БОДИТ БАЙДАЛ

Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт 2025 он хүртэл нийслэлийн агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулна гэж заасан. Энэ дагуу өнгөрсөн жилээс “Таван толгой түлш” компани сайжруулсан түлш үйлдвэрлэж, иргэдийн хэрэглээнд нэвтрүүлээд буй.

Өнгөрсөн өвлийн тухайд агаарын бохирдол харьцангуй бага байсан хэдий ч туршилтаа тооцоогүйгээс иргэд олноороо угаартаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тиймээс энэ жил угаартаж үхэх үү, бээрч суух уу гэдэг айдастай өвлийн хүйтнийг угтах нь. Гэвч өвөлтэй золгоогүй энэ цаг үед угаарын хийн аюулаас илүүтэй “өнөөдөр түлшээ хаанаас олох вэ” гэсэн асуудалтай иргэд нүүр тулж байна. Баянзүрх дүүргийн иргэн Т.Дулам гуай “Даараад байна, амьдрал үнэхээр хэцүү, мөнгө цаас нь ч хүрэхгүй юм. Дээрээс нь сайн түлш нь олигтой асахгүй. Нэг асаад л тэр дороо унтарчихна. Нэг шуудай нүүрс өдөртөө л дуусчихдаг. Гэвч хэвтрийн хөгшин байдаг болохоор дулаан байх хэрэгтэй байдаг” хэмээн цөхрөнгөө барсан янзтай ярьж байв.

Өнгөрсөн жилийн өдийд иргэд мөн л шахмал түлшний эрэлд гарч, түлш олдохгүй цаасан хайрцаг түлж байна хэмээн гомдол мэдүүлж байсан. Анх удаа хэрэгжиж буй ажил учраас алдаа, оноотой байх нь мэдээж. Гэвч энэ жилийн тухайд асуудал арай өөрөөр яригдана. Намрын урь орсон есдүгээр сарын дунд үед өмнөх алдаагаа засаад, хэдийн түлшээ хангалттай хэмжээнд үйлдвэрлэж, цэгүүдээрээ тараагаад, үлдсэнийг нь нөөцөлсөн байх ёстой. Соц нийгмийн үед амьдарч байгаа биш дээ ганц шуудай түлш авахын тулд Улаанбаатарыг хөндлөн гулд туулуулмааргүй байх юм.

Чингэлтэй дүүргийн иргэн Т.Баясах “Шахмал түлш хомс, ядахад мод хүртэл олдохгүй байна. Шөнөдөө нэлээд хүйтэн хонож байгаа. Манайх 2-12 насны гурван хүүхэдтэй. Хөнжил, гудсаа давхарлаж нөмрөөд одоохондоо нэг юм болж байна. Харин нялх нойтон хүүхэдтэй айлууд яаж байгаа бол. Даарч байна гээд арай гэж хатгасан хашааныхаа банзыг аваад, түлэлтэй биш. Цаасан хайрцаг нэг дүрэлзээд л унтарчихаж байна. Шахмал түлш хайж явсаар арай гэж нэг борлуулах цэг олохоор нэг хүнд их хэмжээгээр өгөхгүй гэнэ. Уг нь нэг олдсон дээр нь нөөцлөөд авмаар байвч илүүг өгөхгүй гэж хясна. Мөн картаар биш бэлэн мөнгөөр түлшээ авдаг болмоор байна. Долоо хоногт зургаан шуудай түлш өгдөг нормтой. Энэ нь хаанаа ч хүрэхгүй. Бид өвөл ч болоогүй байхад зутарч байна” гэв.

Нэг өрх картаараа нэг удаа ердөө зургаан шуудай түлш авах эрхтэй. Нэг шуудай нь 25 кг бөгөөд энэ нь долоо хоногийн хэрэгцээ. Чөлөөт зах зээлийн нийгэмд дээд тал нь зургаан шуудай түлш өгнө гэдэг нормыг хэн гэдэг их мэдэгч гаргасан юм бол? Тэр хүнээс, “Та энэ нормоо гаргахдаа гэр хороололд долоон хоног амьдарч үзсэн үү, өөрийн амьдралд туршсан уу” гэж асуумаар байна. Тэрчлэн картын барааны үе шиг заавал карттай хүнд л түлш олгоно, картгүй бол өгөхгүй, өгч болохгүй гэж шахаж шаардаж тэнэгтэхээ болимоор. Мэдээж аливаа харилцаа, үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд хууль, дүрэм журам байлгүй л яах вэ. Толгойтой бүхэн нь чөлөөт ардчилсан нийгэмд амьдарч байгаа гээд дур дураар авирлаад байж болохгүй. Гэхдээ иргэдийн амьдрах, цаашлаад амьд явах эрхтэй холбоотой ийм нарийн ширийн асуудалд анхнаас нь тооцоо судалгаатай, ул суурьтай хандах ёстой баймаар сан.

Сонгинохайрхан дүүргийн түлш борлуулагч эмэгтэй “Өдөрт нэг цэг дээр төвлөрдөг таван тонн түлш ердөө гурав хүрэхгүй цагийн дотор дуусчихдаг. Түлш худалдах цэгүүдэд картгүй иргэд ирээд 2-3 шуудайг өгчих гэж гуйдаг. Даараад байна, гэвч карт байдаггүй ээ гээд үнэн учраа хэлээд ирж буй хүнийг яалтай билээ. Өгөөд л явуулдаг. Гэтэл карт шалгагч гэсэн баахан хүмүүс ирээд “Карт уншуулахгүй бол танай цэгийг хаана шүү, дараагийнх нь бэлэн байгаа” гэж дарамталдаг” гэлээ. Нэг хэсэг нь амь зуух гээд ядаж байхад нөгөө нь дарамтлах гэж үздэг увайгүй үзлээсээ одоо салмаар байна, дарга нар аа. Ёс зүй, хэм хэмжээ гэж байдаг бол лав иргэдтэй биш дарга нартай л яригдана. Энэ бол жижиг биш том асуудал. Шахмал түлшний эрэлт, хэрэгцээ ийм өндөр байгаа энэ цаг үед цаасан малгай өмссөн хурган дарга нар Төрийн ордонд суугаа түшмэдүүдэд дүр эсгэсэн мэдээлэл өгөөд сууж байх юм. Энэ тухай дор өгүүлнэ.

ДҮР ЭСГЭЛТ

Өнгөрсөн даваа гарагт Төрийн ордонд болсон УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны “Агаарын бохирдлын эх үүсвэр, түүнийг хэрхэн бууруулах талаар авч хэрэгжүүлж, буй арга хэмжээ”-ний талаар мэдээлэл сонсох уулзалт дээр ийм тоонуудыг өгүүлжээ. Үүнд, өнгөрөгч жил сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлж галлагааны горимд өөрчлөлт оруулснаар агаарын бохирдлуудын тодорхой үзүүлэлтүүдийг 50 хувь хүртэл бууруулсан гэнэ.

Тэрчлэн нийслэлийн хэмжээнд 2018 оны арваннэгдүгээр сараас гэр хорооллын айл өрхийг сайжруулсан түлшээр хангаж, 35.370 айл өрхийг цахилгаан болон бусад эх үүсвэрт, 60 уурын зуухыг төвлөрсөн дулаанд, тусгай зөвшөөрөлтэй 400 хэрэглэгчийг цахилгаан хангамжид, 1740 халаалтын зуухыг сайжруулсан түлшээр, 109 аж ахуйн нэгжийн 236 халаалтын зууханд утаа шүүгч, 248 зуухыг цахилгаан халаалтад шилжүүлжээ. Ингэснээр нийт 78 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бодитойгоор бууруулсан аж. 2019-2020 оны халаалтын улиралд нийт 524 мянган тонн сайжруулсан түлшийг гэр хорооллын айл өрх хэрэглэсэн хэмээх мэдээллийг өгөв.

Тэрчлэн картын барааны үе шиг заавал карттай хүнд л түлш олгоно, картгүй бол өгөхгүй, өгч болохгүй гэж шахаж шаардаж тэнэгтэхээ болимоор. Мэдээж аливаа харилцаа, үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд хууль, дүрэм журам байлгүй л яах вэ. Толгойтой бүхэн нь чөлөөт ардчилсан нийгэмд амьдарч байгаа гээд дур дураар авирлаад байж болохгүй.

Цааш нь, сайжруулсан түлшний борлуулалтын урамшуулалд дөрвөн тэрбум төгрөг, тээвэрлэлтийн зардалд 8.9 тэрбум төгрөгийг нийслэлийн 2020 оны төсвөөс зарцуулсан ба нийслэлийн Засаг даргын захирамжаар сайжруулсан 72 мянган тонн түлшний нөөцийг бүрдүүлсэн гэжээ. Энэ өвөл түлш борлуулах 1000 цэг ажиллуулах бөгөөд 200 өрхийн дунд нэг борлуулалтын цэг ажиллуулахаар тооцсон гэдгийг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хэлсэн юм.

Энэ мэт сайжруулсан түлштэй холбоотой олон ажлыг төлөвлөж, хэрэгжүүлээд явж байгаа гэх чихэнд сонсголонтой тоо, баримтуудыг албан тушаалтнууд нь урсгаж байна. Ийм мэдээлэл сонссон ямар ч хүн шахмал түлшний эрэлт, нийлүүлэлт ямар ч асуудалгүй юм байна гэсэн ойлголтыг авахаар. Гэвч ам, ажлын зөрүү амьдрал дээр алд, дэлэм битгий хэл агуй шиг том зөрүүтэй байгааг Төрийн ордны түшмэдүүд ч мэдэхгүй, дүрэлзэж буй галтай сэлфиддэг Д.Мөнхжаргал мэтийн “төгсөрсөн” дарга нар ч ойлгохгүй явна.

ЭЦЭСТ НЬ...

Эцсийн эцэст төр төлөөлж суугаа дарга нар цаасан дээрх тоотой биш цөхөрсөн ард түмэнтэйгээ нөхөрлөмөөр байна. Удахгүй орон нутгийн сонгууль болно. Автомашины түгжрэл, агаарын бохирдол бол манай хотын мөнхийн сэдэв, толгойны өвчин болдог. Агаарын бохирдлыг бууруулахаар хичээл зүтгэл гарган ажиллаж байгааг нь ойлгож байна. Сайн байна. Гэхдээ сайн ажиллалаа гээд сая төгрөгөөр өөрсдийгөө шагнадаг байж боломгүй. Та бүхэн нэгэнтээ биднийг төлөөлж ажиллана гээд ам өчгөө өгөөд сонгогдсон, ажлаа л хийж байгаа. Үүнийгээ ч ухамсарлах хэрэгтэй. Харин нэгэнтээ хариуцсан бол ажлаа хийсэн шиг хийх хэрэгтэй. Түүнээс биш ажлаа хийж байгаа дүр эсгэж энд тэнд очиж сэлфи хийж, иргэдийн хандивласан мөнгөнөөс хумслаад байж болохгүй. Тиймээс Төрийн ордонд суугаа “том” даргад, “Хангарьд” ордонд заларсан хурган дарга нарт хандаж хэлэхэд, албан тасалгааныхаа цонхоор ардын амьдралыг тольдох бус ширээнээсээ нэг өдөр ч болов ховхорч, түлш олдохгүй бээвийж суугаа ард түмнийхээ бодит байдалтай танилцана уу.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН