Коронавирусийн цар тахал нийслэлд идэвхжиж, Баянзүрх дүүрэгт гарсан шинэ голомтын улмаас Улаанбаатарт 14 хоногийн хөл хорио тогтоосон билээ. Энэ хугацаанд иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээс гарахгүй байхыг холбогдох албаныхан уриалж буй.

Гэхдээ 15 чиглэлийн байгууллага ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа учраас тэдэнд үйлчлэх нийтийн тээвэр явах нь зүйн хэрэг. Гэхдээ хэтрүүлсэн бололтой. Өнөөдрийн байдлаар нийслэлд 900 гаруй автобус, 800 орчим такси үйлчилгээнд явж байгаа нь хөл хорио тогтоосон үед ахадсан тоо болов уу. Дээрээс нь мэргэжлийн байгууллагаас автобусаар аль болох явахгүй байхыг зөвлөж байгаа тул иргэд ямар нэгэн аргаар хувийн унаагаар хоол хүнсээ цуглуулахаас эхлээд аахар шаахар ажлаа амжуулж явна. Иргэдийнхээ хөдөлгөөнийг хорьсон атлаа энэ олон нийтийн тээврийг ямар ч үр ашиггүй явуулж байгааг гайхмаар.

Иргэд нь гэртээ, харин хотын замаар дүүрэн хоосон автобус холхиж явна. Дээд байгууллагаас өгсөн даалгавар учраас тэд хоосон ч байсан нормоо л биелүүлэх үүрэгтэй. Такси ч мөн адил. Бөөн шаталт. Зорчигчоор орлогождог автобус болон такси баазуудыг ингэж “шатаахын” оронд арай өөр зохицуулалт хийж болмоор. Тэртээ, тэргүй мэргэжлийн байгууллагаас нийтийн тээврээс татгалзахыг уриалж байхад тэднийг бүрэн хүчин чадлаар ажиллуулах шаардлага алга.

Хүнсээ цуглуулах, эмнэлгээр үйлчлүүлэхдээ хувийн унаагаа илүүд үзэж буйгаа учраас үүнд л зохицуулалт хийвэл илүү үр дүнтэй. Автомашиныг тодорхой хуваарийн дагуу хөдөлгөөнд оролцуулах нь хоосон автобус хотоор явуулахаас илүү үр дүнтэй. Халдвараас ч сэргийлэх найдвартай аргуудын нэг. Нийтийн тээвэр бол хамгийн эрсдэлтэй. Тиймээс УОК, НОК шийдвэрээ эргэн нэг харахад илүүдэхгүй биз. Эмнэлэг орохын тулд иргэд хүүхдээ тэврээд автобусанд суухгүй нь ойлгомжтой.

 

Б.Зул

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин