Өчигдөр буюу 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн  22 дугаар хороонд байрлах тус дүүргийн эмнэлэгт хэвтэж байсан иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Тодруулбал, тус дүүргийн 9 дүгээр хороонд оршин суудаг 18 настай иргэн Б-ээс коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор Баянзүрх эмнэлгийг холбогдох албаны алба хаагчид хамгаалалтанд аваад байна. Мөн ХӨСҮТ-өөс шинжилгээний багийн ажилтнууд ирж тус эмнэлгийн Доторын тасаг, Амьсгалын замын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтнүүд болон ажилчин, алба хаагч нарын 200 орчим иргэдээс шинжилгээ авчээ. Улмаар анхны хавьтал 23 иргэнийг тогтоож ХӨСҮТ-рүү авч явж байгаа аж.

Мөн халдвар илэрсэн иргэнтэй хамт эмнэлэгт нэг өрөөнд хэвтэж байгаад гарсан Баянзүрх дүүргийн 27- р хорооны иргэнийг тогтоон, арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тухайн иргэн нь ХӨСҮТ-н Сүрьеэгийн тасагт ажилладаг эгчтэй уулзсан бөгөөд тус газраас халдвар авсан байж болзошгүй хэмээн таамаг дэвшүүлж байгаа юм.

Албан бус мэдээллээр тухай иргэн нь халдвартай тохиолдлын ойрын болон дам хавьтал биш бөгөөд шинэ голомт байж болзошгүй гэж яаралтай арга хэмжээ авчээ.