"Иргэдийн Шударга Шүүх" ТББ-ийн тэргүүн, судлаач Х.Бат-Ялалт Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг мэтгэлцээнд хэд хэдэн удаа урьсан. Гэвч түүнийг урилгаас сайд маань эмээж, "цааргалаад" байгаа билээ. Тэгвэл одоо судлаач Х.Бат-Ялалт сайдтай мэтгэлцэх саналаа буцааж харин огцрохыг шаардан тэмцэхээр шийдсэн байна. Тэрээр энэ тухайгаа өөрийнхаа фэйсбүүк хуудсаар долоон хоногийн өмнө мэдэгдсэн байна.

 

Х.Бат-Ялалт "Би Х.Тэмүүжин сайдыг 5 удаа мэтгэлцье хэмээн урилга хүргүүлсээн. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг дээ. Мэтгэлцэх гэдэг бол ярилцах, ойлголцох, алдаа оноог шүүн тунгаах боломж хэмээн миний бие ойлгоном. Би ч өөрийгөө хууль зүйн салбартай ямар нэгэн байдлаар холбоотой, бас бусдын өмнө хариуцлага хүлээсэн нэгэн гэж ойлгодог. Гэтэл сайд маань биеээ тоож, хэний ч үгийг сонсохоо байсан нь илэрхий болсон тул мэтгэлцэх саналаа буцааж аван харин огцрохыг шаардан тэмцэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Хуульч хүнд байх хамгийн чухал чанар бол ялангуяа ардчилсан нийгэмд бусдын үгийг хүлээцтэй сонсож, аливаа асуудлыг ухаалгаар шийдвэрлэх явдал билээ.


Нэгэнт Х.Тэмүүжин сайдад ийм чадвар байхгүй болох нь тодорхой болсон учраас ардчилсан төр засгийн удирдагч байх чадваргүй гэсэн үг. Дарангуйлагчид л бусдыг үл ойшоож өөрийнхөөрөө бүхнийг зүтгүүлдэг билээ.


Тиймээс улс эх орны ирээдүй, шударга ёс, хүний эрх эрх чөлөөний аюулгүй байдлын төлөө Х.Тэмүүжин сайдыг огцрохыг шаардан тэмцэхээр шийдлээ.


Ардчилсан нийгэмд хууль зүйн салбарын шинэчлэлийн үндсэн бодлого төр иргэний хоорондын харилцааны тэнцвэрт байдлыг тогтоох явдал билээ. Анхаарал тавьсан явдалд баярлаллаа" хэмээжээ.

Н.Батаа