Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан коронавирусийн халдварт цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.  Энэ үеэр түүнээс хөл хориог цаашид сунгах магадлалын талаар тодруулахад "Хөл хориог 2021 оны нэгдүгээр сарын 6-ныг хүртэл тавьсан.

Нөхцөл байдал цаг цагаар өөрчлөгдөж байна. Өмнө хэлсэнчлэн ард иргэдийн дунд явж байсан 18 хүнээс коронавирусийн халдвар батлагдсан. Бид эрсдэлийн үнэлгээг хийж байна.

Маргааш 11 байгууллага хамтран эрсдэлийн үнэлгээг хийнэ. Эрсдэлийн үнэлгээгээр хөл хориог сунгах магадлал өндөр байна" хэмээв.

Улсын Онцгой комисс болон Засгийн газар Даваа гарагт хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг эцэслэн шийднэ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан

 "Баянзүрх дүүргийн эмнэлэгт томоохон хэмжээний голомт үүссэнтэй холбоотойгоор тус дүүрэгт өргөжүүлсэн тандалт шинжилгээг хийж ажилласан. Энэ хүрээнд 85 мянган өрхөөс шинжилгээ авсан. Ингэхэд дүүргийн нэгдсэн эмнэлэгт ямар нэг холбоогүйгээр халдвар авсан тохиолдол гараагүй байсан. Гэвч ойрын хоёр өдөр голомттой холбоогүйгээр халдвар илэрсэн тохиолдол гарлаа. 

Одоогоор эх үүсвэр тодорхойгүй дөрвөн голомт гарсан. Тухайлбал, Мөнххада компани, Баянзүрх дүүрэгт хийсэн шинжилгээнд ирсэн гэр бүлийн хоёр хүн, Баянгол дүүрэгт сайн дураар шинжилгээ өгсөн хоёр хүн, Баянзүрх дүүрэгт биеийн дархлаа султай нэг хүнээс мөн халдвар илэрсэн. Ингэснээр эх үүсвэр тодорхойгүй дөрвөн голомт гараад байлаа. Өөрөөр хэлбэл, ард иргэдийн дунд байсан 18 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн эх үүсвэрийг судалж үзэхэд Баянгол дүүрэгт сайн дураар шинжилгээ өгсөн хоёр иргэн болон Баянзүрх дүүрэгт шинжилгээ өгсөн нэг гэр бүлийн халдварын эх үүсвэр нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгээс улбаатай нь тогтоогдсон. Харин дархлаа султай, гэртээ ганцаараа амьдардаг ахмад настан болон Мөнххада компанийн ажилчид ямар эх үүсвэрээс халдвар авсан нь тогтоогдоогүй хэвээр байна" гэлээ.