Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргий, санал бодлоо хуваалцах хүнгүй захиа бичиж сууна. Олон юм нуршилгүй гол асуудалдаа оръё.

Би гадаадад олон жил болж байгаа, энд ирээд 2 дахь амьдралаа эхлүүлсэн, би урьдны амьдралаасаа нэг хүүтэй, (миний баяр баясгалан) харин нөхөр 2 хүүхэдтэй, би 2 хүүхэдтэй нь уулзаж үзээгүй, өөрөө уулзуулж танилцуулъя ч гэж боддоггүй юм шиг байгаам. Нөхөр минь надаас 7 ах, харин би 38-тай, энэ олон жил амьдраад дундаасаа хүүхэдгүй, яагаад гэвэл нөхөр хүсдэггүй. Энэ асуудлаар олон жил сэтгэлээ зовоож амьдарч байна. Хүү маань дүүтэй болгохыг байнга гуйна, одоо ч өөрөө том болчлоо л доо. Нөхөр болохоор хэн хэн нь хүүхэдтэй юм чинь дахиж хүүхэд гаргах шаардлага байхгүй, дахиад хүүхэд гаргавал түрүүчийн хүүхдүүдээ юманд хүргэж чадахгүй гэсэн үзэлтэй, өөрөөр хэлбэл надаас гарсан хүүхдээс болоод тэрний 2 хүүхэд ядуу зүдүү зовж амьдрах болчих юм гэнээ.

Өөрийнх нь хүүхдүүд хосоороо ханьтай болохоор хүү бид 2-н хүсэл, зовлонг энэ хүн даанч ойлгохгүй юм даа. Уг нь бол одоо амжаад нэг хүүхэд гаргачихвал болох л нас гэж бодоод байгаам. 40 хүрчихвэл ээж биш эмээ болохоо бодсон нь дээр байлгүй дээ, суусан цагаасаа эхлээд тэрний хүүхдүүддээ мөнгө өгч тэжээж тэтгэх асуудалд нь нэг ч удаа оролцож байсангүй. Эцэг нь өгөх ёстой юм чинь өөрөө л тэр асуудлаа зохицуулж байг гээд, хааяа л хүүхдүүддэ мөнгө өгч утсаар ярьж байгаа юу гэж л асуудаг. Би өөрөө охин хүүхдэд хайртай болохоороо хааяа охинд хөөрхөн хувцас аваад явуулдаг байлаа. Гэтэл өчигдөр эндэхийн татвартай холбоотой бичиг баримт бүрдүүлж өгөх хэрэг гараад Монголоос хүүхдүүддээ өгдөг мөнгөний дансны хуулга авсан юм л даа. Миний бодож байснаас өөрийнх нь хэлж байснаас хол их мөнгийг өгдөг байсныг нь мэдлээ.

Эм хүн л болсон хойно богино ухаан нь дийлж уурлаж хонолоо, миний байдлыг ч нөхөр гадарлаж дуугүй л байна, өглөө босоод хатан ухаанаа шавхаад өөрөө чадаж л байвал яахав дээ гэж уужуухан бодлоо, гэхдээ яагаад бид 2 дундаасаа хүүхэдтэй байж болохгүй юм гэж бодохоор гомдоод салчихмаар санагдах юм. Энэ асуудлаас бусдаар бол нөхөр бид 2 проблем байхгүй, надад хайртай, халамжтай, ажилсаг, өөрийн гэсэн жижигхэн компанитай, сексийг байнга гоё хийж өгдөг, архи тамхи хэрэглэдэггүй. Хүүхний асуудал бүр ч байхгүй, өдөр шөнийн 24 цагт хамтдаа ажил төрлөө хийгээд, гэнэт гэнэт сюрпрайс хийж намайг гайхшруулна. Яг л бурхнаас надад зориулагдсан хүн юм шиг. Эрүүл мэндийн тал дээр муу юм байхгүй, жилд нэг удаа бүрэн шинжилгээнд ордог, хамтдаа спортоор хичээллэж гүйдэг. Миний бие хүүхэд тээж төрүүлэхэд хэвийн, хордлого л өгөх биз, зөндөө ээжүүд хордоод л тэсээд л тээгээд л гаргадаг шүү дээ. Би өөрөө хүүгээ бас л тэгж төрүүлсэн, нөхөр минь ийм бодолтой итгэл үнэмшилтэй яагаад ч ойлгохгүй юм.

Заримда хэлэхдээ өөрийнхөө насыг хөгшинд тооцдог, тэр байтугай насны хүмүүс хүүхэдтэй болоод л байх юм. Би нөхрөө энэ жил л ятгаж жирэмсэн болохгүй юм бол миний нас ч бас хэцүүдлээ. Хүүгээ яасан ч байсан төрсөн дүүтэй болгочих юмсан гэж маш их хүсч байна. Ер нь хүнд хүн л хэрэгтэй гэж би боддог, тэр тусмаа өөрийн төрсөн ах дүү, би нөхөртөө яаж ойлгуулах вэ? Над шиг ийм асуудалд орж байсан хүн байдаг болов уу? Би уурлаж туниж, сална явна гэж айлгаж ч үзлээ, хэрвээ үнэхээр зөрүүдлээд байх юм бол үнэнээсээ салдаг ч юмуу гэж бодогдох боллоо. Ганцхан амьдрах амьдралдаа хэд салах болж байна даа. Хүүхдийн тухай бодонгуут л цээж руу огшоод нөхрөө харахаас дургүй хүрээд амиа хичээсэн өөдгүй амьтан гээд бодох юм.

Зөвхөн өөрийнхөө 2 хүүхдийг л бодож амьдарч яваа ч юм шиг санагдах юм. Хүний амьдрал тэгширдэггүй гэж үнэн юм байх даа. Залуудаа хэд хэдэн хүүхэд гаргаж байх минь яав даа гэж харамсаж суух юм даа…