УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан иргэдэд өнөөдөр батламжийг нь гардуулсан билээ.

Харин батламжаа авахтай зэрэгцэн эгүүлэн татагдах хүмүүсийн нэрс эхнээсээ гарч байна. Тухайлбал, энэ жагсаалтын хамгийн эхэнд Баянхонгор аймгаас сонгогдсон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан А.Адъяасүрэн гэх эмэгтэй бичигдэж байна.

Түүнийг албан тушаалтанд хахууль өгсөн хэрэгт холбогдуулан үйлдэл дээр нь шахам илрүүлсэн байдаг. Тодруулбал, Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд түүний хүргэн Б.Г гэх хүнээр дамжуулан энэ оны гуравдугаар сарын 31-нд Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг, “Peace tower”-ын 804 тоот өрөөнд 100 000 ам.доллар өгсөн хэрэгт яллагдагчаар татсан. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай гурван ч компанийн тодорхой хувийг А.Адъяасүрэн эзэмшдэг юм байна.

Нэр дэвшигчдын  АТГ-т мэдүүлсэн ХОМ-ээс А.Адъяасүрэн хахуулийн хэрэгт гурван ХХК-тай  холбогдолтой болохыг түүний ХОМ-ээс нь харж болно.

А.Адъяасүрэнгийн ХОМ-ийг  ЭНД ДАРЖ үзнэ үү.

А.Адъяасүрэнгийн хувь эзэмшдэг “Тэнгри транс”, “Сан тээвэр”, “Ульгансар транс” компанийнхаа хүнд даацын 680 ачааны автомашинд улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл олгуулахын тулд дээрх албан тушаалтанд хахууль өгсөн нь баримтуудаар нотлогдсон гэж хууль хяналтын байгууллагынхан үзээд Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан. Улмаар “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад эд зүйл өгсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол баталсан аж. Түүнээс хахууль авсан хэрэгт холбогдсон Г.Доржпаламыг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байгаа юм.

Хэдийгээр яллагдагчаар татагдсан нь гэм буруутай гэсэн үг биш. Гэхдээ шүүхээр гэм буруутай гэж үзэх юм бол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах юм.

Өөрөөр хэлбэл А.Адъяасүрэн эгүүлэн татагдах болзолоо хангаад байна. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.