2020 оны долдугаар сарын 3-ны өдөр хийгдсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцуулж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр нийт 557 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал,

  • Сөүл-Улаанбаатар чиглэлийн хоёр онгоцоор ирсэн 428 хүнд хийсэн эхний шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй.
  • Мөн 14 хүний давтан шинжилгээ
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 6 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
  • ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан 11 хүнийн шинжилгээнд мөн коронавирусийн халдвар илрээгүй буюу сөрөг гарсан.
  • Тандалтын зорилгоор УНТЭ, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг болон Баян-Өлгий аймгаас тус бүр нэг буюу нийт гурван сорьц авч шинжлэхэд вирусийн халдвар илрээгүй.
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28 жолооч болон Замын-Үүд боомтоор орж ирсэн иргэд, ачаа тээврийн жолооч нараас коронавирусийн халдвар илрээгүй" гэв.


Коронавирусийн халдвар авч, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан дөрвөн хүн эдгэрч, өнөөдөр дараагийн шатны ажиглалтад шилжсэн тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д. Нямхүү мэдээлэв.

Тэдний гурав нь ачаа тээврийн жолооч бөгөөд хоёр нь Беларусь, нэг нь Орос улсын иргэн юм. Тэд 15 хоног эмчлүүлснээр бүрэн эдгэрчээ.

Мөн Нур-Султанаас ирсэн 54 настай эмэгтэй 22 хоног эмчлүүлэн эдгэрч, өнөөдөр дараагийн шатны ажиглалтад шилжиж байгаа аж.

Монгол Улсад батлагдсан тохиолдол 220 байгаагаас 183-ыг эмчлэн эдгээгээд байна. Одоогоор 37 хүн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлын хувьд 

  • 31 нь хөнгөн 
  • хүндэвтэр 6 хүн байгаа юм.

Тусгаарлах байранд ажиглалтад байсан нэг жирэмсэн эмэгтэйг ХӨСҮТ-д авчран амаржуулжээ. Энэ тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Тусгаарлалтад байсан эмэгтэйг ХӨСҮТ-д авчран төрүүллээ. Өнөөдөр өглөө 5 цагт ХӨСҮТ-д хүү төрлөө" гэв.