Блүүмбэрг агентлаг дэлхийн улс орнуудын коронавирусийн эсрэг вакцины захиалгын талаар тоо баримтыг нэгтгэж мэдээлжээ.

Уг мэдээлэлд өгүүлснээр дэлхий даяар нийтдээ 8.25 тэрбум тун вакцины захиалга хийгдээд байгаа аж. Хэрвээ тэгш хуваарилбал энэ нь дэлхийн хүн амын талаас илүү хэсгийг дархлаажуулах хэмжээний вакцин юм байна. Гэхдээ баян чинээлэг орнуудын зарим нь хүн амаа хэд дахин дархлаажуулах вакцин захиалаад байгаа бол ядуу буурай орнууд хүн амынхаа багахан хэсгийг хамруулах тооцоотой байгаа юм. Тухайлбал 38 сая хүн амтай Канад улс 112 сая хүнийг хамруулах хэмжээний вакцин захиалж, дэлхийн улс орнуудыг тэргүүлжээ. Үүнд ДЭМБ-ын Covax хөтөлбөрөөс хуваарилах вакцин ороогүй гэнэ.

Монгол улсын хувьд одоогоор 165,000 хүнийг дархлаажуулах хэмжээний вакцин захиалаад байгааг Блүүмбэрг мэдээлжээ. Энэ нь Монгол улсын хүн амын 5 хувь болж байна. Вакцин үйлдвэрлэгчдээс AstraZeneca/Oxford нийт 1.46 тэрбум хүнийг дархлаажуулах хэмжээний захиалга авч тэргүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй энэ холбоосоор танилцах боломжтой.