Тун удахгүй буюу хоёрхон хоногийн дараа ирэх дөрвөн жил улм орныг удирдах төрийн удирдлагын бүрэлдэхүүнийг бий болгох УИХ-ын сонгуулийн санал хураалтын өдөр эхлэх гэж байна. 

2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслүүдээс хуульд заасан шаардлагыг хангасан 15 нам, 4 эвсэл сонгуульд оролцох батламж гардан авсан юм. Харин Үндэсний аудитын газраас энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө өгсөн 208 хүний нэрийг мөн зарласан билээ. Ингэснээрээ энэ жилийн сонгууль хамгийн их нэр дэвшигчтэй сонгууль гэдгээрээ өмнөх жилүүдээсээ онцлогтой болж байна.

Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын гишүүнээр ажиллах 76 хүнийг энэ оны зургаадугаар сарын 24-нд сонгоно. Харин энэ бүх сонголтыг хийх гол үүрэг нь иргэн, сонгогч та бүхний гарт байгаа. Ирэх дөрвөн жил та бүхэн улс орныг удирдан жолоодох итгэлт төрийн түшээдээ бусдын нөлөөнд авталгүйгээр сонгох цаг нэгэнт иржээ. 

Сайны хажуугаар саар гэгчээр сонгууль бүрийн дараа л элдэв маргаан, санал гомдол үргэлжилсээр байдаг. Энэ бүхнээс хамгийн тод бараан дурсамж үлдээсэн сонгууль бол 2008 оны 7-р сарын 01-ний бараан дурсамж билээ. 

2008 онд УИХ-ын сонгууль томсгосон мажоритар буюу өнөөгийнхтэй адил томсгосон тойрогт олон мандатын төлөө өрсөлдөх тогтолцоогоор болсон. Эл сонгууль 2005 оны 11 сард батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу болжээ. Гэвч тус хуульд зарим зүйлийг тодорхой тусгаагүйгээс сонгуулийн байгууллагатай холбоотой гурван ч маргаан гарч, шүүх түүнийг эргэлзээтэй байдлаар шийдвэрлэсэн байдаг. Үүний хамгийн ноцтой нь СЕХ-ны даргаар ажиллаж байсан Д.Баттулга сонгуулийн өмнөх өдөр “Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдээгүй ч иргэний үнэмлэхээ үзүүлж тухайн хэсгийн хороонд саналаа өгч болно” гэсэн нь том маргаан үүсгэж, хардлагыг өдөөсөн юм. Энэ талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” сэдэвт судалгаанд тодорхой дурдсан нь анхаарал татна. Сонгуулийн маргааш улс төрийн намууд санал хураалтын дүнтэй эвлэрэхгүй гэж жагсаал хийхдээ эл асуудлыг хөндөж, бухимдлаа илэрхийлснээс жагсаал үймээн болж өргөжсөн юм. 

Үр дүнд нь таван хүний амь эрсдэж, олон хүн хоригдож, хэлмэгдэж, ял авсан. Долдугаар сарын 1-ний хэргийг шийдвэрлэсэн 244 хүнд холбогдох 45 шийтгэх тогтоол байна. Нийт ял шийтгүүлсэн 244 хүний 86.6 хувьд нь хорих, 8.9 хувьд нь баривчлах, 0.8 хувьд нь торгох ял оноож найман хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ нь хорих болон баривчлах ялын жилийн дунджаас хоёр дахин их тоо бөгөөд хуулийн байгууллагын түүхэнд бас нэгэн хар толбо, анти үзүүлэлт болжээ.

Энэ бүх зүйлээс товчхон дүгнэлт хийхэд дээрх үйл явцад хэн нь хохирсон бэ гэвэл эгэл жирийн иргэд л юм. Олон зуугаараа баривчлагдан зарим нь хорих ялаар хүртэл шийтгүүлж явсан. Тиймээс сонгогч та бүхэн мэргэн сонголтоо хийж, хэрэвзээ элдэв маргаан үймээн гарвал улс төрчдийн гар хөл болохоос сэргийлээрэй гэдгийг сануулах нь хэрэгтэй болов уу. 

Хийрхэл ихтэй улстөрчид хэргээ болохоор үймээн самуунд уруу татах ч, хожим хойно нь бүх зүйлийн ард зогсон эгэл жирийн ард түмэн хохирсоор үлдэх ёсгүй. 

Эцэст нь хэлэхэд сонгогч та бүхэн Монголын ирээдүйд үнэт хувь нэмэр оруулах сонголтоо сайтар тунгаан бодож, хэн нэгний ятгалганд үл автан Сонгуульдаа идэвхтэй оролцон саналаа өгөөрэй.