Нийслэлийн морин спорт уяачдын холбооноос зохион “Нийслэлийн хурд” уралдаан энэ жил онцлогтой зохион байгуулагдсан хэмээн  яригдаж байсан. Гэвч энэ жилийн уралдаан зохион байгуулалттай  луйвар болсныг  эх сурвалжууд ярьж байна.   Луйвар хийхдээ нэг биш нилээд хэдэн зүйл дээр хийсэн бөгөөд  энэ талаар  өдгөө зохион байгуулагчид ганц үг ган хийхгүй байгаа нь улам ч хардлага төрүүлж байгаа юм.  Уг уралдааныг зохион байгуулагчдын  зүгээс гаргасан  но-той үйлдэл  бүрийг дэлгэрэнгүй,  дугаарлаж уншигч та бүхэндээ хүргэе.  

1.      Уралдааныг зохион байгуулах комисс уралдаан болох хэсгийг хашаалж, уг хашааны гадна талаар дахин хашааа татаж цагдаагаар хамгаалуулсан юм.  Ингэснээр дотогшоо нэг ч уяач орох боломжгүй болгосон бөгөөд энэ нь шүүлт шударга бус явагдах үндсийг тавьсан. Монгол улсад зохион байгуулагдаж байгаа бүх  уралдаанд оролцох гэж байгаа морьдыг олны нүдэн дээр хэмждэг бөгөөд уяачдад  ямар морь уралдаж байгааг харах боломж олгодог. Ингэснээр эрлийз болон өөр насны морь уралдахаас сэргийлж,  уяачид асуудлыг  тогоондоо шийддэг байсан.  Тэгтэл энэ удаагийн “Нийслэлийн хурд” уралдааныг зохион байгуулахдаа  уралдах гэж байгаа морьдыг хэмжихдээ бөөнд нь бус  цувуулж оруулсан бөгөөд, морийг нь авч үлдээд,  уяачдад бусад  хурдан хүлгийг  харах боломж огт олгоогүй.  Ингэснээр  зохион байгуулагчид хурдан давхих боломжтой  морьдыг ямар нэг аргаар  уралдуулахгүй мөнгөтэй төгрөгтэй хүнд үйлчилэх хороо найруулсан.   Улмаар 30 гаруй морийг эрлийз, өндөрөөрөө тэнцэхгүй гэх мэтээр хассан байна.  

2.      Унаач хүүхдүүдийн хамгаалалтын  хэрэгсэл зохион байгуулах комисст таалагдахгүй бол шинийг худалдаж ав гэдэг шаардлага тавьсан байгаа юм.  Үнэндээ хамгаалалтын хэрэгсэл, малгай, өвдөгөвч, тохойвч үүргээ гүйцэтгэж л байвал заавал уралдааныг зохион байгуулах комиссийнхонд таалагдах албагүй. Хүүхдүүдийн  хамгаалалтыг  соль гэж шаардлага тавьсан газраас таван алхамын цаана нь  хамгаалалтын хэрэгслийг  зарж байгаа бөгөөд  заавал түүнийг л ав гэж тулгах.  Авахгүй бол тэмцээнээс хасагд гэж сүрдүүлснэн тохиолдол нэгээр дуусахгүй.

3.      Уралдаанд оролцогчдоос 60 000 төгрөгийг мандат, 15 000 төгрөгийг даатгалын  зориулалтаар хураасан. Өөрөөр хэлбэл нэг оролцогчоос нийт  75 000 төгрөгийг гаруулсан  хэрнээ төлбөрийн  баримт огт өгөөгүй.  Баримтын оронд уралдаанд орох  дугаар бүхий энгэрт зүүх хулдаасан хэвлэлийг  өгсөн байгаа юм.  Харин  уралдааны зохион байгуулах комисс  үзэмжээрээ  30 гаруй морийг хасахдаа  унаач хүүхдийн мөнгөний баримт болох дугаартай  хулдаасыг  нүдэн дээр нь ураад хогийн саванд хийчихэж байгаа юм.  Энэ нь асуудал үүсээд  тухайн унаач хүүхдийн унаж байгаа морь уралдахаар болчихбол  ямар ч хамаагүй аргаар болиулах  санаатай, зохион байгуулалттай  явуургүй  үйлдэл  гэдгийг уяачид хэлж байна. Нөгөө талаас оролцогчийн  гол баримтыг  ингэж устгахаар  эргээд  гомдол нэхээд, асуудал үүсгэх боломжгүй болгож байгаа юм.

4.       Морины өндрийг хэмжихдээ анхнаасаа шударга бус ажилласан.  Хурдан морины өндөрийг хэмжихдээ  тэгш гадаргуутай газар хэмждэг.  Харин энэ удаагийн  уралдаанд  морины өндрийг  тэгш бус, налуу газар  хэмжсэн бөгөөд  гадаад үзэмжийг чухалчилсан байгаа юм.  Яг энэ хэмжилтээс болж  эрлийз бус  жинхэнэ Монгол адуу уралдаанаас  ёс бусаар хасагдсан.   Энэ нь  уяач,   адуучин,  унаач хүүхдийн хичнээн сарын хүч хөдөлмөр, гол нь хичээл, сэтгэл зүтгэлийг  үнэлэлгүй  хүний сайхан сэтгэл рүү ус цацсан хэрэг юм.

5.      Морийг нь хассанд 30 гаруй уяач  эгдүүцэн “ямар үрээг хасаж, ямарыг нь оруулж байгаа юм,  зохион байгуулах комисстой  уулзаж ярилцъя” гэхэд цагдаагаар баривчлуулна гэж сүрдүүлжээ. Хасаж байгаа юм бол  хураамжний мөнгөө авъяа гэхэд  зохион байгуулах комиссынхон нь алга болчихсон байна.  Улмаар  морины комисстой уулзахаар 30 гаруй уяач 2 км алхан  очиход гэрт хоол идээд  яах нь мэдэгдэхгүй суучихсан байна. Ингээд цаг гаруй уяачдыг  хүлээлгэсний эцэст, амнаасаа алт унагах гэж байгаа мэт дуугүй байсны эцэст шүдээ чигчлэнгээ  “Комисс хуралдаж байж  асуудлыг шийдэх  байх”  гэдгийг амандаа бувтанаж, албан бусаар   хэлсэн байгаа юм.  

6.      Хамгийн ноцтой алдаа бол тэгш бус газарт хэмжилт хийж, болноо гээд уралдуулсан морьдын зарим нь эрлийз үрээ байсан бөгөөд асуудал үүсгээд ирэнгүүт айргийн тавд орсон таван эрлийз морины гурвыг нь уралдаанаас хассан байна. Үнэхээр  ингэж хасах л байсан юм бол 30 гаруй  уяачийн  сойсон үрээг  яах гэж  тэмцээнээс хассан юм бэ?  Тэмцээнээс хасагдсан тэдгээр  үрээн дунд эрлийз морь ганц нэг харагдаж байсныг эс тооцвол бүгдээрээ л асуудалгүй  хурдан үрээ байсан.

Энэ бүхнээс үзэхэд НМСУХ-ны  тэргүүн М.Мөнхбаясгалан хурдан үрээг ямар ч хамаагүй аргаар  хасаж, мөнгөтэй төгрөгтэй эрхэмд үйлчилдэг юм байна гэсэн хардлагыг эрхгүй төрүүлж байна.  Уяачид сэтгэл, зүтгэл,  мөнгө, цагаа үрэн  байж  морь уяж байхад  хэн нэгэн нь бусдад үйлчлэхийн  төлөө  ийнхүү аашилж байгаа  энэ цаг үед НМСУХ-ны  тэргүүн М.Мөнхбаясгалан та яагаад чимээгүй  байна вэ?  

Уул шугамдаа тэмцээнд оролцохдоо хэд дугаартай, хэний ямар үрээг, яагаад тэмцээнээс хассанаа олон нийтэд  мэдэгдэж, тэдгээрийн хураамжийг эргүүлэн өгч,  уралдаанд оролцогчдоос уучлалт гуйх ёстой юм.  Хэмжиж хэмжиж уралдуулсан  гурван ч  морь эрлийз байгаад  тэмцээнээс хасагдчихаад байхад  яагаад шударга бус байсныхаа төлөө  олон нийтийн мэдээллийн  хэрэгслээр  уучлалт гуйхгүй байна вэ?  Хэрвээ  НМСУХ-ны тэргүүн М.Мөнхсайхан  албан ёсны мэдэгдэл хийхгүй  бол энэхүү шударга бус үйлдэл нь  зохион байгуулалттай залилангийн  хэрэгт тооцогдох бөгөөд  Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээх юм.  

Тиймээс  М.Мөнхбаясгалан,  уралдааныг зохион байгуулсан комисс  албан ёсны тайлбараа хийж, цаашид  ийм  будлиан гаргахгүй байхад анхаарч ажиллах ёстойг уяачид анхааруулан, шаардаж байна.

 

Т.Энгүүн