Хүн төрөлхтөн жил бүр 80 тэрбум шинэ хувцас үйлдвэрлэдэг. Энэ нөхцөл байдлыг өөрчлөхгүй бол 2030 он гэхэд хувцас үйлдвэрлэлийн салбараас гарч буй нүүрстөрөгчийн хэмжээ 2.5 тэрбум тоннд хүрэх төлөвтэй байна. Энэ нь 230 сая машины нэг жилд ялгаруулдаг утаатай тэнцэх хорт бодис юм байна.

Тиймээс бид бага худалдан авч удаан хэрэглэх, хуучирсан хувцсаа хаяхын оронд хандивлах нь хүрээлэн буй орчноо хамгаалахад оруулж буй чухал хувь нэмэр юм. Их Британи улс гэхэд 2017 онд 11 мянган хандивын дэлгүүрээр дамжуулж 330 мянган тонн хувцасыг газарт булахаас сэргийлж, хэрэгтэй хүмүүст нь хандивладаг аж.

Монголд анх удаа өнгөрсөн онд хэрэглэхгүй эд зүйлсээ заруулдаг дэлгүүр нээгдсэн бол эко дүүрэг нэрийн хуудастай Хан-Уул дүүрэг анхлан хуучин хувцас авах цэгтэй болжээ. Иргэд хуучин хувцсаа хог руу хаяж, шатаалгүйгээр уг цэгт байгаа хайрцагт хийснээр дүүргийн зорилтод бүлгийн хувцас авахыг хүссэн иргэдэд хүргэх үйлчилгээг үзүүлэх аж.

Хан-Уул дүүргийн “Тохижилт үйлчилгээний төв”-өөс санаачлан ийн хуучин хувцас авах цэг байгуулсан нь олны талархалд нийцсэн төдийгүй тэдний хайрцагт хийсэн эд зүйлс зорилтот бүлгийн иргэддээ очиж эхэлжээ. Эхний ээлжинд хоёр газарт уг цэгийг байгуулсан бөгөөд зургаан хоногийн дотор хувцас хийдэг сав нь дүүрсэн байна.

Нэгэн эмэгтэй хоёр хүүхдээ дагуулан хоёр тор дүүрэн хувцас барин тус цэг рүү алхаж байв. “Хүүхдийнхээ хэрэглэхгүй хувцасыг хийж байна. Түүнээс энэ цэгийн талаар ямар сэтгэгдэлтэй байгааг нь асуухад “Хүүхдүүдийнхээ багадсан хувцасыг хаяж чадахгүй, шатаая гэхээр шатааж болохгүй, түймэр тавьчих гээд гэртээ дэмий хадгалдаг байлаа. Өчигдөр мэдээнээс ийм цэг байгуулагдсаныг уншаад бүгдийг нь бариад ирлээ. Надад ч хуучин хувцсаа хадгалахгүй амар, хэрэгтэй хүмүүстээ ч туслаад зөв зүйл хийжээ” гэв.

Хажуугаар нь зөрсөн хүмүүс уулга алдан ийм цэгтэй болчихжээ, гэрээсээ хуучин хувцаснуудаа авч ирье байз” гээд машинаа асаагаад одлоо. Ийнхүү анх очихдоо тийм ч их хүн ирэхгүй байх, хүмүүс ирж хувцсаа хийх нь юу л бол гэсэн бодол минь хормын төдийд өөрчлөгдөв.

 

Цугларсан эд зүйлс зорилтот бүлгийн иргэддээ очиж эхэлжээ

Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Мягмарсүрэн “Хан-Уул дүүрэг нь эко дүүрэг гэж явдаг. Тэр ч утгаараа олон ажил, арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжүүлдэг. Энэ удаагийн хуучин гутал хувцас авах цэгийг манай Тохижилт үйлчилгээний төвөөс санаачлан хэрэгжүүлж байна. Хүн өөрт хэрэггүй болсон, хуучин хувцсаа хаях эсвэл шатааж орчныг бохирдуулдаг. Тэгвэл бидний зүгээс иргэдийг хуучин хувцсаа хог руу хаяж, шатаалгүйгээр энэ цэгт байгаа хайрцагт хийж зорилтод бүлгийн хүмүүст өгөхийг уриалж энэ цэгийг суурилуулсан. Нэг цэгт гутал болон хувцас хийх зориулалтын хоёр хайрцгийг байршуулсан байгаа. Хувцас хийх хайрцагны хэмжээний хувьд өндөр нь 160 см, өргөн нь 50 см тул хангалттай их хувцас багтана. Бид өмнө жилүүдэд энэ ажлыг зөвхөн тодорхой аяны хүрээнд нэг сарын хугацаатай зохион байгуулдаг байсан. Энэ ажилд иргэд их идэвхтэй оролцож, байнга зохион байгуулах хүсэлт гаргадаг. Тиймээс энэ жилээс тус цэгийг өдөр бүр байршуулж ажиллуулж байхаар зорьж байна” гэв.

Одоогийн байдлаар дүүргийн хэмжээнд хоёр газар байршуулсан байгаа аж.  Нэг нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн эцсийн буудал руу эргэх замд KFC-гийн урд байрлаж байна. Харин хоёр дахь цэг нь “River garden” хорооллын “River tower” худалдааны төвийн ард талд байрлаж байгаа юм байна. Хан-Уул  дүүргийнхээ хороодтой хамтран ажиллаж, тус цэгүүдэд байршуулсан хуучин хувцсыг хороодын ажилчидтай хамтран хэрэгцээтэй иргэдэд хүргүүлэх юм байна.

Мөн энэ ажил нь эхний ээлжинд туршилтаар хоёр цэгт байршуулсан байгаа. Туршилтын хугацаанд иргэд идэвхтэй оролцож, хандлага сайн байвал цэгийн тоог нэмнэ. Ерөнхийдөө 4-5 газар нэмж байршуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж. Тиймээс иргэддээ хэлэхэд өөрт хэрэггүй болсон хувцсаа хаялгүй тус цэгийг зориорой гэдгийг тус дүүргийн Тохижилт үйлчилгээний олон нийттэй харилцах мэргэжилтэн онцолж байлаа.

Тэд тус хайрцагт хийсэн хувцсыг ХУД-ийн IV хорооны зорилтот бүлгийн иргэдэд хүргүүлэхээр хорооны хэсгийн ахлагч нарт хүлээлгэн өгсөн байна. Цэг дүүрсэн тул иргэдийн өгсөн хувцасыг ангилж, ялган дүүргийнхээ хороодын зорилтод иргэдэд өгөх гэнэ. Иргэдийн хувьд ихэвчлэн хүүхдийн хувцас, гутлыг уг саванд хийснээс гадна цэвэрлэж, ууталж хийсэн байжээ.

Хуучин хувцсаа шатаах гэж байгаад Богд ууланд түймэр тавьсан хэрэг гарч байсан нь саяхан. Тэгвэл энэ цэгийг байгуулснаар зорилтот бүлгийнхэнд туслахаас гадна гал түймэр гаргахаас урьдчилан сэргийлж буй нэг алхам юм. Иргэд хуучин, багадсан хувцсаа хаана хаях вэ, шатаах вэ гэж бодолгүй шууд л энэ цэг дээр авчирахад л болох юм. Нэг сумаар хоёр туулай буудаж байна гэхэд буруудахгүй. Өөрсдийн хэрэгцээнээс хасагдсан хувцаснаасаа ангижрахын сацуу хэрэгтэй хүмүүст нь буян болж байгаа хэрэг юм.

 

 

Б.Намуунтамир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин