Монголчууд төдийгүй дэлхий нийтээрээ хүсэн хүлээж байгаа энэ жилийн хамгийн том арга хэмжээ болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах  тэмцээн эхлэхэд хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа билээ. Энэхүү тэмцээнийг шууд дамжуулах онцгой эрхийг 193 орны 193 телевизэд Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос олгосон юм. Харин Монгол Улсад энэхүү эрхийг эзэмшигч “ETV HD” телевиз өнөөдөр “Mass” агентлагтай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Ингэснээр монголчууд хөлбөмбөгийн өлгий нутаг Бразилийн нийслэлд болох 20 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг “ETV HD’ телевизээс гадна “Mass” телевиз, “Mass” радио, “Mass.mn” сайт, “Mass press” сониноос уншиж, үзэж, сонсох боломжтой болж байгаа юм.

"MАСС АГЕНТЛАГ"-ийн Ерөнхий захирал Ч.Даваабаяраас цөөн зүйлийг тодрууллаа.

-“Маss” агентлаг, “ETV HD” телевиз хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд Маss” агентлаг ямар эрх эдлэх вэ?

-Өнөөдөр “Эх гоёот” медиа групп болон Mass агентлагийн хувьд түүхэн өдөр тохиож байна. Учир нь Бразильд болох FIFA 2014 хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулах онцгой эрхийг “ETV HD” телевиз болон “Mass” агентлаг хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд энэхүү шууд дамжуулах албан ёсны эрхийг “Mass” агентлаг  эзэмшиж эхэллээ. Үүний хүрээнд манай “Mass” телевизээр дэлхийн аваргын тоглолтуудыг шууд дамжуулах, анализ хийх, тус тэмцээний эргэн тойрон дахь бүх контентыг бэлтгэж хүргэнэ. Мөн манай групп Бразиль улсад байрлаж, шуурхай сурвалжлага, мэдээ бэлтгэн хүргэнэ. Тиймээс энэхүү төсөлтэй уялдуулан өнөөдрөөс эхлэн хөлбөмбөгийн мэргэжлийн тайлбарлагч нартай гэрээ байгуулах ажилдаа орлоо. Мөн “Mass” агентлагтай хамтарч ажиллах, ивээн тэтгэх компаниудыг урьж байна.

-“Mass” агентлаг байгуулагдаад удаагүй ч энэ том төслийг хэрэгжүүлэх эрхтэй болж байгаа нь нэг ёсны нэр хүндийн хэрэг болж байна. Нөгөө талаараа анх удаа дэлхийн аваргын тэмцээнийг интернэтээр, гар утсаар үзэх боломжтой болсон гэсэн?

-Тийм ээ. Манай “Mass” агентлаг байгуулагдаад удаагүй ч манай салбарынхан болоод монголчууд маш сайн мэддэг болсон. Энэ ч үүднээсээ хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дамжуулах албан ёсны эрхтэй болж байгаадаа баяртай байна. Эрхийнхээ хүрээнд манай агентлагийн хамт олон телевизээр шууд дамжуулан үзүүлэхээс гадна “Mass.mn” сайт Монголд анх удаа интернэтээр шууд дамжуулах эрхийг авсан. Энэ нь комьпютероор, ipad-аар таблетаар, ухаалаг гар утсаар гээд интернэт орчин хаана байна тэр газраас, бүхий л төрлөөр үзэх боломжийг Монголд анх удаа ‘Mass.mn’ сайт олгож байна.

-Сонин болон радиогоор хэрхэн мэдээллээ дамжуулах вэ?

-Тэмцээний мэдээлэл, сонин содон үйл явдлыг “Mass press” сонин уншигчдад хүргэнэ. Харин манай Их Монгол 99.7 радио Бразиль улсаас шууд дамжуулж, фанатуудтайгаа уулзана. Радио дээр зөвхөн шууд дамжуулалт яваад зогсохгүй өөр олон төрлийн контентууд хийгдэнэ. Мэргэжлийн тайлбарлагч нар радиогийн эфирт сууж шууд дамжуулалт хийх учраас энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг бид нар илүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж байна. Манай группээс энэхүү төсөл дээр 300 гаруй хүн ажиллаж байгаа.

-Тэмцээнийг шууд дамжуулах бэлтгэл ямар түвшинд явж байгаа вэ?

-Манай медиа групп болон “ETV HD” телевиз 2012 онд Европын аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлсэн. Тэр үед бид HD технологиор үзүүлж техникийн дэвшлийг үзэгчдэдээ харуулж, мэдрүүлж  байсан бол энэ удаа Full HD технологиор FIFA 2014 тэмцээнийг шууд дамжуулах бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан. Техникийн хувьд ч, уран бүтээлчдийн хувьд ч, энэ төсөл дээр ажиллаж байгаа ажлын хэсгийнхэний хувьд ч бүх ажил жигдэрсэн. Ийм учраас бид Монгол Улсад энэ спортыг хөгжүүлэх, сурталчлах үүргийнхээ хүрээнд Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтраад сонирхогчдын тэмцээнийг зохион байгуулж байна. Мөн Монголын залуучуудын холбоотой хамтраад Монгол орон даяар хөлбөмбөгийг хөгжүүлэх, сурталчлах том төсөл хэрэгжүүлж байна. Түүнчлэн Нийслэлийн захиргаа, дүүргүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн. "БИД НЭГ ХЭМНЭЛЭЭР" уриатай  FIFA 2014 төсөл маань амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.

ETV HD телевизийн Ерөнхий захирал Ц.Энхбат

-Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг “ETV HD” телевиз шууд дамжуулах онцгой эрхтэй байгаа. Тэгвэл өнөөдөр байгуулсан гэрээгээр “Mass” телевиз, Маss” радио, “Mass.mn” сайтаар цацагдах болж байгаа талаар тодруулбал?

-Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд хоёр сар хүрэхгүй хугацаа үлдэж байна. Харин өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй сүүлчийнхээ гэрээг байгуулж байна. Одоогоор “ETV HD” телевиз шууд дамжуулах эрхтэй бол өнөөдрийн байгуулсан давхар гэрээгээр Mass телевизэд орон даяар зэрэгцэж шууд дамжуулах эрхийг олгож байна. “Mass” телевиз нь дэргэдээ радио, сайт, сонинтой мэдээллийн томоохон агентлаг болж хөгжиж байгаа учраас гэрээ байгуулж байгаа юм.  

-Онцгой эрх нь та бүхэнд байна. Харин бусад мэдээллийн хэрэгсэлтэй хэрхэн хамтарч ажиллах вэ?

-Өнгөрсөн хугацаанд манай телевизийн зүгээс бусад радио, телевиз рүү албан бичиг хүргүүлсэн. Тухайн телевиз тойм хүсэж байгаа бол тоймоо, мэдээ хүсэж байгаа бол мэдээ авах саналаа ирүүлнэ үү гэсэн. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс тоймтой хариу ирсэнгүй. Тиймээс дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тоймыг нэг ч телевизэд өгөхгүй байх  шийдвэрээ гаргасан. Тэгэхээр зөвхөн “ETV HD”, “Mass” телевизээр дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулна, давтан үзүүлнэ, тойм, анализыг гаргах юм. Өөр бусад телевизэд шаардлагатай гэж үзвэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  мэдээллийг хүсэлтэд нь тулгуурлаж олгоно гэдэг шийдвэрийг манай телевиз, FIFA 2014-ын ажлын хэсгийн зүгээс гаргасан.

   “Масс” телевиз нь хэдийгээр залуу телевиз боловч 21 аймаг, 330 гаруй суманд гарч байгаа учраас гэрээ байгуулж байна. Ингээд 2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад хоёр телевиз албан ёсоор дамжуулах эрхтэй болсныг мэдэгдэж байна.