МУ-ын 25 дахь ерөнхий сайд асан С.Баярт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дугаар зүйлд зааснаар албан тушаал эрхлэх хугацааг 2 жилээр хасаж, 3 жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жил хорих ял бүгд нийлээд 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Харин шүүгдэгч ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгаж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн тэдний нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тус тус нээлттэй хорих ангид хорих ялаар шийдвэрлэсэн билээ.

ХОРИХ АНГИЙН НЭЭЛТТЭЙ БОЛОН ХААЛТТАЙ ДЭГЛЭМ ГЭЖ ЮУ ВУ

Хорих ангийн нээлттэй болон хаалттай дэглэмийн гол агуулга нь ялтныг сургах, байнгын тасралтгүй ажлын байраар хангах, ял эдлүүлэх орчин нөхцөлийг хүний эрхийг хангасан стандартын дагуу бүрдүүлэх зэрэг асуудлыг цогц хэлбэрээр шийдвэрлэж, хорих ял эдэлж байгаа хүмүүсийг нийгэмшүүлэхэд чиглэгддэг.

Нээлттэй дэглэмийн онцлог нь ялтны хувийн зан төлөв, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, шинж чанар, хувь хүний нөөц боломжийг харгалзан нийгмээс бүрэн тусгаарлалгүйгээр, тухайн хүнийг гэр бүл, хамт олон зэрэг эерэг орчны нөлөөлөл дор ял эдлүүлэх явдал юм.

Нээлттэй дэглэм нь ялтанд урьд суралцаж, ажиллаж байсан байгууллагад тодорхой хяналтын дор үргэлжлүүлэн суралцах, ажиллах, мөн тухайн ялтны эерэг чиг баримжааг нээн хөгжүүлэхэд чиглэгдсэн хяналт, хязгаарлалт багатай орчинд ял эдлэх  боломжийг олгодгоороо сэтгэл зүйн хувьд давуу тал бий болгодог.

Нээлттэй дэглэмийн ялтан дотоод журам зөрчсөн, зан төлөвийн хувьд сөрөг хандлага  давамгайлсан нь илэрхий болсон тохиолдолд хаалттай хорих ангид шилжүүлэх, хаалттай хорих ангиас нээлттэй дэглэмд шилжүүлэх асуудлыг мөн тухайн ялтны хувийн зан төлөв, ялын байдлыг харгалзан тусгайлсан комисс хуралдан шийдвэрлэх бөгөөд ингэхдээ давтан гэмт хэрэг үйлдсэн, удаа дараа хорих ял шийтгэгдсэн эсэх болон үйлдсэн гэмт хэрэг бусад хувийн онцлогт тулгуурлан тусгаарласан буюу бие биедээ сөрөг нөлөөлөл үзүүлэх боломжгүйгээр ялыг эдлүүлнэ.

Хаалттай дэглэмийн онцлог нь хорих ангийн хамгаалалтын бүсэд буюу хатуу  хяналтан дор ял эдлүүлэхийн зэрэгцээ амьдрах байр нь ялтны зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байдлаар зохион байгуулагдсан байдаг. Түүнчлэн зөвхөн хорих ангийн үйлдвэрлэлийн бүсэд ажиллах, бусадтай харилцах боломж нь хязгаарлагдмал, өндөр ачаалал бүхий нийгэм, сэтгэл зүйн сургалт, нөлөөллийн арга хэмжээнд хамрагддаг зэрэг онцлогийг агуулдаг.