаа хийж шөнө дунд хүртэл хуралджээ. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “давхар дээл”-ний хуулийн төслийн талаар хэлэлцсэн бөгөөд сүүлдээ бараг зодоон болох шахсан сурагтай.

Бүлгийн хурал дээр АН-ынхан “давхар дээл”-ээ тайлах асуудлаар санал хураахад гишүүдийн 17 нь “давхар дээл”-тэйгээ үлдэхийг хүссэн бол 16 нь “давхар дээл”-ээ тайлах ёстой гэж үзжээ.  Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, М.Батчимэг, Ш.Түвдэндорж тэргүүтэй гишүүд “дахар дээл”-ээ тайлах ёстой гэж санал өгсөн байна.  Тэд  энэхүү үйлдлээрээ улс орны нийгэм эдийн засгийг уналтад ороход нөлөөлсөн нөхдүүдтэй хариуцлага тооцох ёстой гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Ерөнхийдөө “давхар дээл”-ээ тайлахыг дэмжсэн гишүүд өмнө нь  энэ асуудлаа байнга хэлж ирсэн.  Энэхүү байр суурин дээрээ ч бат зогссоор байсан юм.  Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Батчимэг “Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг цаг алдалгүй хэлэлцэх шаард¬лагатай. Өнөөдөр сайд нар давхар дээлтэй, УИХ-ын гишүүн, сайдын ажлыг давхар хийж бай¬гаа нь УИХ ч, Засгийн газар ч хариуцлагагүй байх гол үндэс болж бай¬гаа. Дээрх нь суудлаа олохгүй бол доорх нь гүйд¬лээ олдоггүй гэдэг биз дээ. Хариуцлагагүй Засгийн удирдсан тө¬рийн алба яаж хариуц¬лагатай ажиллах юм бэ. Тиймээс төрөө ухаалаг болгохыг хүсч байгаа бол УИХ өөрөөсөө энэ ажлыг эхлэх ёстой. Үлгэрлэх ёстой. Сайд нар давхар дээлээ тайлах цаг нь бол¬сон. Иймээс хуулийг 2014 оноос хэрэгжүүлэхээр батлуулах ёстой. Төрийн ажил муудаад, байдал хүндрээд байгааг хар¬саар байж 2016 он хүртэл явуулж болохгүй. Энэ бол ганц миний байр суурь биш, хэн нэг хувь хүний эсрэг ажил ч биш, зарч¬мын шаардлага болчи¬хоод байгааг олон хүн зөвшөөрч байна шүү дээ. УИХ-д надтай адил бодол¬той хүмүүс цөөнгүй байгаа гэж бодож байна” хэмээн хэвлэлээр ярьж байлаа.  Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Мэдээж “давхар дээл”-ийг тайлахыг би дэмжиж байгаа. Яагаад гэвэл, УИХ, Засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг давхар хашсанаас болж ажил цалгардаж байгаа. Засаглалын баланс алдагдаж, ажил гацаж байна. Үүнийг засч залруулах ёстой. Хуулийг хэрэглэх хугацааг нь наашлуулах санал ороод ирвэл би хувьдаа дэмжих болно” гэж ярьсан удаатай.  Энэ мэт АН-аас ганц нэг гишүүн бус нэлээдгүй гишүүн “давхар дээл”-ийг тайлж дампуурсан засаглалаас салах ёстой гэж мэдэгдсээр ирсэн.  Тиймээс ч бүлгийн хуралдаан дээр санал хураахад тэд байр сууриа хадгалж үлдэж чаджээ.  Харин үүнээс болж  Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг төдийгүй “давхар дээл”-эндээ дуртай сайдууд сандарч байгаа бололтой.  “Давхар дээл”-ээ тайлахыг дэмжсэн гишүүдийнхээ өмнө бараг өвдөг сөхрөн аврал эрэх нь ойлгомжтой. Мэдээж Н.Алтанхуяг тэргүүтэй сайдууд суудлаасаа тийм ч амархан мултарчихгүйг хичээнэ.  Тиймээс “давхар дээл”-ийг нь тайлахыг хүсэгчдэд найр тавьж тэднийг өөрийн талд урвуулах хор найруулж эхэлжээ.  Өөрөөр хэлбэл, М.Батчимэг, Ж.Батзандан, Ш.Түвдэндорж нарийг өөрсдийнхөө эсрэг кноп даруулахгүйн тулд “амыг нь барина” гэсэн үг л дээ.  Бүр тодруулбал тэднийг худалдаж авна. Харин тэдгээр гишүүд өөрсдийн үзэл бодол, байр суурь, цаашлаад улс орны нийгэм эдийн засагт санаа зовниж байгаа бол лав л худалдагдахгүй байх.  Харин өөрсдийн эрх ашгаа бодож ханцуйн дотроо наймаалцсан бол  тэдний төлөө кноп дарах нь ойлгомжтой. Юутай ч  УИХ-ын нэгдсэн чуулган дээр дээрх гишүүд хэрхэн санал өгөхийг харах л үлдлээ. .  

Ерөнхийдөө Н.Алтанхуягийн шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газар унах нь тодорхой болчихсон гэж байгаа.  Засгийн газарт хамтарч байгаа намууд ч мөн адил “давхар дээл”-ээ тайлахыг шаардаж, сануулсаар байгаа билээ.  Тиймээс МАН, МАХН-МҮАН, ИЗНН, бие даагчдын төлөөлөл болон АН-ын гишүүд санал өгөхөд шинэчлэлийн гэх Засгийн газар огцроход бэлэн байна.