Өнөөдрийн хуралдаанаар 30 орчим асуудал хэлэлцэж байгаагаас эхний шийдвэрүүд гарсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр тусгаарлах байранд байгаа алба хаагчдын зардлыг шийдвэрлэжээ.

Тухайлбал, ажлаа хийж яваад коронавирусийн халдвар авсан эмнэлгийн ажилтнуудад дөрвөн сая төгрөг олгохоор болсон байна. Энэ мөнгөн тусламжийг цаашид ч нэмэхийг Засгийн газрын тэргүүн үүрэг болгожээ. Мөн Хүүхдийн төлөө фонд байгуулах эх үүсвэрийг шийдсэн байна. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн ажилтнуудын дунд гарсан халдварын тоо 29 байгаа. Үүнээс 17 нь ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт илэрсэн бол 12 нь Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилтнууд.

Ажиллаж байхдаа халдвар авсан эмч, эмнэлгийн ажилтнуудад 10 сая төгрөгийн урамшуулал өгсөн гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэллээ. Үүн дагуу одоогийн байдлаар 65 хүнд тус бүр 10 сая төгрөгийн урамшуулал олгоод байгаа аж.

Түүнчлэн коронавирусийн халдвартай хүмүүстэй харьцаж ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад 5 сая төгрөг, тусгаарлах байр. лабораторид ажиллаж байгаа, коронавирусийн шинжилгээ авч байгаа 1800 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудад 800 мянган төгрөгийн урамшуулал олгосон байна.

Өнгөрсөн хугацаанд 14000 эмч, эмнэлгийн ажилтнуудад 8.8 тэрбум төгрөгийн илүү цагийн цалин олгосон гэдгийг салбарын сайд хэллээ.