ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа болон ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Шинээр илэрсэн тохиолдлуудын маршрутыг тодорхой болгож өгөхгүй юу?

А.Амбасэлмаа: -Шинээр илэрсэн тохиолдлууд бол түрүүчийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал буюу тусгаарлагдсан байсан хүмүүс юм.

Түүнээс биш гадуур байгаа хоёр дахь хавьтал болон хаа хамаагүй хүмүүсээс одоогоор коронавирусийн халдвар илрээгүй.

Халдвар авсан хүний гэрийн хаягийг зарлах шаардлагагүй. Учир нь тусгаарлалтад авсан учраас тэндээсээ хавьтлуудыг илрүүлж байгаа гэсэн үг.

-Шинжилгээ өгч байгаа хүмүүс хаанаас өгч байгаа вэ?

А.Амбасэлмаа: -Нийслэлийн хэмжээнд коронавирусийн сорьц, шинжилгээ авах 18 цэг ажиллаж буй. Тус цэгүүдэд өөр шинж тэмдэг илэрсэн, халдвар авсан байх эрсдэлтэй иргэд очиж шинжилгээ өгч байгаа.

Д.Нарангэрэл: Дээрх 18 цэгээс гадна Эрүүл мэндийн төвүүдэд шинжилгээ авч байгаа. Ингэхдээ заавал утсаар буюу 119 дугаараар цаг өгч байна. Учир нь хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийхэд нэг хүнд 30-40 минут зарцуулагддаг.