“Талх Чихэр” ХК 30 жилийн ойгоо тохиолдуулан нээлттэй өдөрлөг зарлалаа

Үндэсний шилдэг үйлдвэр “Талх Чихэр“ ХК үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ШУТИС-ийн Хүнсний Инженер Биотехнологийн Сургууль, Монголын Хүнсчдийн холбоо, Хүнсний Технологийн Дээд Сургууль болон Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвтэй хамтран “ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ ОДОО БА ИРЭЭДҮЙ”  сэдэвт онол практикийн бага хурлыг энэ сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Хүнсний салбарын мэргэжилтнүүдийн онолын мэдлэгийг дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэрлэлд хэрэгжүүлэх, практик ач холбогдлыг сурталчлан таниулах зорилготой уг хуралд “Талх Чихэр” ХК болон бусад хүнсний салбарын томоохон үйлдвэрүүдийн удирдлага, мастер, технологичид төдийгүй их дээд сургуулиудын эрдэмтэн доктор, багш, оюутнууд оролцож “ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ ОДОО БА ИРЭЭДҮЙ” сэдвээр хэлэлцүүлэг явуулж, санал солилцлоо.

Мөн үйлдвэр аж ахуйн болон сургалтын байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх,   хүн амыг тэжээллэг, чанар, эрүүл ахуйн баталгаатай хүнсээр хангаж, эрүүл аж төрөх нөхцлийг бүрдүүлэх, техник технологийн шинэчлэлийн үр дүнд баяжуулсан,  зохицуулах үйлчилгээтэй хүнсийг үйлдвэрлэж гадаад дотоодын зах зээлд өрсөлдөхүйц эдийн засгийн чадавхийг бий болгоход сургалт, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний ажлын уялдаа холбоог хангах асуудал зайлшгүй байгаа билээ. Иймд энэхүү онол практикийн бага хурал чухал ач холбогдолтой юм.

Нээлттэй өдөрлөгийн хүрээнд онол практикийн бага хурлаас гадна залуу боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор нээлттэй ажлын байр зарлан оюутнуудад дэвшилтэт техник технологи бүхий бүрэн автомат үйлдвэрийн онцлог, давуу талыг  сурталчилж, шинэ бүтээгдэхүүний амталгаат худалдаа, санал асуулга явуулах зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.