Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы (2020.12.24) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцсэн.

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар гишүүд төсөл санаачлагчийн илтгэл, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт, тайлбар мэдээлэл авсан.

 Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Т.Доржханд, О.Цогтгэрэл, Х.Булгантуяа, Г.Ганболд, Ч.Ундрам, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авсан. Дараа нь төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар, С.Ганбаатар, Х.Ганхуяг, Н.Энхболд, Ш.Адьшаа, С.Чинзориг, Т.Доржханд, Ц.Туваан нар байр сууриа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулсан. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.

 

Хуулиудыг баталлаа

 

    Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 68 гишүүний 52 нь 76.5 хувийн саналаар дэмжиж баталлаа. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг батлахыг гишүүдийн олонх дэмжснээр батлагдав. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн 65.2 хувиар дэмжиж, хууль батлагдлаа. Хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг баталсан юм. 

 

 

 

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

 

    Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцууллаа.

 Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл тогтоох тухай” 19 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

 

 

 

 

    Байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа дээрх хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн байна. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар төслийн 1 дүгээр зүйлийг Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор, Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно гэж өөрчлөн найруулах, төслийн 2 дугаар зүйлийг Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг” гэснийг хасах гэж өөрчлөн найруулах, хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авав. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйл буюу хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийг “21.1.Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно”, “21.2.Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно.” гэж өөрчлөн найруулахыг дэмжсэн. Мөн хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахыг тус тус дэмжив.

 

 

Түрээсийн төлбөрөө бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

 

    Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр нэгдсэн хуралдаан үргэлжилсэн юм. Засгийн газар 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол шинээр нэмэгдэж, халдвар хүн амын дунд тархах эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Иймд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдвар тархалтыг хязгаарлах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар олон нийтийг хамарсан хөл хорио тогтоох, тодорхой үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрийг гаргасан. Олон нийтийг хамарсан хөл хорио, хязгаарлалтын улмаас түрээслэгч, түрээслүүлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл үүсэж, орлого тасалдах, улмаар дотоодын худалдаа, үйлчилгээ хумигдах, эдийн засгийн өсөлт саарах зэрэг эрсдэлүүд үүсэж болзошгүй тул хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд Засгийн газраас санаачилж Улсын Их Хурлаас 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж, 2020 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэхээр тусгасан байна.

 

 

 

    Хуулийн төсөл батлагдсанаар коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй бизнесийн үйл ажиллагаанд нь хүндрэл учирч буй түрээслэгч түрээсийн төлбөрөө бууруулж иргэд, аж ахуйн нэгжүүдийн түрээсийн төлбөрийн ачаалал буурч, улмаар бизнесийн орчин, эдийн засагт дэмжлэг үзүүлнэ хэмээн төсөл санаачлагч үзжээ. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулав. Байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

 

 

 

    Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, О.Цогтгэрэл нар асуулт асууж, Сангийн сайд болон Төсвийн байнгын хорооны даргаас хариулт, тайлбар, мэдээлэл авав. Дараа нь Улсын Их Хурлын гишүүд төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж үг хэллээ. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 67 гишүүний 76.1 хувь нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

 

Татварын алданги, торгуулиас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

 

    Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэв. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг, Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав.

    Засгийн газраас коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөл байдал үүсэж олон нийтийг хамарсан хөл хорио, хязгаарлалтын улмаас иргэд, аж ахуйн нэгжүүд хуулиар ногдуулсан албан татварыг хуульд заасан хугацаанд төлөхөд хүндрэл үүсэж албан татварын өр, төлбөр хуримтлагдах нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байгаа тул 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд ногдуулах татварын алданги, торгуулиас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулжээ. Төсвийн байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн 64.3 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

 

 

    Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ц.Даваасүрэн, Н.Алтанхуяг, С.Амарсайхан, Ж.Ганбаатар, С.Ганбаатар, Ж.Батжаргал нар асуулт асууж, Сангийн сайд болон Төсвийн байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авав. Үргэлжлүүлэн гишүүд төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 67 гишүүний 42 нь буюу 62.7 хувийн саналаар Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ. Төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн Улсын Их Хурлын гишүүдийн олонх үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн.

 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг алданги, торгуулиас чөлөөлөх хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

 

    Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулав.

 

    Монгол Улсын Засгийн газраас Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Бүх нийтийм бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолын дагуу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулж, тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг алданги, торгуулиас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулжээ.

 

 

 

    Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн даатгалын шимтгэлийг хэдэн пунктэзр бууруулан тооцвол аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоолгүй ажлын байраа хадгалан энэ цаг үеийг даван гарах талаас нь тооцож асуудалд хандах хэрэгтэй, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудал үр дүнтэй эсэх талаар тодорхой мэдээллийг сонсох нь зүйтэй, мөн цахилгаан, дулааны үнийг чөлөөлсөн нь аж ахуйн нэгж, байгууллагуудад бодитой дэмжлэг болсон учраас цаашид үр ашигтай талаас нь хэрэгжүүлэх боломжийг хангаж ажиллах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан байна. Төсвийн байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг 71.4 хувийн саналаар дэмжсэн байна.

 А.Ариунзаяа сайдын танилцуулга, Б.Жавхлан гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Батжаргал, С.Амарсайхан, С.Ганбаатар нар асуулт асууж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Төсвийн байнгын хорооны сайдаас хариулт, тайлбар авсан. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, С.Амарсайхан, С.Ганбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.  Үргэлжлүүлэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.2 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

 

 

 

    Дараа нь Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан энэ долоо хоногт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн талаар танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус өргөн мэдүүлсэн байна